“Би багш-2021” үндэсний шилдэг багш шалгаруулах зорилтот нэвтрүүлгийн ялагч Д.Мөнхбаатар Сэлэнгэ аймгийн Мандал сумдаа сурагчдад зориулсан “Боловсролын төлөө” хэмээх төв нээжээ. Тэрбээр нэвтрүүлгийн ялагчийн шагналын мөнгөнөөсөө 48 сая орчим төгрөгөөр ашгийн төлөө бус сургалтын төв нээсэн нь энэ аж. Төвийн үйл ажиллагааны талаар түүнээс асуухад “Шилдэг багшийн шагнал болох 100 сая төгрөгөөсөө 10 саяыг нь сайн үйлсийн аянд зориулахаар хадгалсан байсан юм. Үүн дээрээ нэмэрлээд 12 хүүхдийн суудалтай, 76 ам метр хэмжээтэй байшин барьж, сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо. Эл төвөөрөө дамжуулан багш нартайгаа хамтарч хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийх зэргээр хүүхдийн хөгжлийг дэмжиж ажиллах юм. Мөн сурагчдыг илтгэх чадварт сургах, хувь хүний хөгжил, мэргэжил сонголтын талаар зөвлөх, олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдүүдийг бэлдэх зорилготой” гэв. Ташрамд дуулгахад, Д.Мөнхбаатар нь биологи, газар зүйн багш бөгөөд 400 багш өрсөлдсөн нэвтрүүлгээс шилдгээр шалгарсан юм.
Бэлтгэсэн Ч.Болор