Литва улсад НАТО-ийн цэргийн сургуулилтын үеэр АНУ-ын дөрвөн цэргийн албан хаагч сураггүй алга болжээ. Энэ тухай Associated Press мэдээлэв.
Эл хэргийн талаарх албан ёсны нарийн дүнэлт хараахан гараагүй байгаа ч НАТО дахь эх сурвалжаас тус агентлагийн тодруулснаар цэргийн албан хаагчид маневр хийх явцад гарсан ослын улмаас амиа алдсан байж магадгүй аж. Ослын шалтгааныг шалгаж байна.
Хэвлэлд бичиж буйгаар бол АНУ-ын армийн дөрвөн албан хаагч тактикийн сургуулилт дууссаны дараа буюу гуравдугаар сарын 25-нд Америкийн “M88 Hercules” засвар-тээвэрлэлтийн хуягт машинд суугаад явсны дараа тэднийг хэн ч хараагүй байна.
Европ дахь АНУ-ын армийн командлалын мэдээлснээр дээрх байлдааны техникийг сургуулилтын нутаг дэвсгэрт дэх цөөрмд живсэн байсныг олжээ.
Өмнө нь НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте дөрвөн цэргийн албан хаагчийн нас барсан хэмээн мэдэгдээд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн юм.
Гэвч түүний мэдэгдлийг ташаа гэж тус холбооны хэвлэлийн төлөөлөгч Аллисон Харт цахим хуудсаараа мэдээлээд, Ерөнхий найрийн бичгийн даргынхаа өмнөөс хүлцэл өчив.
"Литвад болсон цэргийн сургуулилалтын үеэр сураггүй алга болсон АНУ-ын дөрвөн цэргийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын энэ асуудлаар хийсэн тайлбартай холбогдуулан үл ойлголцол үүссэнд бид харамсаж байна" гэж Харт бичжээ.
Дөрвөн цэргийн албан хаагчийн сууж явсан хуягт машин Белорусийн хилийн ойролцоо олдсон нь дээрх явдалд ОХУ болон Беларусийн тусгай албаныхан оролцсон байх магадлалтай гэсэн таамаг барууны хэвлэлээр хүчтэй цацагдаж байна.