Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/108 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлого” батлагдан, үйл ажиллагаандаа мөрдөж эхэллээ.
Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлснээр хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, эцэг, эх, асран хамгаалагч, ажилтан, алба хаагчдын хүүхэд хамгааллын талаарх ойлголт нэмэгдэх юм. Мөн байгуулагын орчинд хүүхдэд ээлтэй орон зай бий болсноор алба хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэж, хамт олны эерэг уур амьсгал бүрдэнэ.
Дашрамд мэдээлэхэд, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиудын хүрээнд хүүхэд нийгмийн бүх орчинд, хүчирхийллийн аливаа хэлбэр /дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдал/-ээс хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл болон төрийн онцгой халамж, хамгаалалтад байх шаардлагатай болохыг хуульчилсан байдаг.