Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй, бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байжээ. Улмаар эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн ч хүүхэд нь нас барсан. Эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэж, түүний биеийн байдал тогтворжин ухаан орсон байна.