Монголын ширээний теннисний холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг” 17 дахь удаагийн тэмцээн энэ сарын 21-нд эхэлсэн. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжлийн тамирчдаар хүч сэлбэсэн зургаан багийн тоглолт “Оч” клубийн зааланд долоо хоног бүрийн баасан гарагт 18.00-21.30, амралтын өдөр 10.00-19.30 цагт болно. Таван долоо хоногийн турш үргэлжлэх дээрх лигт баг тус бүр дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин сойж байна. Багууд хоёр тойрог буюу 10 тоглолт хийх юм. “Хаан” банкны ивээн тэтгэсэн өсвөр үеийн тамирчдаас бүрдсэн баг энэ удаагийн лигт “тоос өргөж” тив, дэлхийн тэмцээнд ур чадвараа сорьдог шилдгүүдтэй өрсөлдөж байгаагаараа онцлогтой. Энэ удаагийн лигийн тэмцээнээс шигшээ баг бүрдүүлэн Катарын Дохад болох ДАШТ, Японы Айчи-Нагоя хотод ирэх жил зохион байгуулах Ази тивийн АШТ-д оролцуулах аж.
Лигийн тоглолттой давхцсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээний наймаас доош насны ангилалд аваргууд тодорлоо. Охидоос “Билэгт” клубийн тамирчин С.Индра түрүүлж, М.Монголмаа (“Чампионс”) мөнгө, Г.Гоо-Үжин (“Мастерс” клуб) хүрэл медаль хүртэв. Хөвгүүдээс Э.Түшиг (“Чампионс”), С.Гүнболд (“Хурд”), Б.Тэргэл (“Оч” клуб) нар эхний гурван байрт шалгарсан байна.