БНХАУ-ын Синьган боомтынхон өдөрт хөдөлгөх галт тэрэгнийхээ тоог цөөлжээ. Тиймээс Монгол руу төмөр замаар тээвэрлэх ачаа бараа саатах нөхцөл байдал үүсээд байна. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо энэ талаар мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрнээр хүргэе.
2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн БНХАУ-ын төмөр зам Синьган боомтоос өдөрт хөдөлгөх галт тэрэгний тоог 1,5-2 болгон нэмэгдүүлснээр тус боомтод Монгол руу ачигдахаар хүлээгдэж байсан 4150 чингэлэг 2024 оны гуравдугаар сар гэхэд 2000 хүртэл буурсан. Гэвч гуравдугаар сарын сүүлээр өдөрт гарах галт тэрэгний тоог 1 болгон бууруулсантай холбоотойгоор
1. Синьган боомт дахь чингэлэг хүлээлгийн хоног дахин уртсах нөхцөл байдал үүсээд байна
2. Ачаа тээврийн идэвхжилтэй сарууд эхэлсэнтэй холбоотойгоор Синьган боомтод өдөрт 100-120 чингэлэг шинээр ирж байна. Сүүлийн үеийн мэдээгээр Синьган боомтод хүлээгдэж буй чингэлгийн тоо 3800 орчим болж нэмэгдсэн байна. Боомтын чингэлгийн бөөгнөрөл үүссэнтэй холбоотой дараах нөхцөл байдлууд үүсээд байна.
- •Синьган боомтын Монгол Улс руу илгээгдэх транзит ачаа хүлээж авдаг Xingong Bel, Wujesan хоёр өртөө нь нэмэлтээр чингэлэг хүлээж авах боломжгүй болж, дүүрсэн тул шинээр ирэх чингэлгүүдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Gang Wan өртөө рүү зөөвөрлөн түр хадгалах болсон байна. Дээрх хоёр 2 өртөөний ачаалал багасаж чингэлэг хүлээн авах боломжтой болсон үед Gang Wan өртөөний хадгалсан чингэлгүүдийг Xingang Bel, Wujesan өртөө рүү зөөвөрлөн вагонд ачна.
- Нэгж чингэлэг Монгол руу аялах галт тэрэгний хуваарийг хүлээн авах хугацааг дөрөвдүгээр сарын байдлаар 40-65 хоног болж уртсах төлөвтэй байна
- Ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор 5 capаас эхлэн нэгж чингэлэг Монгол руу аялах галт тэрэгний хуваарийг хүлээх хугацаа 60-аас дээш хоног болох урьдчилсан төлөвтэй байна.
Иймд та бүхэн яаралтай тээвэрлэх ачаануудыг авто машинаар тээвэрлэхээр зохион байгуулж, болж буй нөхцөл байдлыг харилцагч нартаа мэдэгдэнэ үү. Синьган боомтод ирсэн чингэлэг нэгэнт төмөр замын гааль хийгдсэн бол цуцалж автозамын гааль хийхийг Синьган боомтын гаалийн газраас хориглосон тул хэрэв автомашинаар тээвэрлэх бол чингэлгийг Синьган боомтод ирэхээс өмнө мэдэгдэх шаардлагатай байдаг.
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та бүхэнд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах болно.