Монгол Улсад орчин цагийн эм зүйн салбар үүсэж хөгжин нэгэн зууныг үдэж, шинэ зууныг эхлүүлж буй түүхэн цаг үед “Эмийн сонсгол” болов.
УИХ-аас анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын эмийн зах зээл дэх эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий “Эмийн сонсгол”-ыг мэргэжлийн салбарынхан талархан хүлээн авч, сонсголоос судалгаа, нотолгоотой, шинжлэх ухаанч, бодит үр дүн, гарц шийдэл хүлээж байсан билээ.
1990 онд өмч хувьчлал явагдсан үеэс эхлэн Эм хангамжийн салбарын зориулалтын объектууд зарагдаж, заримыг нь төр засгийн өрөнд шилжүүлж, эм зүйчид ажилгүйдэлд өртсөн хүнд хэцүү үед гудамжнаас, ТҮЦ-нээс эм хангамжийн зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн. Эм зүйн салбар нь эрүүл мэндийн салбараас анх удаа хувьчлагдаж, дангаараа НӨАТ төлдөг, төрийн дэмжлэг багатай гэх мэт олон онцлог, асуудалтай боловч, олон улсын стандартад нийцсэн эмийн үйлдвэр, эм ханган, эмийн сангуудыг байгуулснаар, эм хангамжийн зах зээлийн үеийн шинжлэх ухаанч тогтолцоог бий болгож чадсан ахмад, дунд үеийн мэргэжлийн эм зүйчдээрээ бид бахархдаг.
Эм хангамжийн салбарынхан хэдхэн сарын өмнө 100 жилийн ой дээрээ, хөгжлийн дараагийн зуун руу алхан орохын өмнө алдаа оноогоо шүүн хэлэлцэж, алсын хараагаа сайтар харж, нягтлан тодорхойлсон юм. Эм хангамжийнхан зөвхөн төрөөс баталсан хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол улсад Стандартыг ягштал баримталж ажилладаг байгууллагууд бол эмийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд юм. Тэд олон улсын стандарт, ISO, эм үйлдвэрлэл, чанарын хяналтын лаборатори, эм түгээлт, хадгалалтын зохистой дадал болон үндэсний стандарт, техникийн баримт бичгийг баримталдаг. Хэрэв, стандартын нэг л заалтыг зөрчвөл хариуцлага, шийтгэл хүлээх, тусгай зөвшөөрлийг цуцлах гэх мэт хууль эрх зүйн бүх үндэслэл нь бий.
Эм импортлогчид нь тухайн үйлдвэрлэгч улсын стандартад тэнцсэн, дэлхийн таван орны хяналт шалгалтаар баталгаажсан, Монгол улсын хууль, дүрэм, стандартыг хангаж улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг, эдийн засгийн эрсдэлээ үүрэн байж импортолдог. Иймд, албан ёсны, олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн үйл ажиллагааны дүнд импортолж буй бүтээгдэхүүнүүд нь чанарын шаардлага хангасан гэдгийг “Эмийн сонсгол”-ын дүгнэлт, зөвлөмжиндөө албан ёсоор тусгаж өгөх хэрэгтэй юм. Харин, стандарт шаардлагад нийцээгүй бүтээгдхүүн байгаа нь нотлогдсон бол шууд түүнийг зарлах, зах зээлээс эргүүлэн татах журам бий. Түүнчлэн, сонсголын үеэр эмийн зохистой хэрэглээ, үнийн өсөлтийг тогтоон барих, эмийн чанарын хяналтыг сайжруулах гэх мэт аливаа гарц шийдэл нь хөндөгдсөнгүй, эдгээр нь төр-аж ахуйн нэгж-хэрэглэгч гээд бүх талын оролцоог хангасан олон талт хамтын ажиллагаагаар хангагдах бөгөөд бид эдгээр асуудлаар хамтран ажиллаж, гарц шийдлийг олоход бэлэн байна.
Сонсголын үр дүнд, шинжээчдийн дүгнэлттэй санал нийлж, цаашид хамтран ажиллаж, засаж сайжруулах зүйл байгаа ч, мэргэжлийн бус шинжээч дутуу дулимаг ажилласан, асуудлыг тодруулаагүй, буруу тоо баримт гаргасан, бусдын нэр төрд халдсан байж болзошгүй мэдээллүүд гарсан нь маш харамсалтай. Төрийн өндөр албан тушаалтнуудын алдаа завхрал, бие биеэ буруутган үгүйсгэх хандлагаас үүдэж салбарын нэр хүнд, эм зүйн салбарын мянга мянган ажилтны ололт амжилт, хичээл зүтгэл хохирох ёсгүй бөгөөд ард иргэд ч маш буруу ойлголт хандлагатай болж байна. Аливаа буруу ташаа ойлголтын сөрөг үр дагаврыг арилгах нь их цаг хугацаа, хүч шаардагддаг. Хуулийн зохицуулалт, хатуу чанга стандарт, хяналт шалгалтаас өөр дэмжлэггүйгээр олон арван жил зүтгэж ирсэн эм хангамжийн салбарынхан бид Түр хорооны зүгээс Эмийн сонсголын талаарх бодит, зөв дүгнэлт, зөвлөмж гарна гэдэгт итгэн хүлээж байна. Эс бөгөөс зуун жилийн түүхт Монголын орчин цагийн эм зүйн салбарын түүхэнд сүүдэр татуулан, хөгжлийг хойш татах, хожмын өдөр ард иргэдийн эрүүл энх амьдрах боломжид саад учрах гэх мэт нэр төрийн, хүмүүнлэгийн, эдийн засгийн, хөгжлийн олон хохирол учирч болзошгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.
МЭЗБН “ЭМ” ХОЛБОО