Нэг сар хүлээсний эцэст аав, ээж хоёр маань Улсын хоёрдугаар төв эмнэлэгт үзүүлэхээр орон нутгаас зорьж ирсэн юм. Гэтэл тус эмнэлгийнхэн эрүүл мэндийн даатгалын системд асуудал үүссэн учраас эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэв. Системд доголдол үүссэн, ганц манайх биш, улсын томоохон эмнэлгүүд адилхан байна гэсэн хариуг тус эмнэлгээс өглөө. Өвчтөн үзэхээс эхлээд шинжилгээ авах, цаг олгох гээд бүх л үйл ажиллагаа нь таг зогсжээ. Харамсалтай нь, эрүүл мэндийн даатгалын систем нь хэзээ хэвийн болохыг хэлж мэдэх хүн байсангүй. Тэд үйлчлүүлэгч нараа “Маргааш ирээрэй” гээд буцаасан юм. Ажил төрлөө зохицуулаад, авсан цагтаа амжиж үзүүлэх гэж хол, ойроос зорьж ирсэн хүмүүс бухимдсан ч буцахаас өөр аргагүйд хүрсэн.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг төдөн хүнд л хий гэж тоо зааж болохгүй. Энэ эмчилгээ шаардлагатай хүн олон бий. Гэтэл элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоог гэрээнд зааснаас илүү гаргавал даатгалаас санхүүжүүлэхгүй гээд журам гарчихсан. Үйлчлүүлэгчдийн тоог төсвөөр барьж, хориод байвал тусламж шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх боломжгүй болно.
Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын хувьд тухайн үйлчлүүлэгчийн хурууны хээг авч, баталгаажуулах нь нэн чухал “үүрэг” тул даатгалын систем нь гацсан л бол бүх ажил зогсож байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцоогоор эмч өвчтөнөө үзэхийн зэрэгцээ бичиг цаасны ажлаа сайн гүйцэтгэж байж цалингаа бүрэн авах боломжтой гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын журмын дагуу нэг өвчтөнийг 10 минутаас доошгүй хугацаанд үзэх, үүний дараа 300 тэмдэгтэд багтаан цахим тэмдэглэл бичиж, даатгалын системд оруулах ёстой. Энэ нь эрүүл мэндийн салбарт цахим карт үүсгэх ажлын эхлэл бөгөөд эл журмыг өнгөрсөн оноос туршиж, энэ жилээс албан ёсоор хэрэгжүүлж буй юм. Төрийн өмчийн эмнэлгүүд урьд нь улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг байсан. Харин одоо ЭМДС-гаас 100 хувь гүйцэтгэлээр санхүүжиж байгаа билээ.
Санхүүжилттэй холбоотой асуудал төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад цөөнгүй гарах болжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагынхан ЭМДЕГ-тайгаа ойлголцохгүй, санхүүжилтээ цаг тухайд нь авч чадахгүй, хасуулах тохиолдол гарсаар байна. Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгээс нөхцөл байдлын талаар асуухад “Эрүүл мэндийн даатгалын, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн, эмнэлгийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлж байгаа нь тусламж, үйлчилгээг нэг шат ахиулж, чанаржуулах алхам болсон. Гэвч хуулийг хэрэгжүүлэх түвшинд олон асуудалтай нүүр тулж байна. Манай эмнэлэг гэхэд ЭМДС-гаас 27.8 тэрбум төгрөгийн авлагатай.
Энэ санхүүжилтээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авч чадаагүйгээс олон байгууллагад өртэй болчихлоо. Эм, тариа, тоног төхөөрөмж нийлүүлсэн байгууллагууд мөнгөө нэхэж байна. Зарим нь цаашид эм, тариа нийлүүлэхгүй гэнэ. Уг нь даатгалын сангаас гэрээний дагуу гүйцэтгэлээр санхүүжилтээ олгох ёстой. Гэтэл ЭМДЕГ-аас “Мөнгө байхгүй, эсвэл зарцуулах эрхийг нь цаанаас олгохгүй байна” гэсэн хариулт өгдөг. Бид иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлж, ажлаа гүйцэтгэсэн хэрнээ санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байна шүү дээ. Миний ойлгосноор ЭМДЕГ өнгөрсөн онд 220 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн. Тэглээ гээд эмнэлгүүдээс санхүүжилт хасаж болохгүй. Төсвийн алдагдал үүсгэнэ гэдэг тухайн асуудлыг хариуцаж ажиллаж байгаа байгууллагынх нь, тэр тусмаа удирдлагынх нь алдаатай, эрсдэлээ тооцож чадаагүйтэй холбоотой.
Түүнээс биш, ЭМДЕГ-тай гэрээ байгуулж, янз бүрийн шалтгаанаар санхүүжилтээ хасуулан ажилласан эрүүл мэндийн байгууллагуудын буруу биш. Яг үнэндээ ЭМДЕГ нь Эрүүл мэндийн даатгалын санд цугларсан энэ хязгаартай мөнгийг амин чухал, шаардлагатай тусламж, үйлчилгээг худалдан авахад зарцуулсан уу, үнэхээр тэр хэрэгцээг хангахад санхүүжилт нь ингэж дутахаар байсан уу гэдэг нь нэг асуудал. Харин шаардлагагүй тусламж, үйлчилгээг худалдан авсан, хувийн эмнэлгийг эрсдэлээ тооцохгүйгээр санхүүжүүлсэн үү гэдэг бол өөр асуудал гэж харж байгаа. Өнгөрсөн оны ЭМДЕГ-ын санхүүгийн тайланг үзээрэй. Тун сонин зураг харагдана. ЭМЯ-ны харьяа 20-иод эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан санхүүжилтийг хувийн эмнэлгүүдэд олгосон мөнгөтэй харьцуулахад 100 тэрбум төгрөгийн л зөрүү гарч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, улсын томоохон эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ, хийсэн эмчилгээг хувийн эмнэлгийн одоогийн гүйцэтгэлтэй харьцуулахад гол ачаалал улсынх дээр байгаа. Улсын эмнэлгүүд тусламж, үйлчилгээ, эмчилгээний ачааллын 90 хувийг хариуцаж байгаа мөртлөө 10 хувь хүрэхгүй ачаалал үүрч буй хувийн эмнэлгүүдтэй бараг ойролцоо санхүүжилт авч байна. Цаад утгаараа энэ нь хөдөлмөрийн үнэлэмжийн хувьд шударга бус зарчим. Үүгээр зогсохгүй, ЭМДЕГ-аас 2024 онд Хавдар судлалын үндэсний төвийг өнгөрсөн онд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ тоог цөөрүүлж гэрээ хий гэснийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. Жишээлбэл, эрхтэн шилжүүлэх мэс заслыг төдөн хүнд л хий гэж тоо зааж болохгүй. Энэ эмчилгээ шаардлагатай хүн олон байна. Гэтэл элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоог гэрээнд зааснаас илүү гаргавал даатгалаас санхүүжүүлэхгүй гээд журам гарчихсан. Үйлчлүүлэгчдийн тоог төсвөөр барьж, хориод байвал тусламж шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх боломжгүй болно. Өмнө нь төсвөөс олгосон санхүүжилтэд тааруулж авсан эм, тариа нь сарын дунд гэхэд дуусчихдаг, иргэд халааснаасаа мөнгө гаргаж эмчилгээндээ ордог байсан. Эргээд тэр үе рүү очих вий гэхээс эмээж байна” хэмээн ярив.
Энэ мэтээр улсын эмнэлгүүдээс өө хайж, бага зэргийн алдаан дээр нь дөрөөлж, санхүүжилтээс нь хасах сонирхол ЭМДЕГ-т байна гэж хардахад хүрч буй юм. Төрөлжсөн нарийн тусламж, үйлчилгээ үзүүлж, томоохон хэмжээний мэс засал хийж, өвчтөнөө эрүүл болгоод гаргасан байхад санхүүжилтийг хасах, олгохгүй байх тохиолдол нэг бус эмнэлэгт гарсаар байна. Өөрөөр хэлбэл, ЭМДЕГ хэт бичиг, цаас хөөцөлдөж, гарын үсэг зураагүй зэргээр шалтаглан санхүүжилтийг нь өм цөм хасаж буйг улсын эмнэлгийн удирдлага, эмч нар дуу нэгтэй хэлж байв. ЭМДЕГ их хэмжээний алдагдалтай ажилласан учраас үүнийгээ нөхөхийн тулд иргэдийг хохироох вий. Улсын томоохон эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний тоог цөөрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нь олгохгүй бол иргэд хохирох нь ойлгомжтой. Нөгөө талаас чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн, эсэхийг нягталж, шалгасны үндсэн дээр үнэхээр хангалттай ажилласан байгууллагад санхүүжилт олгох нь зөв.
Гэхдээ шалгалт, үнэлгээгээ оновчтой хийж, санхүүжилтээ шударгаар хуваарилж буй, эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг хувийн хэвшлийн 192 эмнэлэгт өнгөрсөн гурван сарын хугацаанд 90 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон аж. Гэтэл нэр бүхий тэдгээр эмнэлэгт яваад очиход зарим тусламж, үйлчилгээ нь даатгалд хамрагдаагүй байдаг. Тухайлбал, “Зуун наст” гэх эмнэлэг мэдрэл, уламжлалт, дотрын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн даатгалаар хэвтэн эмчлүүлэх боломжтой уг эмнэлэгт дотрын эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй байна. Уг эмнэлгийн дарга өнгөрсөн хоёр, гуравдугаар сарын санхүүжилтээ ЭМДС-гаас авч чадаагүй байгаагаа учирласан. Санхүүжилт нь асуудалтай хэвээр үргэлжилбэл “Зуун наст” шиг цөөн хүн хэвтүүлэн эмчилдэг “жижиг” эмнэлгүүд хаалгаа барихад ойрхон байна.
Үйлчлүүлэгчийн хөл тасардаггүй, үргэлж ачаалалтай ажилладаг эрүүл мэндийн байгууллагуудын нэг бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Энэ хэрээр ЭМДС-гаас хамгийн өндөр санхүүжилт авдаг аж. Гэсэн ч тус эмнэлэгт санхүүжилттэй холбоотой асуудал гарсаар байна. Тус эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргалаас энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ бүхэлдээ ЭМДС-гаас хамаарч байна. Манай эмч, ажилтнууд ажлын гүйцэтгэлээ даатгал руу илгээдэг, тусламж, үйлчилгээ чанартай, эсэхийг тэд хянаж санхүүжилт олгодог тогтолцоотой болсон. Эмч, сувилагч нар шаардлагын дагуу бүх зүйлээ хийх ёстой. Гэхдээ дутуу бөглөх, гарын үсэг зураагүй зэрэг бичиг цаастай холбоотой ажлаас болж санхүүжилтийг ихээр хасаж байна. Өнгөрсөн онд гэхэд манай эмнэлгийн санхүүжилтээс гурван тэрбум гаруй төгрөг хассан. Бусад эмнэлэг ч тодорхой хэмжээнд хасуулсан байна лээ. Энэ мөнгөөр ажилчдынхаа цалинг нэмж, шаардлагатай тоног төхөөрөмжөө авсан бол эмнэлгийн үйл ажиллагаанд хэрэгтэй байлаа. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт хангалтгүй, халаас нь нимгэн учраас аль болох танах, хасахад анхаарч байх шиг. Бид иргэдэд чанаргүй тусламж, үйлчилгээ үзүүлчихээд төсвөө хасуулж байвал хамаа алга. Гэтэл өвчтөн чанартай тусламж аваад, эдгэрээд эмнэлгээс гарсан байхад цаасаа дутуу бөглөсөн гэсэн шалтгаанаар санхүүжилтийг хассан. Жишээ нь, өвдөгний үе солих ч юм уу, томоохон хэмжээний мэс засалд хэрэглэсэн материал зардал нь манай эмнэлгээс гарсан атал санхүүжилтийг нөхөж олгохгүй байгаа нь шударга биш” гэв.
Чанартай тусламж, үйлчилгээний хэмжүүр нь бичиг цаасны бүрдүүлэлт болоод байгааг эмч нар ийнхүү шүүмжилж байв. Зарга үүсгэхээр хүлээж авдаггүй тул эрүүл мэндийн байгууллагынхан ЭМДЕГ-тай зохицож ажиллахаас өөр сонголтгүй болжээ. Санхүүжилттэй холбоотой мэдээлэл өгөхдөө эмнэлгийн удирдлагууд няхуур хандсан бөгөөд авдаг хэдийгээ нэмээд хасуулчих вий гэх болгоомжлол байсныг нуух юун. Үүнээс гадна ЭМДЕГ-аас санхүүжилт олгох шалгуур үзүүлэлтээ байнга өөрчилдөг нь эмнэлгийн ажилтнуудад төвөг уддаг гэнэ. Тухайлбал, зарим үйлчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж хагас цаг, эсвэл хэдхэн минутын хугацаанд үзэх ч тохиолдол байдаг. Гэтэл заавал 10 минут үзэх ёстой гэх мэтээр “хүчилж” байгаа нь эмч нарыг бухимдуулсан хэвээр.
Үүнээс болж эмч нар тухайн хүний эрүүл мэндээс илүү даатгал төлсөн, эсэхэд анхаардаг болсон гэхэд хилсдэхгүй. ЭМДЕГ-аас өвчтөнийг чирэгдүүлэхгүй, сайн үзэж, зөвлөгөө өгөх хэрэгтэй гэдэг шаардлага тавьж буйг нь сайшаалтай ч бодит байдал дээр эргэж харах зүйл олон байна. Наад зах нь эрүүл мэндийн даатгалын болон эмнэлгүүдийн дотоод системээ тохируулах, гацахгүйгээр ажиллах боломжоор хангах хэрэгтэй. Хэдийгээр даатгалын сангийн хөрөнгө хязгаартай ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ өндөр чанартайгаас гадна үнэлэмж сайтай байх ёстойг эмч нар хэлсэн. Иймэрхүү үл ойлголцол, зөрчилдөөнөөс болж иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авч чадахгүй хохирох вий. Тэгвэл тэр хохирлыг хэн барагдуулах вэ.