Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт, Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах Шинэ Зуунмод хот есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлтэй байх гэнэ. Үүний гурван гишүүн нь тус хот дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас сонгогдсон хөрөнгө оруулагчдын төлөөлөл байх бол зургааг нь оршин суугчдын дундаас шалгаруулж, хотын захирагч томилох аж.
Энэхүү зөвлөл Шинэ Зуунмод хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого тодорхойлох, хотын чиг үүрэгт хамаарах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд гол үүрэг хүлээнэ. Тодруулбал, шинэ суурьшлын бүсийн дүрэм, журам, хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий, газар зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөг батлах, бүсчлэл тогтоох, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, татвар, төлбөр, хураамж, урамшууллын хэмжээг тогтоох, өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах, өөрчлөх, татан буулгах зэрэг хоттой холбоотой хамаг л чухал шийдвэрийг тус зөвлөл гаргах нь.
Үндсэндээ гүйцэтгэх чиг үүрэг, бүрэн эрх, хэрэгжүүлэх арга хэмжээнийх нь цар хүрээгээр авч үзвэл Шинэ Зуунмодын удирдлагын тогтолцооны тэргүүнд хотын зөвлөл, түүний дараа хотын захирагч, ерөнхий архитектор, хөгжлийн корпорац эрэмбэлэгдэж байна. Эндээс хотын зөвлөлд, үүнд багтах есөн хүнд ямархуу хэмжээний эрх мэдэл, хүч чадал төвлөрүүлэхээр зэхэж байгааг баримжаалж болох юм.
Ийм нэг онцгой эрх бүхий бүтэц байгуулах хуулийн төслийг нийслэлийн ЗДТГ болон Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааныхан хамтран боловсруулаад байна. Өнгөрсөн сарын дундуур болсон “Улаанбаатар-бүсчилсэн хөгжил” форумын үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг анх олон нийтэд танилцуулсан бол үүнээс хойш мэргэжлийн байгууллагынхан, гадаадын зөвлөх багийнхныг оролцуулсан хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, өдгөө иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авч эхлээд буй юм.
П.Сайнзориг “Дагуул хотуудын төлөвлөлт, концепц өөр өөр. Эдгээрт нийтлэг хууль гаргахад хугацаа шаардана. Тиймээс “Шинэ Зуунмод хот” төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн тулд тусгайлан эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай гэж үзсэн” хэмээн хуулийн төсөл боловсруулсан шалтгаанаа тайлбарлажээ. Гэсэн ч энэ нь хангалттай үндэслэл, зөвтгөх шалтгаан болохгүй байна. Учир нь Шинэ Зуунмодыг Улаанбаатарын дагуул хот байдлаар байгуулахаар холбогдох бодлогын баримт бичиг, хуульд тусгасан. Тиймээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар үүнийг шийдэж, зохицуулах боломжтой. Үгүй ядаж л Шинэ Зуунмод, Шинэ Хархорум, Майдар гээд байгуулахаар төлөвлөж буй бүх дагуул хотод хамаатай, нэгдсэн хууль боловсруулж болох байлаа. Энэ янзаараа Шинэ Хархорум болон Майдар хотын эрх зүйн байдлын тухай хууль ч тун удахгүй “мэндлэх нь”.
Хууль олшрохын хэрээр хийдэл, гажуудал, цоорхой үүсдэг. Тиймээс ч зарим судлаач, мэргэжилтэн үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нь энэ талаар тодорхой саналуудыг дэвшүүлжээ. Бий болгоогүй, бүтээн байгуулалтынх нь ажил ч шуудраагүй, газар чөлөөлөлтөөс эхлээд өчнөөн асуудалтай байгаа “хоосон хот”-д зориулж тусгай хууль яаран сандран боловсруулна гэдэг нь бүр ч “но”-той. Үүний цаана хэн нэгний эрх ашгаас үүдэлтэй тусгай сонирхол, санаархал байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж хардах шалтгаан нь нийтлэлийн эхэнд дурдсан, онцгой эрх бүхий зөвлөл байгуулахтай холбоотой зохицуулалт юм.
Хотын зөвлөлд Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас сонгох гурван хөрөнгө оруулагч нь хууль ёсны дөрвөн шаардлагыг хангах ёстой гэнэ. Тодруулбал, татварын хугацаа хэтэрсэн өргүй, өмнө нь ял шийтгэл авч байгаагүй, Шинэ Зуунмод хотод 10 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн Монгол Улсын иргэнийг үүнд багтаахаар хуулийн төсөлд тусгажээ. Тэгэхээр энэ зөвлөлд хөрөнгө чинээтэй хүмүүс л орно гэсэн үг. Тэр дундаа Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн газарт их хэмжээний талбай эзэмшигчээр нэр нь тодроод буй, шинэ суурьшлын бүсэд 3600 айлын орон сууц барих сураг чимээ нь дуулдах болсон уяач Д.Хишигжаргал (Дамбын Хишгээ нэрээрээ олонд танигдсан) тэргүүтэй бизнесмен хотын зөвлөлд “ногоон гэрэл”-ээр багтаж болзошгүй. Магадгүй багтаачихсан байж ч мэднэ.
Уншигчдадаа эргэн сануулахад, Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг 2022 оны хавар хэлэлцэх үеэр Д.Хишигжаргалын эзэмшлийн газартай холбоотой асуудал сөхөгдсөн. Тус бүтээн байгуулалтыг хариуцсан нэгэн мэргэжилтэн тухайн үед “Чөлөөт бүсэд хамаарах газарт Дамбын Хишгээгийн гэсэн хаягтай газар бий. Засгийн газрын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, үйл ажиллагаа явуулна гэсэн. Шаардлагатай тохиолдолд тус газрыг бүхэлд нь авч болно гэх саналыг түүний зүгээс тавьдаг юм билээ. Гэхдээ үнийн санал тавиагүй” гэж ярьсан байдаг. Харин Сэргэлэн сумын удирдлага Д.Хишигжаргалын “Моодун хаан групп” ХХК тухайн бүсэд 2014 онд 500 га талбай авсан, газар олгосноос үүдэлтэй маргаан үүссэн ч гурван шатны шүүх тэдний талд шийдвэрлэсэн, эл аж ахуйн нэгж эзэмшил хэсэгтээ морин тойруулга, аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буйг хэлж байв. Бид тухайн үед “Хөшигийн хөндийг хөшиглөсөн шуналын сүүдэр арилаагүй” нийтлэлийнхээ “Эзэнтэй чөлөөт бүс” хэмээх хэсэгт энэ асуудлыг лавшруулан хөндсөн. Тэгвэл тус нийтлэлд дурдсан зарим таамаг, хардлагыг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулиар гүйцэлдүүлж магадгүй байна.
Шинэ дагуул хот, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад Д.Хишигжаргалын “Моодун хаан групп” ямар нэг байдлаар оролцох нь тодорхой. Харин үүнийхээ хариуд хотын зөвлөлд өөрийгөө эсвэл “элч төлөөлөгч”-өө багтаах онцгой эрх өвөртлөх магадлал өндөр. Шинэ Зуунмод хотын хамаг чухал шийдвэр, ажлуудыг хөрөнгө оруулагч нэртэй хэдэн бизнесмен, “ашиг эрэгчид” хөшигний цаанаас удирдах нөхцөл бүрдэх юм.
Шинэ Зуунмод хотын нутаг дэвсгэр нь эдийн засгийн чөлөөт, амралт, аялал жуулчлалын, олон нийт, худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, зах, худалдаа, бөөний төвийн, тээвэр ложистик, үйлдвэрлэлийн, олон улсын нисэх буудал, агаарын каргоны, аж ахуй, нөөцийн гэсэн есөн бүстэй байна гэж хуулийн төсөлд тусгажээ. Тэгвэл энэхүү бүсчлэлийн хуваарийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ч хотын зөвлөл батална, хэрэгжүүлэх дүрмийг нь ч тэд гаргана. Цаашлаад дагуул хотын төсөв, хөтөлбөрийг хэлэлцэн баталж, хэрэгжилтийг нь хянана, тухайн бүсийн эдэлбэр газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээ зэргийг тогтоосон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ч энэ зөвлөлийн есөн хүн батална. Үндсэндээ Хөшигийн хөндийд хэн, хаана, юу хийх вэ гэдгийг эл зөвлөл шийднэ гэсэн үг. Тэд шинэ дагуул хотын бүтээн байгуулалт, цаашдын хөгжилд гол тоглогчийн байр сууриас оролцоно. Тэр хэрээр хотын зөвлөлд багтах гэсэн хүмүүсийн хооронд ширүүхэн зөрчил, тэмцэл өрнөж ч болзошгүй.
Хуулийн төсөлд Шинэ Зуунмод хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд, аялал жуулчлал, тээвэр ложистик, соёлын бүтээлч үйлдвэрлэл, биет бус өвийн академи, шинжлэх ухаан, инновац, олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, худалдаа зэргийг багтаагаад буй. Аялал жуулчлалд нь морин тойруулга, бооцоот тоглоом, музейн цогцолбор зэргийг оруулсан. Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд их хэмжээний газар эзэмшдэг гэх дээрх бизнесмен морин тойруулга байгуулахаар төлөвлөж буй гэх яриа эртнээс дуулдах болсон. Энэ нь нийслэлийн ЗДТГ, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааныхан хамтран “хоосон хот”-ын эзэнтэй хууль баталсан гэх хардлагыг улам бүр лавшруулж байна.
Хэрэв Шинэ Зуунмод хотыг хөрөнгө оруулагч нэртэй бизнесменүүдийн “гарт өгчихвөл” Улаанбаатарын зовлонгоос нимгэлэх үлгэр жишээ дагуул хот болох зорилго нь бүдгэрнэ. Нийслэлийн дагуул хот бус, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн вант улс болж хувирах эрсдэлтэй. Хуулийн төсөлд нь тусгасан “Бүх үйлчилгээндээ ойр, 15 минутын хот” болох, соёл, аялал жуулчлал, олон улсын харилцаа, үйлдвэрлэл, инновацын төв бүхий орчин үеийн эко, ухаалаг хот байх зорилт нь ч талаар болно. Учир нь эрх ашигт дийлдсэн бүхэн буруу зам руу хэлбийдэг жамтай. Өнөөгийн Улаанбаатар хот үүний бодитой жишээ билээ.