“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын үеэр нэгдсэн хэлэлцүүлэг боллоо. Нэгдсэн хэлэлцүүлэг “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт” сэдвийн хүрээнд үргэлжилсэн юм. Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Стэнфордын Их сургуулийн Уолтер Х.Шоренштейн Ази, Номхон далайн судалгааны төвийн хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал проф.др. Шерил Алипио ажилласан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын “Зорилт 16.7 : Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох нь” зорилтыг хангахын тулд юу хийх, ямар арга хэмжээ авах талаар хөндөн хэлэлцлээ.
Үргэлжлүүлэн нэгдсэн хэлэлцүүлгийн панелист Улаанбаатар хот дахь Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефан Бурри илтгэл тавьж, тус агентлагийн үйл ажиллагааныхаа туршлагаас хуваалцсан юм. Тодруулбал, Европын хүний эрхийн шүүх дээр 70 дээш насны эмэгтэйчүүдэд уур амьсгалын өөрчлөлт ялангуяа, цаг агаарын халуун үзэгдлүүд нь илүүтэй нөлөөлж буй талаар гомдол гаргаад ялсан талаар дурдлаа. Энэхүү шударга, ёс, хариуцлагын асуудлыг уур амьсгалын өөрчлөлт цаашлаад, Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд уялдуулан гомдол гаргаж хэн нь, ямар хариуцлага хүлээж байгааг хөндөж, цаашид иргэдийг ийм ухамсартай болгохын тулд чанартай боловсролын хүртээмжээр хангах нэн шаардлагатай гэж үзэж байгаагаа дурдсан.
Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс парламентын боловсролыг нэмэгдүүлэх, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх хүрээнд сэтгүүлчдийн хөтөлбөр, малчдын орлогыг сайжруулах зэрэг төсөл хэрэгжүүлж буйгаа дурдаад ялангуяа хууль батлах үйл явцад иргэдийн оролцоог шинэ түвшинд гаргахыг зорьж байна гэв. Швейцарын хөгжлийн агентлаг, ОУПХ-той хамтраад Жендерийн эрх тэгш байдал буюу Хүний эрхийн үнэлгээг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн бөгөөд энэ нь дэлхийн парламентуудад анх удаагаа Хүний эрхийн үнэлгээг өөртөө хийсэн институц болсныг онцлон тэмдэглэсэн.
Үргэлжлүүлэн панелист Ченчи Үндэсний Их сургуулийн Ази Номхон далайн судлалын Олон улсын докторын хөтөлбөрийн туслах профессор Др.Жейкоб Рэйдхэд, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын тэнхимийн багш Проф.Др.Хва Жун Ким, Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн постдокторын судлаач Др.Жүнки Накахара, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Олон улс судлалын дээд сургуулийн декан, Олон улс, бүс нутаг судлалын хүрээлэнгийн захирал, Олон улс судлалын тэнхимийн профессор Др.Брендан Хоу нар "Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдвийн хүрээнд холбогдох судалгааныхаа илтгэлээ танилцууллаа.