Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа “Минж үржүүлэх, нутагшуулах төв” хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургалт, аялал тогтмол зохион байгуулж байна. Цэнгэг усны “инженер” болсон уг амьтныг ойроос харж, танилцахыг хүссэн оюутан, сурагчид дээрх газрын 7272 0303 дугаарын утсаар урьдчилан холбогдож цаг авснаар минж үржүүлэх төвд зочлох боломжтой гэнэ. Энэ сарын 22-нд тохиосон Дэлхийн усны өдрөөр нийслэлийн Байгаль орчны газар, “Мэдлэгтэй алхагч залуусын нэгдэл” төрийн бус байгууллага хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Минжтэй танилцах өдөрлөг” зохион байгуулжээ. Яг энэ жишгээр боловсролын байгууллагуудтай хамтран танин мэдэхүйн аялал, өдөрлөг, сургалт явуулах боломжтойг минж үржүүлэгчид дурдав. Ташрамд дурдахад, “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-ийнхөн өнгөрсөн хугацаанд Туул голын эх, түүний цутгал Заан, Тэрэлжид 77 бодгаль нутагшуулсан бол өдгөө 41 “инженер”-ийг өсгөн бойжуулж байна.
Н.Мишээл