Багануур дүүрэгт метилийн спирт уусан байж болзошгүй шалтгааны улмаас зургаан хүн хордож, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гарагт гарав. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан “Баасан гаргийн 13.00 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хороо, Эрүүл мэндийн төвд хордлогод орсон байж болзошгүй хоёр хүн ирээд нэг нь нас барсан гэх дуудлага бүртгэгдсэн. Нэг иргэн эмнэлэгт нас барсан. Нөгөө нь эмнэлгийн байгууллагад тусламж авч байгаа” гэсэн мэдээлэлөгсөн юм. Харин Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, ХӨСҮТ-ийн ерөнхийзахиралЭ.Анхбаяр нар өнгөрсөн бямба гаргийн 16.15 цагт мэдээлэхдээхордлогын улмаас хоёр иргэн амиа алдсан талаар хэлэв. Тухайлбал,
Л.Баттөр “Шалтгаан тодорхойгүй хордлогод зургаан хүн өртөж, хоёр нь нас барсан. Бүгд Багануурын уурхайд ажилладаг. Тархвар судлалын асуулгаар метилийн спирт уусан байж болзошгүй нөхцөл байдал тодорхойлогдсон. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт нэг хүн, гурав нь энгийнтасагтхэвтэн эмчлүүлж байна” гэв. Мөн тэрбээр “Техникийн зориулалттай метилийн спирт найруулж уусан гэх олон хүний анхны мэдүүлэг бий. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Багануур дүүргийнхэн хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд “дунд” гэж гарсан. Нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын газраас таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Лабораторийн шинжилгээгээр шалтгааныг тодорхойлно. Бусад нөлөөлөх хүчин зүйл байгаа, эсэхийг тодруулна” гэв.
Эрүүл мэндийн яамныхнаас нөхцөл, байдлын талаар өчигдөр тодруулахад “Бямба гарагт өсгөн мэдээллээс өөр шинэ зүйлгүй. Даваа гарагт (өнөөдөр) мэдээлэл хийх байх” гэсэн юм. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмчлүүлж буй иргэдийн талаар лавлахад “Биеийн байдал нь тогтворжсон. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Уурхайн ажилчдыг техникийн спирт найруулж уусны улмаас амиа алдсан гэдэгт тус дүүргийнхэн эргэлзэж буй талаар нэгэн иргэн хэлсэн юм.
Одоогоос 18 жилийн өмнөх харамсалтай явдал давтагдах вий гэсэн айдас иргэдийн дунд байна. Тодруулбал, 2007 оны арванхоёрдугаар сард “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн архинд хордож 15 хүн амиа алдан, 22 иргэн эрүүл мэндээрээ хохирсон гашуун сургамж бий. Бензиний октан дээшлүүлэгч бодис болгохоор оруулж ирсэн техникийн спиртээр “Азийн чоно” компанийнхан хортой архи үйлдвэрлэж, олон хүний аминд хүрсэн. Тэдэнд холбогдох хэргийг 2008 оны арванхоёрдугаар сард шүүж, гэм буруутай этгээдүүдэд 4-7 жилийн хорих ял оноосон юм. Мөн 2016 онд таван хүн архинд хордож амиа алдаж байв. Архи спиртэд хордож, нас барсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг ЭМЯ-наас анхааруулсан. Тухайлбал, 2020 онд 650 тохиолдол бүртгэгдсэн бол 2022 онд 1071 болжнэмэгдсэн байна.
Ташрамд дуулгахад, метилийн спиртийг автомашин болон бусад салбарын үйлдвэрлэлд хэрэглэдэг бөгөөд өнгөгүй, шингэн, маш хортой, үхэлд хүргэх аюултай юм.
Ч.Туяа