Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн хамтарсан хурал Сэлэнгэ аймагт боллоо. Хамтарсан хуралд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов оролцов. Мөн ОХУ-ын Хилийн байгууламж барих, ашиглах газрын Чита дахь салбарын дэд захирал Саттаров Никита Равильевич, Монгол Улстай харилцах асуудлаарх Бүгд Найрамдах Буриад Улсын сайд Чирипов Даба Жалсан Шагжиевич, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, Хилийн боомтын захиргааны боомтын үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Балдорж нар хил залгаа боомтуудын нөхцөл байдал, төлөвийг танилцуулж, мэдээлэл солилцлоо. Тэд хурлаар хилийн Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх ажлын явц, Хилийн Зэлтэр-Желтура, Бага-Илэнх-Айнек боомтын хөгжлийн хэтийн төлөвийн талаар санал солилцсон юм. Мөн Алтанбулаг болон Хиагтад өрнөж буй бүтээн байгуулалттай газар дээр нь танилцсан юм. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгатай хэлэлцээрийн үр дүнгийн талаар ярилцлаа.
-Сэлэнгэ аймагт ОХУ-ын төлөөлөлтэй уулзаж, томоохон хэлэлцээ хийлээ. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-ОХУ-тай хиллэдэг, импортын бүтээгдэхүүний импортын зарим голлох бүтээгдэхүүнээ нэвтрүүлдэг Алтанбулаг, Сүхбаатар боомтод ажиллаж байна. Гол нь Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденовтой Алтанбулаг боомтод уулзаж, харилцан яриа хэлэлцээ хийж, мэдээлэл солилцлоо. Үндсэндээ Алтанбулагийн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх үйл ажиллагаатай болгохоор хоёр талаас санал нэгдлээ. Буриадын талаас боомтыг ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх хэрэгцээ, шаардлага ачаалал хэр байгаа талаар судалгаа хийж, ярилцах хүсэлт тавьлаа. Монголын тал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх бэлтгэлээ шаргуу хангаж буй.
-Манай талд уг боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгох ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ?
-Бидний хувьд боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх хэд хэдэн хэрэгцээ шаардлага бий. Нэгдүгээрт, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорын хойд цэг буюу гол цэг бол Алтанбулаг боомт. Мөн эдийн засгийн коридорын урд цэг буюу Замын-Үүд-Эрээний боомт БНХАУ, Монгол Улс Засгийн газар хооронд ярьсны дагуу өнгөрсөн жилээс авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 14 хоног 24 цагаар ажиллуулах туршилтыг амжилттай хийсэн. Үүний үндсэн дээр дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгох шийдвэрт хүрсэн. Хоёрдугаарт, Дархан-Уул Улаанбаатарыг холбосон дөрвөн эгнээ хоёр урсгал замтай ижил Дарханаас Алтанбулаг боомт руу, Налайхаас Замын-Үүд боомт руу мөн дөрвөн эгнээ хоёр урсгалтай авто зам барих бүтээн байгуулалтыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр коридорын ачааллыг нэмэгдүүлэх, явах тээврийн хэрэгслийн өртөг зардлыг буулгах, ачаалал нь хэтэрчихсэн төмөр замын ачааллыг шилжүүлэх зорилгоор Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн ажиллагаатай болгох нь чухал байгаа юм. Автозамууд барихтай зэрэгцээд боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэхээр төлөвлөсөн.
-Хилийн гадна танилцсан бүтээн байгуулалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагтын боомтын үйл ажиллагаатай танилцаж, эл боомт дээр өрнөж буй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ачаа тээврийн ложистикийн терминалыг газар дээр нь үзэж танилцлаа. Өнөөдрийн байдлаар нэг өдөрт 350 автомашинд гаалийн үзлэг шинжилгээ хийж, бичиг баримт бүрдүүлэх хүчин чадалтай Авто тээврийн зогсоолыг Хиагтын талд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар босгож, зургадугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол, Орос, Хятад улсыг холбосон эдийн засгийн коридорын ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байна. Үүнийг тоогоор баримтжуулах, ирээдүйн таамаг тооцооллыг хоёр талаасаа хийж тохиръё гэдэг байдлаар Буриадын талтай хэлэлцэж ярилцлаа.
-Буриадын талаас ямар хариу өгсөн бэ, тодорхой мэдээлэл өгөөч?
-Ойрын хугацаанд наймдугаар сарын 1 гэхэд Буриадын тал боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэхээр дотоод техникийнхээ бэлэн байдлыг хангана гэсэн. Мөн цаашаа ОХУ-ын Зам тээврийн яамны дэргэдэх Боомтын төлөвлөлт хөгжлийн газрын шийдвэр гарсны дараа ачаа тээврийн хэсэг 24 цагийн үйл ажиллагаатай болгоно гэсэн мэдээллийг өгсөн. Бид газар дээр нь очиж, биечлэн уулзаж мэдээлэл авсны үндсэн дээр Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллах ажиллагааг Замын-Үүд-Эрээн боомтын туршилттай уялдуулах, өөрөөр хэлбэл зэрэгцэж үйл ажиллагаа явуулах талаас нь асуудлыг шийдэхээр ОХУ буюу Москва руу Зам тээврийн хөгжлийн яам руу хүсэлт гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр урд тал болон хойд талдаа 24 цагийн үйл ажиллагаатай болно. Холбосон замууд ашиглалтад ороод үйл ажиллагаа эхлэх нөхцөл бүрдэх юм. Үүгээр дамжин өнгөрөх тээврийн урсгал, барааны урсгал, худалдааны урсгал эрс нэмэгдэх бололцоо бий.
-Ингэснээр транзитаас орж ирэх орлого хэрхэн нэмэгдэнэ гэж тооцож байгаа вэ?
-2023 оны эцсийн байдлаар ОХУ, БНХАУ хоорондоо хийсэн гадаад худалдааны хэмжээ 200 тэрбум ам.доллар давсан. Монгол Улсын хувьд Хятад улстай хийж буй худалдаа 15.2 тэрбум байдаг. Транзит хийнэ гэдэг ОХУ-ын бараа тээврийн худалдааг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр явуулна гэсэн үг. Тэгэхээр Орос, Хятад улс хоорондоо хийж буй 200 тэрбум ам.долларын худалдааны тодорхой хувийг хоёр улсын газар нутаг дээгүүр дамжуулан өнгөрүүлэх нь Буриад, Монголын аль аль талд нь үр өгөөжтэй. Хамгийн гол нь энэ хоёр улсын хооронд хийх худалдааг Монголын тээвэрчид өөрийнхөө газар нутаг дээр тээвэрлэнэ гэдэг эдийн засгаа тэлж, олон олон ажлын байр бий болох ёстой. Өөрөөр хэлбэл, транзит тээвэр хийж, 1000 орчим км замд хэрэглэх түлш шатахуунаас эхлээд тэнд ложистикийн үйлчилгээ үзүүлэх, буудал гээд бүх чиглэлд ашиг шингээх бүрэн боломжтой. Маш олон төрлийн бизнесийн бодит үйл ажиллагаа үүснэ. Үүнийг л ажил хэрэг болгохын угтал болгож эл хурлыг хийж байгаа юм. Энэ бүгдийг бий болгохын тулд гэрийн даалгавраа бид маш сайн хийх ёстой. Өөрөө хэлбэл, одоогийн цагийн горимыг өөрчлөх, дэд бүтэц сайжруулах, цагийг сунгах байдлаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
-Алтанбулаг боомтыг цогцоор шинэлэх “даалгавар” хэдэн хувьтай байгаа вэ?
-Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг 2019 онд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ачаа тээврийн терминал бүрэн ашиглалтад орсон. Зорчигч тээврийн терминал 66-75 хувийн гүйцэтгэлтэй. Өнгөрсөн хугацаанд ковид цар тахал дэгдсэн, бараа материалын үнэ өссөн гээд асуудал “ундарсан”. Гэхдээ үүнийг хувийн хэвшилтэйгээ нэлээд ярьж, хэлэлцээ хийх замаар урагшлуулсаар байна. Тиймээс энэ ондоо багтаад зорчигч тээврийн терминал бүрэн ашиглалтад орно. Үр дүнд нь олон улсын стандартад нийцсэн эдийн засгийн коридор бүхий урд, хойд хоёр том боомтын нэвтрүүлэх хүчин чадал хуучнаасаа дөрөв дахин өсөх нь ээ.
-Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсэг 24 цаг ажилласнаар иргэдэд улсын эдийн засагт ямар өгөөжтэй вэ?
-Одоо 08.00-20.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол цаашдаа 14 цагаар сунаж ажиллах нь. Нэг Алтанбулаг байсан бол хоёр Алтанбулаг болж, эдийн засгийн үр өгөөж хоёр дахин өснө. Боомтын дээрх хэсэг 24 цаг ажиллаад ирэхээр тээвэр ложистикийн үйл ажиллагаа ложистикийн компаниудад боломж шинээр нээгдэх учир ачаалал ч нэмэгдэнэ.
-Буриад улстай манайх хэчнээн боомтоор хиллэдэг вэ. Хаагдсан Зэлтэр боомтыг нээх боломжтой юу?
-Буриад улстай манай улс таван боомтоор хиллэдэг. Эдгээрээс хоёрынх нь үйл ажиллагаа хаалттай. Ажиллахгүй байгаа хоёр боомтоо хэрхэн яаж сэргээх вэ, үйл ажиллагаатай болгох вэ. Яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэгт аль аль тал нь санаачилгатай ажиллах ёстой. Монголын талаас Түшиг сум руу тавьсан автозамаа ашиглалтад ороход бэлэн. Улсын комисс хүлээн авахаар энэ өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Хувийн хэвшлийнхэн боомтын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах санаачилгыг бид дэмжиж байгаа. Энэ талаараа ОХУ-ын Буриад улсын талд мэдээлэл өгч, бид ийм байдлаар хөгжүүлэхэд бэлэн, та бүхэн бас дотоодоо үүнийг хөгжүүлэх тал дээр анхаараач гэж хүсэлт тавьсан. Буриадын тал боомтоор хийх худалдааны төрөл, бүтээгдэхүүний хэмжээ тоог тодорхой болгооч. Тодорхой үндэслэлтэй байх юм бол бид цааш дээд удирдлага руу хүсэлт тавиад нээх тал дээр дэмжье гэдэг хариу өгсөн. Ингээд хоёр талаас ажлын хэсэг гарч, судалгаа хийхээр болсон. Зэлтэр боомтоор худалдаа хийх сонирхолтой байгаа аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагын төлөөлөл оролцсон хоёр талын хамтарсан ажлын хэсэг эдийн засгийн үндэслэлүүдийг гаргаж ирэхээр тохирсон. Бага-Илэнх-Айнек боомтыг нээснээр худалдаанаас гадна соёл урлаг, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Монгол Улсын Засгийн газраас 2009 оноос хойш ажиллаагүй Бага-Илэнх-Айнек боомтыг хөгжүүлэх зураг төслөө гаргасан.
Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байна. Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийх зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг энэ онд ашиглалтад өгөх юм. Боомтын шинэчлэл хийж, өргөтгөлийн ажил бүрэн дууссанаар өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Алтанбулаг боомтод зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулна. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай дахин дахин нэмэгдэх ба өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин өснө. Мөн Алтанбулаг сумын хүн ам 19 мянга орчим болно гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байна. Үүнийг гаргахдаа ажлын байр дагаж шилжин ирэх өрхийн дунджийг улсын дундаж болох 3.3 хүнээр тооцжээ.