Их, дээд сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулсан. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтын дүн гарчээ. Улсын хэмжээнд 33 361 хүүхэд шалгалт өгснөөс 5300 нь тэнцээгүй байна. Өөрөөр хэлбэл, 5300 хүүхэд нь босго оноо болох 400-гаас бага оноо авч, шалгалтад бүдэрчээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас лавлахад “Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй ойролцоо байна. Ер нь монгол хэл, бичгийн шалгалтын дүн сүүлийн 10 жилийн хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүдэрсэн хүүхдүүд наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой. Энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авсан” гэв.