Нийслэлийн ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан өчигдөр боллоо. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн талаар авах арга хэмжээний тухай уг хурлаар хэлэлцсэн юм. Тус компанийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь мэдэлдээ шилжүүлэн авах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргалаа. Тодруулбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Т.Нямдаваа 2023 оны долоодугаар сарын 31-нд нас баржээ. Түүний хууль ёсны өв залгамжлагчид нь өвөөсөө татгалзах хүсэлтийг өнгөрсөн сарын 28-нд ирүүлсэн гэнэ. Үүний дагуу уг хүрээлэнг орон нутгийн өмчид шилжүүлж, газрыг нь тусгай хэрэгцээнд аван, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчлөх аж.
Төв цэнгэлдэх хүрээлэнг 1959 онд ашиглалтад оруулжээ. Уг нь анх 38.6 га газартай байсан гэнэ. Гэтэл ойр орчмынх нь газрыг зарснаар өдгөө 12.6 га талбайтай л үлдээд буй юм. “Тус хүрээлэн нь одоо 3.4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. 2008 оноос хойш нийслэлийн төсөвт нийт 30.3 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан” гэх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ынхан өчигдрийн хуралдааны үеэр танилцуулж байв.
Бэлтгэсэн М.Оч