УИХ-ын сонгуулийн тухай хуульд гуравдугаар сарын 30-наас хойш нам шинээр байгуулахтай холбоотой хүсэлт хүлээн авахыг түр түдгэлзэхээр заасан. Хэдийгээр Либертари нам энэ хугацаанаас нь өмнө бүртгүүлэх тухай өргөдлөө өгсөн байсан ч Дээд шүүхээс “Сонгууль дуустал шинээр нам бүртгэхгүй” гэсэн хариулт өгсөн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус намынхан удахгүй болох сонгуульд хэрхэн оролцох арга замаа судалж буй гэнэ. Улс төрийн зургаан нам, эвслээс тэдэнд сонгуульд хамтарч оролцох санал тавьсан байна.
Энэ талаар тус намын дарга Д.Амартүвшин “Бид сонгуульд бие дааж оролцохоор хуулийн баг гарган судлуулсан. Үүний тулд нэг нэр дэвшигч 801 хүний гарын үсэг цуглуулах ёстой. Либертари нам байгуулсныг бүртгүүлэхээр бид Дээд шүүхэд хэдэнтээ өргөдөл гаргаж, 6-7 сарын турш явсан. Дэмжсэн иргэдийн дунд хаягийн зөрчил их, мөн буруу зөрүү хүмүүс ч орчихсон байдаг бололтой. Үүнээс хаширсан. Тиймээс санал тавьсан нам, эвслийнхэнтэй ирэх долоо хоногт уулзана. Манай намын хувьд үзэл баримтлал хамгийн чухал байдаг. Бидний үзэл баримтлалыг ойлгож, дэмжих үү гэдгийг чухалчилна. Уулзалтын дараа дахин мэдээлэл өгье” гэсэн юм.