АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай хоёр дахь цахим уулзалтаа зохион байгууллаа. “The Wicks Group Consulting” компани нь IASA аудитын тодорхой үе шатууд болон шаардлагуудын зааврыг танилцуулан, IASA зөвлөх үйлчилгээний төслийн нийт хэрэгжих хугацаа, эхний ээлжийн шаардлагатай баримт бичгийн жагсаалт, ажлын хэсэг, цахимаар явагдах хугацаа болон биечлэн үзлэг шалгалтын хуваарийг хэлэлцэн тохиров.
Тус компани нь цахим болон биечлэн үзлэг шалгалт хийх бөгөөд төслийн нарийвчилсан ажлын төлөвлөгөө, шаардлагатай баримт бичгүүдийн жагсаалт, цагийн хуваарь зэргийг бэлтгэн ИНЕГ-т хүргүүлэхээр төлөвлөсөн. Мөн ИНЕГ-аас ирсэн үндсэн баримт бичгүүдийн нарийвчилсан дүгнэлтийг хийж, үл нийцлүүдийг арилгах төлөвлөгөөг боловсруулан бэлтгэнэ. Цаашид IASA зөвлөх үйлчилгээний төслийн цахим уулзалтууд хэлэлцсэн хуваарийн дагуу долоо хоног бүр зохион байгуулагдах аж. Биечлэн үзлэг шалгалтын үеэр “The Wicks Group Consulting” компани нь ИНЕГ-ын байцаагчдын IASA аудитад хамрагдах бэлтгэлийг ханган ажиллах юм.