Йордан улсад зохион байгуулж буй чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголын үндэсний шигшээ багийнхан 38 орны 370 гаруй тамирчинтай зодоглохоор Амман хотод хөл тавьжээ. Дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлагад сонгомол бөхийн төрөлд өрсөлдөх М.Сумъяабазар (55), Н.Ганбаяр (63), Н.Оргил (77 кг) нарын барилдаанаар манайхны тэмцээн эхлэх нь. Тэдний дараа эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаан өрнөж, аваргаа тодруулах юм. Маргааш эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын барилдаан болох бол 29-нд эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97, 30-нд эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.30 цагт эхэлнэ.
Энэ сарын 31-нд өндөрлөх тивийн тэмцээний дэвжээнд хүч үзэх шигшээгийн дасгалжуулагч, тамирчид дэлхийн спортын алдарт “Найк” брэндийн иж бүрэн хувцсаар ижилсэж байна. Манай улсын чөлөөт бөхийн баг 1979 оноос эл тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилд медальтай ирсэн билээ.