Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөр, хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл авахад шаардлагатай арга хэмжээ, санхүүжилтийн талаар Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Тус байгууллагын албан хаагчдын 50-70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч буй аж. Тиймээс албан хаагчдыг түрээслээд, улмаар өмчилж болох орон сууцын хөтөлбөрт үе шаттай хамруулахыг хүссэн байна. Мөн тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын төсвийг нэмэгдүүлэх, аймаг, орон нутаг дахь гал унтраах, аврах ангийн зарим барилгыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийг сайд хүсжээ. Монгол Улсад зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх, улсын нөөцийн хүнсний болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, манай улсад мөрдөж буй стандартын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулах зэрэг саналыг тэрбээр оруулсан байна.