Дорноговь аймгийн Сайншанд сумаас өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд 12 настай охин сургуульдаа явах гэж гараад сураггүй болсон. Охиныг улс даяар эрэн хайж, эсэн мэнд байгаасай гэж бүх нийтээрээ хүсэн хүлээсэн ч амиа алдсан байхад нь олсон юм. Охиныг хөнөөсөн Г.Гантулгад шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон талаар бид мэдээлсэн. Харин өчигдөр талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Тэрбээр “Хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна. Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гантулгыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хүн хулгайлах, бага насны хүүхдийг хүчиндсэн, хүнийг санаатай алах, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн зэрэг зүйлчлэлээр бүх насаар нь тусгаарлан хорих шийдвэр гаргасан. 2020 оноос мөрдөж эхэлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд оршуулгын зардлыг тусгай сангаас гаргаж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээд барагдуулах юм. Гэтэл бүх насаараа хоригдох этгээд эл хохирлыг төлөх боломжгүй. Энэ нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.3-т хохирогчид нөхөн төлбөр олгохдоо оршуулга, эмчилгээ, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох гэсэн гурван зохицуулалт бий. Иймд шүүх гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оноож байгаа тохиолдолд сэтгэл санааны хохирлыг барагдуулах зохицуулалтыг үүнд нэмж оруулмаар байна. Манай улсад бүх насаараа хорих ял эдэлж байгаа 20 орчим этгээд байдаг. Тиймээс энэ төрлийн ял шийтгүүлсэн ялтны барагдуулсанэнэтөрлийнхохирлыг уг хуулиар зохицуулж, гаргаж өгье. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол бүх насаараа хоригдох этгээд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр хэзээ ч өгөхгүй” гэв. Талийгаачийн ээж тэтгэврийн насны хүн бөгөөд сэтгэл зүйн байдал нь маш хүнд байгааг хэллээ.
Ташрамд дуулгахад, бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд ажил хийхгүй, ганцаараа тусгаарлан хоригддог. Харин бусад нь хөдөлмөр эрхэлж, ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирогчийн сэтгэл санааны хохиролд олгох боломжтойг тэрбээр тайлбарлав.
Бэлтгэсэн Ч.Болор