Нийслэлд урин дулаан цаг айлчилжээ. Энэ цаг үед залуусын хамгийн их ашигладаг тээврийн хэрэгслийн нэгд мопед, цахилгаан дугуй, скүүтер зэрэг нь зүй ёсоор багтдаг. Эдгээр нь залуусын цаг хугацааг хэмнэсэн шийдэл гэдгээрээ онцлогтой. Үүнээс гадна агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг юм байна. Тийм ч учраас залуус сонирхож хэрэглээд багагүй хугацааг үджээ. Өнгөрсөн оны хавраас эхлэн “Jet sharing Mongolia” компани “Ninebot” брэндийн 3075 скүүтер худалдан авч, нийслэлийн гудамж, талбайд тавьж, түрээсийн үйлчилгээ нэвтрүүлсэн билээ. Тус компанийнхан энэ жил түрээсийн скүүтерийнхээ тоог нэмж, 6000-д хүргээд буй гэнэ. Уг үйлчилгээг Монголд анх нэвтрүүлснээс хойш олон скүүтер эвдэрч гэмтсэн байна.
Түрээсэлсэн иргэд байршуулах цэгт нь бус, хаа тааралдсан газраа хаяж явах, бие биеэ сундлан даац хэтрүүлэх, зарим тохиолдолд скүүтер дээр явган сууж явах, замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэх мэтээр зүй бус үйлдэл их гарч байсан билээ. Харин өдгөө түрээсийн унадаг дугуй, цахилгаан скүүтер зэргийг гамтай ашигладаг болсон гэнэ. Түүнчлэн энэ сард “Tapa” гэх дугуй болон скүүтер түрээсэлдэг үйлчилгээ нэмэгдсэн юм. Үүний хүрээнд 2500 дугуй, скүүтерийг үйлчилгээнд гаргажээ.
Улаанбаатар хотын төвд хаашаа л харна өнгө өнгийн скүүтер, дугуй, мопед, “Суррон” байна. Эдгээрийг идэвхтэй ашигладаг хэрэглэгчид нь ихэвчлэн 10-25 насныхан аж. Тэр дундаа 16-гаас доош насныхан сонирхож унах нь элбэг гэнэ. Гэтэл тэдэнд мопед жолоодох А ангиллын үнэмлэх байхгүй. Үүнээс гадна зарим нь бүр мопед, “Суррон”-той замын хөдөлгөөнд оролцоход жолоодох эрхийн үнэмлэх шаардлагатайг ч мэдэхгүй байгаа нь тун харамсалтай. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн гаднах талбайд мопедоо байрлуулж байсан нэгэн иргэнээс тодруулахад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэв. Тэрбээр ШУТИС-ийн хоёрдугаар курсийн оюутан. Одоо 20 настай. Энэ мопед ахынх нь бөгөөд хааяа гуйж унадаг гэнэ.
Нийслэлийн төв талбайн орчимд түрээсийн скүүтер унаж явсан хүү “Сүүлийн нэг жил орчим хичээлдээ явахдаа скүүтер унаж байгаа. Зөвхөн скүүтер бус, хааяа дугуйг нь ч унадаг. Нэг минутад 350 төгрөг төлдөг. Ихэвчлэн гэрээс сургууль явах замдаа скүүтер түрээсэлдэг юм. Учир нь хичээлдээ явах үеэр буюу 07.00 цаг орчимд түгжрэл маш их байдаг. Автобусаар явбал 30-40 минут зарцуулна. Харин скүүтерээр 10 орчим минутад л хүрдэг. Тиймээс хурдныг нь бодож скүүтер түрээсэлдэг. Явган хүний зам донсолгоо ихтэйгээс гадна хүмүүс их явдаг. Тийм учраас ихэвчлэн авто замаар зорчдог” гэв.
14-ӨӨС ДЭЭШ НАСНЫХАН СКҮҮТЕРЭЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
Тээврийн цагдаагийн албанаас цахилаан скүүтер, дугуй, мопед зэргийг жолоодоход тавих шаардлага, анхаарах зүйлсийн талаар тодруулахад “14 ба түүнээс дээш насныханд унадаг дугуй болон скүүтерээр нийтийн хэрэгцээний замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Харин 16 нас хүрвэл мопед унах эрхтэй. Түүнчлэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх шаардлагатай. Тиймээс 16 нас хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй” гэсэн юм. Гэтэл хаашаа л харна мопед, “Суррон”, түрээсийн скүүтер унасан хүүхдүүд нийслэлд энд тэндгүй байх нь хачирхалтай.
Улсын их дэлгүүрийн урдах явган хүний гарцан дээр зогсож буй 30 эргэм насны эмэгтэйгээс цахилгаан дугуй, мопед, скүүтер түрээсэлдэг үйлчилгээний талаар асуухад “Түгжрэлтэй үед их хэрэгтэй санагдсан. Гэхдээ хурдан нь сайхан хэдий ч хүндрэлтэй тал хэд хэд байна. Тухайлбал, энхэл донхол замаар явахад хэцүү, сэгсчээд байдаг. Бас зарим скүүтер мөнгөө төлөөд идэвхжүүлсний дараа гэнэт зогсчихдог юм билээ. Тэгээд л аппликэйшнээ цэнэглэсэн мөнгөөрөө хохироод үлдсэн. Мөн өнгөрсөн зун гэр лүүгээ явж байхдаа санаандгүй нүх дайрснаас болоод скүүтертэйгээ замын голд уначихсан. Хүнд бэртээгүй хэдий ч тохой шалбарч, нэг талын гуя тэр чигтээ хөндүүрлэчихсэн байв. Түүнээс хойш дахиж унаагүй” гэлээ.
ФРАНЦ УЛС ТҮРЭЭСИЙН СКҮҮТЕРЭЭС ТАТГАЛЗЖЭЭ
Өнгөрсөн жил Франц улсын нийслэл Парис хотод цахилгаан скүүтерээс болж бэртэж, амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан цахилгаан скүүтерийг хориглох санал асуулга өрнөжээ. Үүнд оролцсон иргэдийн 90 орчим хувь нь цахилгаан скүүтерийг хориглох шийдвэрийг дэмжсэн байна. Ингэснээр Франц улс түрээсийн цахилгаан скүүтерээс татгалзсан юм. Тус улс нь цахилгаан тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлсэн анхдагч орнуудын нэгт зүй ёсоор багтдаг. Гэсэн хэдий ч цахилгаан скүүтерийг бага насны хүүхдүүд зөвшөөрөлгүй, хамгаалалтын хэрэгсэл өмсөхгүй хэрэглэж буй нь осол нэмэгдэхэд хүргэсэн гэж тэд үзсэн аж. Манай улс ч мөн энэ жишгээс суралцаж, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулах шаардлагатай юм.
БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ЭРСДЭЛД ӨРТӨЖ БАЙНА
120 мянгатын уулзвар, тэмээтэй хөшөөний хажууханд дунд ангийн дүрэмт хувцастай хөвгүүд скүүтер түрээсэлж байхтай таарлаа. Тэдний нэг болох Н.Өсөхжаргалаас хэддүгээр анги болох, скүүтер түрээсэлдэг болоод хэр удсан тухай нь тодрууллаа. Тэрбээр нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч аж. Хичээлээ тараад найзуудтайгаа хамт анх удаа скүүтер түрээсэлж үзэж буй гэнэ. “Анхны сэтгэгдэл их сонирхолтой санагдлаа. Би сургуулиасаа энэ хүртэл яг найман минутад ирсэн. Надад огт хүндрэл гарсангүй. Харин манай найз авто замаар явахаас айгаад явган хүнийхээр явсан. Эхний удаа маш хурдтай хөдлөөд нэг охиныг мөргөчихсөн” гэлээ. Ийм маягаар цахилгаан хөдөлгүүрт скүүтер, дугуй зэргийг бага насныхан сонирхож унах нь элбэг байна. Анх удаа түрээслэхдээ ихэвчлэн найз нөхөдтэйгээ хамт явдаг. Харгалзах, зөвлөх хэн нэгэн байхгүй учраас тэдэнд олон хүндрэл тулгардаг юм байна.
Цахилгаан дугуй, мопед, скүүтер зэрэг нь түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж буй хэдий ч иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд заналхийлж байна уу гэлтэй. 2023 онд манай улсад 53 хүүхэд зам, тээврийн осолд өртөж амиа алджээ. Мөн 900 хүүхэд зам, тээврийн осолд өртөж гэмтсэн байна. Тэдний 129 нь унадаг дугуй, 28 нь скүүтер, 42 нь цахилгаан дугуйтай байсан аж. Тиймээс цахилгаан дугуй, скүүтер зэргийг журамлах нэн шаардлагатай болжээ. Түүнчлэн скүүтер жолоодож байхдаа утсаар ярих, тамхи татах зэрэг хөдөлгөөнд саад учруулах үйлдэл хийхийг хориглодог. Мөн архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэг лэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох нь бэртэж гэмтэх, цаашлаад амиа алдах эрсдэлтэй юм.
П.НАРАНБАЯР: ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгээс цахилгаан скүүтер, мопедыг ашиглах журмын төслийг боловсруулжээ. Журмын төсөлд скүүтертэй хүн замын баруун талаар зорчихоор заасан байна. Мөн явган хүний замаар зорчихдоо дээд хурдыг 10 км/цагаас хэтрүүлэхгүй байх, гэрэл ойлгогч байршуулах зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн заалтууд тусгажээ. ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Цахилгаан скүүтер унасан хүүхдүүд замын голоор хурдтай давхиж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор скүүтертэй давхиж явсан хүүхдэд дайруулсан хүн гэмтсэн тохиолдол гарсан. Тиймээс аюулгүй байдлыг хангахаар цахилгаан скүүтер, мопед ашиглах журмын төсөл боловсруулсан. Цахилгаан скүүтер, мопед зарж, түрээсэлж буй болон худалдан авч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх учир иргэд, байгууллагуудын саналыг журмын төсөлд авахаар энэ сарын 17-нд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлсэн юм. Хотын дарга, Тээврийн цагдаагийн албаныхан, цахилгаан скүүтэр худалдан борлуулж байгаа болон түрээсийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд саналаа идэвхтэй өгөхийг уриалъя” гэлээ.
Цахилгаан скүүтер, мопед ашиглах журмын төсөлд санал авах үйл явц аль шатандаа явааг тус тэднээс тодруулахад “Санал авах шатандаа явж буй. Тун удахгүй олон нийтэд мэдээлнэ” гэлээ. Түүнчлэн ХҮН намынхны санаачилсан журмын төсөлтэй холбогдуулан “Jet sharing Mongolia” компанийн захирал Г.Дашням байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Бид замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж эхэлсэн. Мөн стандартад нийцсэн дугуйн замын сүлжээг өргөтгөх шаардлагатай нь улам бүр мэдэгдэж байна. Цаашлаад олон улсын стандартад нийцсэн “Complete street” концепцыг нийслэлд бий болгохоор зорьж байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн