ДЭВИД КАМЕРОН Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хам тын нөхөрлөл, хөгжлийн сайд
2013 онд миний бие Төв Азид албан ёсны айлчлал хийсэн Британийн анхны Ерөнхий сайд болж байв. Казахстаны Астана, Атырау хотод айлчлахад эртний соёл иргэншилтэй ч харьцангуй залуу үндэстний хувьд эдийн засаг хийгээд дэлхийд эзлэх байр сууриа хэрхэн хурдан өөрчилж байгааг харахад гайхалтай санагдаж байлаа. Ийнхүү хоёр улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан билээ.
Энэ долоо хоногт би Монгол Улс болон Төв Азийн таван улсад айлчилж буй Британийн анхны Гадаад хэргийн сайд болж байна. Мөн “Их 7”-гийн Гадаад хэргийн сайд нараас тус бүс нутгийг тойрон айлчлал хийж буй цөөн сайдын нэг юм. Эдгээр зургаан улс үндэстэн өөрийн гэсэн өвөрмөц өв уламжлалтай бөгөөд хурдацтайгаар хөгжин өөрчлөгдөж байгаа билээ. Тэдгээр орны ард түмэн юуны түрүүнд тусгаар тогтнол, улсынх нь хилийг эрхэмлэн хүндэтгэхийг хүсдэг. Бид, хоёр талт түншлэлээ эдгээр улс нэг бүртэй улам бэхжүүлэхийг хүсэж байна.
Бидний хамтын ажиллагаа ихээхэн ололт амжилттай байна. Астанагийн олон улсын санхүүгийн төв, Ташкент дахь Вестминстерийн олон улсын их сургууль зэрэг амжилттай яваа байгууллагуудын гол цөм нь англи хэл, хууль, боловсрол юм. “Рио тинто”, “Шелл”, BAE зэрэг компани томоохон төслүүдэд хөрөнгө оруулж, ажлын байр бий болгон, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Бид Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан станц барихад тусалж байна. Улаанбаатар хотноо сүндэрлэх гайхамшигт дөрвөл ‘’Битлз’’ хамтлагийн хөшөө нь барууны хориотой хөгжмийг нууцаар сонсдог байсан үеэс ардчилал руу шилжсэн түүхэн үйл явдлыг гэрчлэх бэлгэ тэмдгүүдийн нэг юм.
1990-ээд онд энэ бүс нутгаас Британид хүрч чадсан хамгийн алдартай экспорт нь манай тухайн үеийн Ерөнхий сайдад бэлэглэсэн уралдааны морь туркмен азарга, Максат байсан юм. Тэгвэл өнөөдөр манай улсын Улирлын чанартай ажилтан авах өргөтгөсөн хөтөлбөрийн дагуу тус бүс нутгаас хэдэн арван мянган хүн Британид ажиллахаар ирж байна. “Air Astana”, “Uzbekistan аir¬ways”, “Turkmenistan аirlines” компаниуд долоо хоног бүр Лондон руу хэд хэдэн нислэг үйлдэж байна. Мөн ‘’Монгол хаан’’ жүжиг ч Лондоны “Вест Энд”-д үзэгчдийг байлдан дагуулсан билээ.
Харин одоо бид илүү урагшлах цаг нь болсон. Бид зөрчилдөөнтэй, тодорхой бус ертөнцөд амьдарч байна. Энэ цаг үе уг бүс нутагт онцгой сорилтуудыг бий болгож байна. Сүүлийн жилүүдэд хуурай уур амьсгалтай Казахстан, Монголд болсон хүчтэй үерийн дүр зураг уур амьсгалын өөрчлөлтийн аюул улам бүр нэмэгдэж байгааг сануулах болов. ж байна. Мөн дэлхийн технологи, эдийн засгийн өөрчлөлт нь залуучуудаа хөгжүүлж, тэднийг зөв ур чадвараар хангахыг бид бүгдээс шаардаж байна.
Бидний хэн нь ч ганцаараа эдгээр бэрхшээлийг даван туулах боломжгүй. Та бүхний нэгэн адил Британи өнөөгийн зөрчилдөөнтэй, тодорхой бус ертөнцөд олон улсын түншлэлээ нэмэгдүүлэхийн үнэ цэнийг улам ойлгож буй. Иймээс би энэ айлчлалыг хийж байгаа бөгөөд хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлэх юм. Ингэснээр бид хамтдаа ард иргэдээ аюулгүй, сайн сайхан амьдруулж чадна. Гурван тэргүүлэх чиглэлд харилцаагаа шинэ шатанд аваачна гэж харж байна.
Нэгдүгээрт, олон улсын дэг журмыг онцолъё. НҮБ-ын дүрэм, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндсэн зарчмуудтай бид нэгдмэл байр суурьтай байдаг. Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь юу юунаас чухал. Бид дэлхий даяар эдгээр зарчмыг хамгаалахын тулд хамтран ажиллах ёстой. Эс бөгөөс бидний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал аюулд орох эрсдэлтэй.
Бидний хамтдаа хийж чадах зүйлсийн нэгэн бодит жишээ нь авлигатай тэмцэх хийгээд энэ бүс нутаг бол хориг арга хэмжээг тойрч гарах арын хаалга биш гэдгийг бататгах юм. Үүний нэгэн адил бид аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлж, яриа хэлэлцээрээ гүнзгийрүүлж, аюулгүй байдлын хамтарсан сургалтыг хийх ёстой. Ингэснээр саяхан Москвад болсон аймшигт халдлагыг үйлдэгч ‘’Исламын улс”-ын “Ис-Хоросан” бүлэглэлийн заналхийллийн эсрэг хамтдаа тэмцэх боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, эдийн засгийн харилцааг нэрлэе. Британийн компаниуд энэ бүс нутагт газрын тос, байгалийн хий болон бусад байгалийн нөөцийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо Британи улс нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг, эрчим хүчинд хэмнэлттэй, эдийн засагт ашигтай хөрөнгө оруулалт, технологийг санал болгож байна. Айлчлалын үеэр би Төв Азийн анхны жижиг, дунд үйлдвэрийн хувийн хөрөнгө буюу венчур капиталын санг байгуулах бөгөөд тус сан нь тухайн бүс нутгийн ирээдүйтэй компаниудад хөрөнгө оруулах юм. Бид Төв Азийн компаниудыг дэмжих хүсэлтэй байна. Үүнд Британийн компаниуд болон мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл, Уэльсийн “Concrete canvas” компани бүс нутгийг бүрэн хангах хүчин чадал бүхий үйлдвэрээ Бишкект нээж байна. Тус компани суурилуулахад хялбар, хурдан бөгөөд нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг зотон өнхрөх бетоныг илүү хямд үнээр үйлдвэрлэнэ. Энэ бүс нутагт уг технологи нэвтэрснээр бидний амин чухал хэрэгцээ болсон усыг хэмнэнэ. Мөн Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн жишээг авч үзье. Английн хараат бус шүүгчтэй олон улсын нийтлэг эрх зүйн шүүхийг нэвтрүүлснээр хэдхэн жилийн дотор мянга гаруй бизнес эрхлэгчийг татаж, хоёр мянга гаруй маргааныг амжилттай шийдвэрлэсэн. Нээлттэй байдал, хууль ёсыг дээдлэх нь хөрөнгө оруулалтыг татдаг. Энэ загварчлалыг бүс нутаг дахь бусад улс сонирхож байгаад баяртай байна.
Гуравдугаарт, боловсролын салбар байна. Энэ бүс нутгаас Чевнингийн тэтгэлгээр сурах оюутны тоог хоёр дахин нэмэгдүүлж байгаа тул залуус дэлхийн шилдэг их сургуулиудад сурах боломж бүрдэж байна. Англи хэлийг албан ёсны хоёр дахь хэлээ болгон зарласан Монгол Улсад Английн ‘’Pearson’’ компани болон Кэмбрижийн боловсролын компани зэрэг нь англи хэлийг заах стандартыг дээшлүүлж байна. Бидний зорилго бол охид, эмэгтэйчүүд болоод ард иргэдэд олгох боловсролын чанарыг дээшлүүлэх юм. Ингэснээр иргэдийн боломжийг нэмэгдүүлж, улс орны чадавхыг сайжруулна.
Эдгээр гурван чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай ярилцахад нэн таатай байх болно. Монгол Улсад анх удаагаа айлчлах гэж байгаадаа сэтгэл маш их хөдөлж байна. Бидний өмнө олон боломж байна. Эдгээрийг хамтдаа хүртэцгээе.