Хүн амын дунд шүдний өвчлөл их байгаа ч эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг ганц төвийнх нь ачаалал дийлдэхгүй, цаг олддоггүй нь иргэдийг ихээр бухимдуулдаг. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв (НШЭНТ) нь улсын хэмжээнд шүд, эрүү нүүрний эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлдэг учир ачаалал ихтэй. Тус эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд иргэд e-kart.mn цахим системээр нэвтэрч, өмнөх өдөр нь урьдчилан цаг авдаг юм. Харин өчигдрөөс нүүр амны мэс заслын тасагт шүд авхуулах иргэдэд цахимаар гурав хоногийн дугаар олгож эхэлжээ. Шүдний эмчилгээ, гажиг заслын эмчид үзүүлэх бол e-kart. mn цахим системээр нэвтэрч, орой бүр 20.00 цагт дугаар авах боломжтой. Гэвч хэдхэн минутын дотор дугаар нь дуусчихдаг тул иргэд хэд хоног “манаж байж” үзүүлэх цаг авдаг юм.
Тус эмнэлгийнхэн ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж, өдөрт 400 орчим хүнд үйлчилдэг гэнэ. Цаашид ажиллах хугацаагаа уртасгаж, 22.00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эмч, сувилагчдын тоог нэмэх шаардлагатай байгаа аж. Түүнчлэн тус төвийнхөн мягмар гараг бүр ахмадуудад дараалалгүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм байна. Мөн 70112247 дугаарын утсаар шүд авхуулах цаг захиалж болох нь. Харамсалтай нь, уг утас руу хэчнээн залгаад холбогдож чадсангүй гэх гомдол иргэдээс тасрахгүй байна.