-Хүүхэд, эмэгтэйчүүд хоол тэжээлийн дуталд өртөж байна-
Монгол Улсад гамшиг, аюул, осол жилээс жилд нэмэгдэхийн хэрээр хохирлын хэмжээ өссөөр байгааг холбогдох байгууллагынхан мэдээлж буй. Нийслэл хот гэхэд зун үерт автсаны улмаас хүний амь эрсдэн, олон зуун айл орох оронгүй болж, сэтгэл санаа, эд хөрөнгийн асар их хохирол амссан. Өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байв. Гэнэтийн их ус аав, ээжтэйгээ автомашинаар зорчиж явсан аравхан сартай хүүгийн амийг авч одсон.
Гамшгийн үедэх нь тээж байсан, эсвэл мэндэлсэн хүүхдийг зудын гамшигт өртсөн гэж тооцсон байна. Тэдгээр хүүхдийн өсөлтийг гамшиг өнгөрснөөс хойш төрсөн хүүхдийн өсөлттэй харьцуулан үнэлсэн аж. Гамшигт өртсөн хүүхдийн биеийн өндөр нь өртөөгүй хүүхэдтэй харьцуулахад бага буюу намхан байж. Судлаачид зуд нь хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг тогтоож, үр дүнгээр баталсан байна.
Төлөвлөөгүй барьсан барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйн балгийг олон хүн амиараа төлсөн ч байдал ер сайжирсангүй. Нийслэлийн тухайн үеийн удирдлага үерт амиа алдсан хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр, бусад айлд гэр өгөхөө мэдэгдэж байлаа. Байгалийн гамшигт өртөж амиа алдвал байр өгч амыг нь тагладаг эмгэнэлтэй жишиг тогтож байх шиг. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдын ар гэрт мөн байр өгөөд л асуудлыг шийдчихдэг болсон. Шийдвэр гаргагчид энэ мэтээр гал унтраах төдий арга хэмжээ авдаг нь гамшиг, аюул болоход хамгаалалт болж чадахгүй байна. Ялангуяа гамшиг, ослын үед хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орхигдож, тусламж, үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа юм.
Тухайлбал, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн Монгол Улсын дунд хугацааны тайлан”-д дурдсанаар цэцэрлэг, сургуулиудын орчимд газар хөдлөх эрсдэл өндөр, ахуйн гал түймэр, хүчтэй салхи шуурга, үерийн гамшгийн эрсдэл дунд гэж дүгнэсэн байна. Хүүхэд өдрийн ихэнх цагийг цэцэрлэг, сургуульдаа өнгөрөөдөг, аливаа гамшгийн үед нэмэлт тусламж шаардлагатай эмзэг бүлэгт хамаарах тул сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, багш, сурагчдын мэдлэг ойлголт, гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх нь нэн чухал болохыг онцгойлон сануулсан байдаг. Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд газар 53 удаа хөдөлжээ. Олонх сургууль, цэцэрлэгийн барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, идэвхтэй бүсэд байна гэж сануулсан атал Засгийн газар, холбогдох байгууллагууд нь яг ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын дараа хүн амын дунд хоол тэжээлийн дутал (биед хэрэгцээтэй бодис дутагдсанаас үүсэх эмгэг) нэмэгддэг байна. Ялангуяа тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд хоол тэжээлийн дуталд өртөх магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буй юм. Энэ талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаагаас лавлахад “Манай төв НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зудын гамшигт нэрвэгдсэн зарим орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтанд гамшгийн үед нялх, бага насны хүүхдийн хооллолтод хэрхэн анхаарах талаар сургалт зохион байгууллаа.
Өвөлжилт хүндэрч, зуд болсон Архангай, Завхан, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн дутлыг илрүүлэх, эмчлэх, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд зөвлөгөө өгөх, бичил тэжээлийн бэлдмэлээр хангах, түгээх, хяналт, үнэлгээ хийх тухай мэдээлэл өгсөн. Зуд болон байгалийн гамшигт үзэгдлийн дараа хүүхдүүдийн өсөлт, хөгжил хоцрогдсон, хоол тэжээлийн архаг дутал үүссэн байдал ажиглагдсан” гэв. Зудын гамшиг нь малчин өрхийн бага насны хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо, ХБНГУ-ын “DIV Berlin” байгууллагын судлаачид арваад жилийн өмнө судалж, тогтоосон байна.
Тэд зудад өртсөн айл өрхийн 0-6 сартай хүүхдийн биеийн жин, өндрийг хэмжиж, өсөлтийг нь гурван жилийн хугацаанд хянажээ. Гамшгийн үед эх нь тээж байсан, эсвэл мэндэлсэн хүүхдийг зудын гамшигт өртсөн гэж тооцсон байна. Тэдгээр хүүхдийн өсөлтийг гамшиг өнгөрснөөс хойш төрсөн хүүхдийн өсөлттэй харьцуулан үнэлсэн аж. Гамшигт өртсөн хүүхдийн биеийн өндөр нь өртөөгүй хүүхэдтэй харьцуулахад бага буюу намхан байж. Судлаачид зуд нь хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг тогтоож, үр дүнгээр баталсан нь энэ. Бага насны хүүхдийн өсөлт удаашрах нь хоол тэжээлийн архаг дутлын илрэл юм байна. Өнгөрсөн өвлийн зудын улмаас малчин өрхийн бага насны хүүхдүүд хоол, тэжээлийн дуталд өртөх өндөр магадлалтайг Н.Болормаа сануулав.
Малчид хатуу өвлийг давж, хавартай золгосон ч нөхцөл байдал хүнд хэвээр буй. Өнгөрсөн өвөл 14 аймгийн 46 сумд мөсөн зуд болж, зарим нутгаар салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрснийг онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн. Одоогоор улсын хэмжээнд нийт 6.3 сая мал хорогджээ. Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж мэрэгч тархах зэргийг аюултай үзэгдэл гэж тодорхойлсон байдаг. Ялангуяа манай улсад сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшиг, аюулт үзэгдлийн тоо хэмжээ нэмэгдэх болсон. Тухайлбал, аюулт үзэгдэл, ослын тохиолдол өнгөрсөн онд 4485 болж, өмнөх оны мөн үеийнхээс 185-аар буюу 4.3 хувиар өссөн байна. Үүний улмаас 321 хүн нас барж, 3537 иргэн гэмтэж бэртжээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар гамшигт үзэгдэл 3271 удаа тохиолдож, 137 хүн амиа алдан, 26.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Гамшиг, ослын үед гар сунган ажилладаг байгууллагын нэг нь Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН). Хандив, тусламжийн талаар тус нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ахлах ажилтан Г.Сугармаагаас тодруулахад “Энэ жил МУЗН зудад нэрвэгдсэн нийт 10 мянган малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц болон нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, зудын үед бид эцэг, эхээсээ хол, дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд тоглох, боловсрол олгох багц бэлтгэж, хүргэхээр ажиллалаа. Мөн өнгөрсөн зун болсон үерийн үеэр орон гэрээ алдсан хүүхэдтэй өрхүүдийн түр орогнох байранд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, тоглоом болон ном, зураг өгсөн. Охид, эмэгтэйчүүд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдийн ариун цэвэр, тусгай хэрэгцээ, шаардлагыг хангахыг хичээж ирсэн. НҮБ-ын Хүн амын сантай хамтарч зудад өртсөн хөхүүл болон жирэмсэн 700 эмэгтэйд охид, эмэгтэйчүүдийн багц тараалаа. Түүнчлэн гамшгийн үед жендертэй холбоотой хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг ихэсдэг тул шийдвэрлэхээр тусгай утас ажиллуулж, олон нийтээс ирсэн дуудлагын дагуу холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна” гэв.
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үеэр манай улс барьц алдаж, хүний эрхийг зөрчсөн цөөнгүй тохиолдол гаргаж байсан. Үүний дотор жирэмсэн эмэгтэйчүүдээс дахин дахин шинжилгээ авч чирэгдүүлэх, хяналт, төрөх үйл явцад ч алдаа дутагдал гарч байв. Цар тахлын тоон мэдээг оруулсан байдлаар манай улсын хэмжээнд 2015-2021 онд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 3501 хүн нас барсан байна. Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэрлэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан гамшгийн эрсдэл, аюулт үзэгдэл, осол нэмэгдсээр байгааг холбогдох албаныхан сэрэмжлүүлсээр буй. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ган, зуд нэмэгдсэн. Гантай жил ой, хээрийн түймэр, дараа өвөл нь зуд болох магадлал ихэсдэг гэнэ.
Зудын дараа малын сэг зэмээс халдварт өвчин, гэнэтийн үерийн дараа гэдэсний халдварт өвчин гаарах магадлалтай. Гамшгаас хамгаалах тухай хуульд Гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх талаар тусгасан. Ийм сантай болсноор эрсдэлтэй нутаг дэвсгэрийн газар зүйн болон гамшигт нэрвэгдэж болзошгүй хүн ам, дэд бүтцийн бүртгэл, мэдээлэл тодорхой болох юм. ОБЕГ-аас ийм мэдээллийн сан бүрдүүлж буй бөгөөд 2017-2023 оны гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик судалгааг ангилан нэгтгэсэн гэв. Сангаа бүрдүүлэхээс эхлээд урьдчилан сэргийлэх, газар дээр нь тусламж, үйлчилгээ үзүүлэх гээд бүхий л ажилдаа хүүхэд, эмэгтэйчүүдийг орхигдуулж боломгүй байна.