АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотод зохион байгуулсан олон улсын шилдэг шатарчдын “Spring chess classic-2024” тойргийн тэмцээний Б хэсэгт “ABChess” академийн тамирчин, их мастер Д.Батсүрэн өрсөлдлөө. Тэрбээр есөн өрөг тоглож, хоёрт нь тэнцэн, долоон оноогоор тэргүүн байрт шалгаран, гадаад чансаагаа 18-аар ахиулав. Манай тамирчин эхний өрөгт Энэтхэгийн их мастер Ража Харшиттай (гадаад чансаа 2458) тэнцэж, хоёрт Туркийн их мастер Жемил Кан Али Марандийг (2516) 1:0-ээр хожин, гуравт Нидерландын их мастер Робби Кевлишвилид (гадаад чансаа 2524) 1:0-ээр ялагдав. Тэгвэл дөрөвдүгээр өрөгт Сербийн их мастер Лука Будисавлевичийг (2483), тавд Энэтхэгийн их мастер, одоо АНУ-ын өмнөөс тэмцээнд оролцдог Акшат Чандраг (2489), зургаад Нидерландын их мастер Лукас ван Форестыг (2512), долоод АНУ-ын их мастер Жозайя Стирманыг (2462), наймд Унгарын их мастер Гергели Канторыг (2527), есөд Туркийн тамирчин, дэлхийн хамгийн залуу их мастер Энди Вудвордыг (2515) хөлөг дээр буулган авчээ. Тус тэмцээний 2023 оны эхний улиралд манай шатарчин дэд байр эзэлж байв.