Хүүхэд хүмүүжлийн ментор, багш, сэтгэл зүйч, гэр бүлийн көүч Х.Арита (Х.Ариунтуяа)-тай хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн талаар ярилцлаа. Тэрбээр МУБИС-ийн Экологи, биологийн ангийг дүүргэж, дараа нь БНСУ-ын Kookmin их сургуульд элсэн сэтгэлзүйч мэргэжил эзэмшсэн. Хожим нь мөн Солонгос улсад EQ-гийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Ярилцлагаа эхлүүлэхээс өмнө нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцъя. Найман настай У.Итгэлсайхан анх тавтайдаа цээжээр нэмж, хасаж, үржүүлж, хувааж, тэгшитгэл бодож сурсан. У.Итгэлсайханы ахыг У.Ивээлсайхан гэдэг. Өдгөө 11 настай тэрбээр хятадаар чөлөөтэй ярьдаг, HSK V түвшинтэй. Их, дээд сургууль төгссөн зарим нэгнээс хавьгүй илүү тэрбээр найман насандаа IT программуудыг бие даан сурч, 600 гаруй код бичсэн. Энэ бүгдийг түүнд “youtube” багш заажээ. Өдгөө тэрбээр Python, HTML, C/C++, Javascript, Php хэл дээр ажилладаг. Тиймээс түүнд нэр хүндтэй томоохон компаниудаас цөөнгүй ажлын санал ирдэг. У.Ивээлсайхан монгол оюуныг дэлхийд гаргах том мөрөөдөлтэй. Үүнийхээ төлөө цагийн менежменттэйгээр шаргуу хөдөлмөрлөж буй. У.Итгэлсайхан, У.Ивээлсайхан нарыг өдий зэрэгт хүргэж, дэлхийн сэтгэлгээнд бие даалгаж суралцуулсан хүн бол тэдний ээж Х.Арита юм.
-Хүүхэд хүмүүжлийн сэдэв их өргөн. Юуны түрүүнд гурван настнуудын сэтгэлзүйн талаар ярилцъя. Цэцэрлэгт анх орсон хүүхэд өдөржин уйлдаг. Үүнд бид хэрхэн бэлтгэх вэ?
-Хүний тархины 70-80 хувь гурван настайд нь бүрэлддэг. Хүүхэд цэцэрлэгт орохоос өмнөх буюу бүх зүйлийг ээж ааваасаа суралцах үе. Тиймээс хүүхдээ цэцэрлэгт орохоос нь өмнө сэтгэл зүйг нь бэлтгээрэй. Хамгийн түрүүнд живхнээс нь гаргана. Энэ цэвэр ээжийн үүрэг. Дээр нь коршонкод суулгаж сургах хэрэгтэй. Жишээ нь, би хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэхээс өмнө өглөө болгон тогтмол цагт хүндээр бие засуулдаг байсан. Ангидаа хүндээр бие засахгүй, багшийн ачааллыг багасгаж байгаа хэрэг. Бас эрүүл мэндэд нь сайн. Багш олон хүүхдийн бөгс арчиж, өмд солих хэцүүг ойлгодог учраас тэр юм. Ер нь хосууд хүүхдээ бага байхаас нь гэр бүлийн дүрэмтэй болох нь чухал. Дүрэм заавал хатуу байх албагүй. Хүүхэд дүрэм гэж мэдэхгүй ч багаас нь зөв дадалд сургачихвал өөрт нь амар шүү дээ.
-Цэцэрлэгээс гараад сургуульд орж, үүрэг хариуцлага хүлээж эхлэх нь тэдний сэтгэл зүйд ихээхэн хүнд тусдаг бололтой.
-Аав, ээж тавгүй тайван биш байдлаар орилж, хашхичиж, хүүхдээр хичээлийг нь хийлгэх гэдэг. Эцэг эхийн сэтгэл зүй бэлэн амгалан үед л хүүхдэд тайвнаар хичээлээ хийх боломж бүрдэнэ. Хүүхдийн тархи хамгаалах механизмтай. Гэтэл томчууд хүүхэд ганц алдаа гаргахад л “Өө чи наад А-гаа, Б-гээ буруу бичсэн байна”, “Өө за энийг ингэж боддог юм уу тээ” гээд л тоншоод авдаг. Тухайн үед хүүхэд цочирдоно, айж хулгана. Хичээлдээ төвлөрөх биш “Ээж, аав цохиод авбал би яаж хариу үйлдэл үзүүлэх вэ” гэж бодно. Ингээд хүүхдийн ухамсарт тархи шууд хаагдана. Харин томчууд ухамсарт тархи хаагдсан хүүхэдтэй ажиллаж байгаагаа мэддэггүй. Ухамсарт тархи хаагдана гэдэг нь хүүхэд өөрөө сэтгэж, бодож чадахгүй болно гэсэн үг юм. Хүүхдийн тархи яаж ажилладгийг мэдээд авчихвал даалгавраар нь дамжуулаад тэднийг хөгжүүлэх амархан.
Хоёрдугаарт, хүүхэд сатаараад байгаа орчныг “унтраах” ёстой. Телевизээ асаачихсан, өөрсдөө гар утсаа ухаад суудаг, болохгүй. Тэгсэн хэрнээ тэр бяцхан амьтныг ширээний өмнө суулгачихсан “Даалгавраа хий чи”, “Юү гээд телевиз рүү гөлрөөд байгаа юм” гээд загнаж зандарна. Хялам хялам хийдэг. Үүнийхээ оронд хичээл хийх орчныг нь бүрдүүлээрэй. Хүүхдийн тархи амар тайван орчинд хэвийн ажиллана. Тэд ээж аавыгаа дагаад стресстэж, бухимдсан үедээ хичээлээ ойлгохгүй. Ухамсарт тархи нь хаагдсан учир “Ээж намайг цохивол яана аа” гэж бодохоос хичээлээ анхаарч чаддаггүй. Гуравдугаарт, хамгийн чухал зүйл нь хүүхдэд тархины тэжээл өгсөн байх ёстой. Тархины тэжээл гэж юу вэ. Маш энгийн хоол л байхгүй юу. Хүүхдийн гэдэс цатгалан байх хэрэгтэй. Даалгавар хийлгэхийн өмнө ээж, аав ч ялгаагүй унд цайгаа уугаарай. Тэр цагт л үр дүн гарна. Орчныг нь бүрдүүлээгүй, тархины тэжээл өгөөгүй, өөрсдөө хэчнээн орилж хашхичаад үр дүн гарахгүй. Харин дэргэдэх нохой нь тэр ээжийн хэлснийг бараг “цээжилчихсэн” байдаг (инээв). Хүүхдээ оюунлаг ухаантай хүн болгоё гэвэл аль аль нь тайван байх нь чухал. Орчныг нь бүрдүүлээгүй, дээр нь ууртай бухимдалтайгаар заах үед хүүхэд ойлгосондоо биш айсандаа албан хүчээр л даалгавраа хийнэ. Дараа нь хүүхдэд юу ч үлдэхгүй.
-Нийгэм хэт ачаалалтай завгүй болжээ. Аав, ээжүүд даалгавар хийлгэх ч цаггүй, өглөө гараад хэт орой ирж байна шүү дээ.
-Бүгд ажилтай. Үүнийгээ хүүхдэдээ хэлж ойлгуулдаг байгаасай. Гэтэл тэд дандаа тодорхойгүй зүйл ярьдаг. Ялангуяа бага насны хүүхдээ сэрээгүй байхад нь гараад унтаж байхад ирдэг ээж аавууд үүнд анхаараасай. Тодорхой зүйл хэлдэггүй, ээнэгшилгүй хүүхэд сэтгэл зүйн дархлаагүй болно. Энэ үед хүүхдийн тархинд “Ээж, аав надад хайргүй. Би үнэ цэнгүй” гэх аюултай сэтгэл зүйн холбоос үүсдэг. Аюулгүй сэтгэл зүйн холбоос хүүхдийн 0-2 насанд мөн үүсдэг. Тиймээс томчууд гэрээс гарахдаа хүүхдэдээ тодорхой зүйл ярьж, хэлж үлдээх нь чухал. “Ээж нь маргааш ажилтай. Төдөн цагт гарна. Тэр хооронд аавтайгаа, эмээ өвөөтэйгөө хамт байж байгаарай. Миний ажил төдөн цагт дуусна” гээд хэлчихвэл хүүхэд хаалга ширтэж бэтгэрэхгүй, хүлээхгүй. Өнөөдөр ийм ээж, аав ховор. Ээж хэдэн цагт ирэх вэ гэж хүүхэд нь асуухад “Хэд нь ямар хамаатай юм, ажил ихтэй байна” гэж аашилдаг, төвөгшөөдөг. Ингээд хүүхдэд айдас түгшүүр үүсчихдэг. Эсрэгээрээ ээнэгшилт буюу аюулгүй сэтгэл зүйн дархлаа үүсгэх учиртай юм.
-Үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй архины хамааралтай, хүчирхийлэл үйлддэг ээж аавуудад юу гэж зөвлөх вэ. Мөн зарим багш хүчирхийлэл үйлдээд байгаа нь юутай холбоотой вэ?
-Үүнийг нэг талаар буруутгах аргагүй. Хүндхэн орчинд өсөөд, хүчирхийлэл дунд бага насаа өнгөрүүлсэн аав, ээжүүд хүссэн хүсээгүй далд ухамсраараа энэ зангаа гаргана. Хүн ухамсартайгаар тархиа зохицуулдаг гэж боддог. Үгүй юм. Ухамсарт хүн тархиныхаа ердөө 10 хан хувийг л ашиглаж чадна. Ихэнх хүн таван хувийг нь ашигладаг. Бусад үйл явц далд ухамсрын “заавраар” өрнөж байдаг. Бидний амьдралыг далд ухамсар “удирддаг” юм. Хүүхэд байхаас эцэг, эхийн загнаж, занчиж байсан тэр үг хэллэг тархинд нь кодлогддог. Уурласан үедээ өөрийн мэдэлгүй эцэг, эх нь загнаж занчиж байсан үгийг хүүхдэдээ хэлдэг. Сүүлийн үед багш хүүхэд зодлоо л гэнэ. Тэр багш багадаа сэтгэлзүйн шарх авсан байх магадлалтай. Багадаа бас том болоод ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болов уу. Ингээд ачаалал авах үед нөгөө далд ухамсар нь сэргэсэн хэрэг. Өөрт мэдрэгдсэн сэтгэлзүйн шарх буюу траумаг бусдад үзүүлэхээр сэтгэл нь тайвширдаг хүмүүс байдаг. Сэтгэл зүйн хувьд ингэж тайлбарладаг.
-Үүнд шийдэл байна уу?
-Эхийн хэвлийн боловсрол үүнд онцгой чухал нөлөөтэй. Жирэмсэн ээж баяр хөөртэй, сэтгэл хангалуун байснаар хүүхэд сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байна. Тиймээс хэвлийд байх үеэс нь хүүхэдтэйгээ ярилцаж, ажиллах хөтөлбөрийг манай боловсролын системд оруулаасай. Дэлхийн олон улсад эхийн хэвлийн боловсролыг хосуудад олгож үр дүнгээ өгсөн. Эхийн хэвлийн боловсрол их чухал. Үүнийг би олон жил судалж, туршсан. Хүүхэд цэцэрлэг, сургуульд ороод хөгждөг юм биш. Бүр жирэмслэхээсээ өмнө ээж аав болъё гэж төлөвлөхөөс эхийн хэвлийн боловсрол эхэлнэ. Ирээдүйд ээж болох хүн сэтгэл зүйн хувьд эрүүл саруул, амар амгалан байхаас эхэлдэг. Улмаар хэвлийд байх ургийн үеэс авхуулаад 0-3 насанд хүүхдэдээ маш их анхаарах нь бидний үүрэг. Хүүхдийн тархины 70-80 хувь энэ насанд хөгждөгийг дээр хэлсэн. Эцэг, эхээсээ бүх зүйлийг сурчихсан байх үе. Энэ цагаа алдсан бол таван насанд нь амжиж хөгжүүлээрэй. 0-5 насанд хүүхдийн зан чанар хэдийн төлөвшсөн байдаг. Зургаа хүртэлх насанд хүүхдийн хос хэл сурах чадвар хамгийн сайн хөгждөг. Тиймээс төр эхийн хэвлийн боловсролыг бодлогоор дэмжээсэй, бүр хуульчилж өгөөсэй.
-Хүүхдийн яагаад гэж асуухыг яаж болиулах вэ гэж эцэг, эх их асуудаг.
-Хүүхдийн бага насны хамгийн чухал боловсрол бол харилцан яриа юм. Асуултад хариулаад эргээд асуудаг бол та хамгийн сайн ээж бас аав. Ингэхдээ хүүхдээ эргэлзэхүйц, бодол санааны цар хүрээг тэлэхүйц насанд тохирсон зүйл асуухаа бүү мартаарай. Ингэснээр хүүхдийн чинь үгийн баялаг ихэснэ. Тунгаах бодох чадвар нь сайжирна. Та хүүхэдтэйгээ хэр их ярина. Хүүхдийн тархины эерэг холбоос тэр хэрээр нэмэгдэж ээнэгшиж байдаг. Одоогийн ихэнх ээж хүүхдээ өлгийдөхдөө, живхийг нь солихдоо таг дуугүй байдаг. Утас руугаа шагайхын оронд хүүхдээ энгэртээ тэвэрч, элгэндээ наа л даа. Насан туршийн сайн дархлаа буюу тархинд нь ээнэгшил бүхий эерэг холбоос энэ үед үүснэ. Утас ухаад сууж болохгүй. Хүүхэд рүүгээ ширтэж, харцаараа энхрийлэх учиртай. Хүүхэд шулганаад ээж рүүгээ хараад л байдаг. Тэр өхөөрдөм харц өөрчлөгдөх хүртэл хүүхдээсээ харцаа салгахгүй инээмсэглээрэй. Гадаа гаргахдаа ч ялгаагүй, нялхыгаа орхичхоод л утсаа ухаж суудаг. Тийм хэрнээ зарим эцэг, эх “Багшаа хүүхдээ яаж хөгжүүлэх вэ” гэж асуудаг. Би дээрх зөвлөгөөг л өгнө. Үр хүүхэдтэйгээ амьд харилцаатай байх нь хөгжлийн маш чухал үйл явц юм.
-Эцэг эхүүдээс гадна хүүхдүүдтэй ярилцдаг уу?
-Эцэг, эхүүдтэй уулзахдаа хүүхэдтэйгээ хандах хандлага, үгийн өнгө аяс, биеийн хэлэмж, үйлдлийг нь ажигладаг. Дараа нь аав, ээжүүдээс хөтөлсөн асуулт асуудаг. Хүүхэд нь яагаад болохгүй үг хэлж, тийм үйлдэл гаргасан гэж бодож байна гэх мэтээр асуулт, хариулт өрнүүлдэг. Хэд хэдэн асуултын дараа аав ээжүүд “Аан” гээд асуудлаа шууд ойлгодог. Ээж аав нь ингэдэг болохоор хүүхэд тийм үйлдэл гаргажээ гэдэг хариуг өөрсдөө олдог. Манайхан хүүхэдтэйгээ захиран тушаах өнгөөр их харилцдаг. Үүний оронд сэдэлжүүлсэн асуулт асуугаад сурчихвал их зүгээр. Жишээ нь, Итгэлээ хивсэн дээрх тоглоомоо ав, Итгэлээ ном дэвтрээ хураа, Итгэлээ хурдал, явах цаг боллоо гэж харилцах биш. Итгэлээ хоёулаа хэдэн цагт гарах вэ. Тэр цагт нь гарвал амжих болов уу гэх мэтээр ярилцаад өөрөөр нь бодуулж, төлөвлүүлэх хэрэгтэй. Өөрөө төлөвлөж, өөрөө сонголт хийх боломжийг нь олго. Хүүхдийг хүлээн зөвшөөрч, итгэж буй хэрэг. Даалгавар л хий гэж загнах биш, хэзээ хийхийг асуу. Төдөн цаг гэвэл за гээд л орхичих. Хийхгүй бол 05.00 цаг чинь болчихоод байна гэж загнахгүй. 05.00 цаг болоход хэдэн минут дутуу байна гэж асуу. Цэцэрлэгийн хүүхэдтэй бол гэртээ ороод юу хийх талаар нь ярилцаад үзээрэй. Шууд тоглоно гэж хариулж болно. Хариуд нь “Үгүй ээ гараа угаах ёстой” гэж хэлэхгүй. “Гадаа тоглоод гаранд нь үл мэдэгдэх бактери их байна. Яаж устгах вэ” гэж асуу. Хүүхдээсээ асуух нь тэднийг хөгжүүлэх шилдэг арга. Гол нь зөв хөтөлж асуу. Бас манайхан хүүхдээ асуулт асуухаар “Яасан олон үгтэй юм” гэж зандардаг. Энэ бол бүтээлч тархи хөгжихөд саад болж буй хэрэг. Бүгдийг мэдэхгүй бол хамтдаа суралц. Интернэт хамт ор. Хамт судал. Эсвэл мэдэхгүйгээ хүлээн зөвшөөр. Шударга бай. Уучлал гуйж сур. Томчууд юунд фокуслана хүүхдүүд түүнд нь анхаарна. Ээж, аавдаа “Хүүхдүүд зодолдсон” гэвэл тэд “Аан яаж зодсон, тэгээд яасан” гэж асуудаг. Энэ мэтээр ховыг нь сонсоод өөгшүүлээд байвал тэд тийм л төрлийн зүйл ярьж гэртээ очно. Тийм л зүйл яривал ээж аав намайг тоох юм байна гэж ойлгоно. Ангидаа болж бүтэхгүй байгаа болгоныг ярина. Хов зөөхөд нь ач холбогдол өгөхгүй бол хүүхэд үргэлжлүүлж ярихгүй. Үүнийхээ оронд тэр зодуулсан хүүхдийн зүрх сэтгэл яаж өвдсөн бол хэний буруу вэ гэх зэргийг асуугаад үзээрэй. Харилцан ярианы зөв сэдэл гаргаж өгвөл хүүхэд хариултаа өөрөө олдог.
-Хүүхдийг яаж цагийн менежменттэй болох вэ?
-Гэр бүлийн дүрэм үүнд чухал нөлөөтэй. Цагийн юмыг цагт нь хийдэг болно. Насан туршид нь дадал болно. Томчууд өөрсдөө гэртээ ямар ч дүрэмгүй. Орой үдэш ажлаа тарж ирэнгүүтээ гэнэт “Даалгавраа хий” гэдэг. Тэгээд шөнө дөл болтол даалгавартай нь ч хүүхэдтэйгээ ч зодолдоно, ноцолдоно. Амжихгүй бол хүүхдийнхээ даалгаврыг өөрсдөө хийж өгдөг. Маш буруу үлгэр дуурайлал. Эцсийн эцэст хэнийг хохироож байгаагаа мэддэггүй. Хэн нэгнийг эсвэл багшийг хуурч болох нь гэж хүүхэд ойлгодог. Уншиж сурсан л бол хичээлийн хуваарийг нь өөрсдөөр нь ялгуулах нь гэрийн нэгдүгээр дүрэм байж болно. Даалгавраа хийхгүй бол тэр чигээр нь явуул. Солгой гараар даалгаврыг нь хийж өгөх шаардлагагүй. Багш хүүхдийг чинь зэмлэг, шаардлагаа тавиг л дээ. Аяндаа хүүхэд өөрөө хичээлээ ялгаж, даалгавраа хийдэг болно. Өөрсдөө дуртай цагтаа, юу хүссэнээ хийдэг. Харин хүүхэд болохгүй гэдэг. Энэ буруу юм. Хүүхдээ оюунлаг ухаантай хүн болгоё гэвэл эхлээд эцэг, эх сэтгэл зүйгээ зөвөөр удирдаж сурах ёстой. Эцэг, эхүүдийн харилцаа, хандлага, сэтгэл зүй, үгийн сонголт нь хүүхдийн ирээдүйн гэр бүлийн амьдрал болон нийгмийн харилцаанд маш том сэтгэл зүйн дархлаа болж өгдөг.