Аялал жуулчлалын улирал хаяанд ирсэн энэ үед БНСУ-ын зах зээлээс жуулчин хүлээж авдаг тур оператор компаниуд болон солонгос хэлний хөтөч, орчуулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр холбоо хамтран маргааш нэгэн томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ бол “Хоггүй Тэрэлж” сайн үйлсийн аян.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бол манай орны төвийн бүсийн, нийслэлтэй хамгийн ойр аялал жуулчлалын гол бүс нутаг. Тиймээс энэ нь Монголыг зорин ирсэн гадаадын жуулчдын, ялангуяа солонгосчуудын аяллын гол маршрутад багтдаг. Тэгвэл аялал жуулчлалын их бужигнаанаас урьтан эл газрыг цэвэрлэж, хоггүй бүс болгох санаачилгыг “Солонго-хонх” гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага гаргаж, Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулахаар нэгджээ. Мөн БОАЖЯ эл хоёр байгууллагынхны санаачилгыг дэмжин ажиллаж байгаа аж.
“Хоггүй Тэрэлж” аянд 350 орчим хүнийг хамруулахаар тооцоолсон нь хэдийн бүрджээ. Тур оператор компанийн ажилтнууд, хөтөч, орчуулагчдаас гадна энэ зах зээлд ажиллахаар суралцаж, бэлтгэгдэж буй оюутан залуус хүртэл үүнд нэгдээд буй гэнэ. Тэд зохион байгуулагчдын гаргасан маршрутын дагуу, жуулчид хамгийн их очдог 10 цэгт цэвэрлэгээ хийх юм байна. Аяны баг маргааш “Дүнжингарав” худалдааны төвийн авто зогсоолоос 08.00 цагт Тэрэлжийн зүг хөдлөх нь. Оролцогчдын идэх хоол, уух ус, ажлын болон ахуйн ариун цэврийн хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлийг зохион байгуулагчид хариуцах аж. Эдгээрийн зардлыг шийдэхэд жуулчны бааз, кэмп, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ресторан, зоогийн газар, соёл урлагийнхан, хувь хүн гээд жуулчдад үйлчилгээ үзүүлдэг олон байгууллага, иргэн хандив, дэмжлэг үзүүлжээ. Мөн Налайх дүүргийн VI хорооноос шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэхээр болсон байна.
“Солонго-хонх”-ын гүйцэтгэх захирал Б.Оюун-Эрдэнэ “Манай улсын аялал жуулчлалын зах зээлд Солонгосоос жуулчин хүлээж авдаг тур операторууд голлох байр суурь эзэлдэг. 70-80 хувийг нь бүрдүүлдэг гэж хэлж болно. Тиймээс солонгосчууд хамгийн ихээр очдог Тэрэлжийг хог хаягдалгүй болгож, жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс үүнийг санаачилсан. Энэхүү аяныг цаашид аялал жуулчлалын улирал угтан жил бүр зохион байгуулж, уламжлал болгохоор зорьж байна” гэсэн юм. Харин Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Э.Наранхүү “Манай холбоо 100 гаруй гишүүн байгууллагатай. Эдгээр байгууллагыг төлөөлөн олон хүн уг аянд нэгдээд байна. Бид энэ аянаараа бусад орны зах зээл хариуцсан холбоод, 21 аймгийн аялал жуулчлалын байгууллагуудад үлгэрлэж, зөв хандлага, сайн жишиг тогтоохыг эрмэлзэж буй. Хэн нэгнийг буруутгаж, төр засгийг хүлээх биш, чадах зүйлээрээ хувь нэмэр оруулж, өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй” гэлээ .