Өнөөдрийн байдлаар менингекоккт халдварт өвчний дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Гэвч хоёр хүүхдийн биеийн байдал хүндэрч эндсэн харамсалтай мэдээлэл байна. Нас барсан хүүхдийн нэг нь энэ сарын 25-ны 19:40 минутын орчимд 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас баржээ.
Уг халдвараар бүх насны хүмүүс өвдөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхэд илүү өртдөг байна. Өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандахыг ХӨСҮТ-ийн эмч нар зөвлөв. Уг өвчнөөр өвдсөн тохиолдолд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бие дээр тууралт гарах, бөөлжих, ядарч сульдах, хоолонд дүргүй болох, хурц гэрэл, чимээнд цочмог болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.