Монгол Улсын 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан ямар ч иргэн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Хуулийн шаардлага гэдэг нь шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон өр, зээлгүй, гэмт хэрэг үйлдээгүй байхыг хэлж буй юм. Ингээд л болно. Аливаа гэмт хэрэг, хууль бус үйлдэлд нэр холбогдон шалгуулж байсан ч шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй олон хүн парламентын гишүүн болж, хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийн цаана нуугддаг жишиг тогтсон. Энэ мэдээж анхаарах ёстой сэдэв. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд эдгээрээс гадна нэг чухал шалгуур нэмж, үүний дагуу нэр дэвшигчдийг тодруулах зайлшгүй шаардлагатай болсныг олон жишээ нотолж байна. Ялангуяа УИХ-д өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудын дараа ёс зүйн шалгуур ямар чухлыг хүмүүс ойлгож эхлэв.
“ГИШҮҮН БОЛСНЫХОО ДАРАА ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ”
Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцдэг, Үндсэн хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг нэг дураараа гишүүн манай УИХ-д бий. УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр шалгаж, гэм буруутайг нь гурван шатны шүүх тогтоосон. Одоо УИХ эл тогтоолыг хүлээж авах үүрэгтэй. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг учраас үүнийг УИХ хэлэлцээд суухгүй, шууд биелүүлэх ёстой юм. Гэвч энэ тухай тогтоол гаргах учиртай Төрийн байгуулалтын байнгын хороо нь ч, УИХ-ын дарга нь ч чимээгүй байна.
Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан. Даваагийн Цогтбаатар гишүүн 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан хэмээн гурван шатны шүүх тогтоосон билээ. Харин гишүүн хуулийн дээрх заалтаас цоорхой олж харахаар оролдож буй нь сэтгүүлчдэд өгсөн тайлбараас нь харагдана. “Би УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч, өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Тэгээд ч хуульд иргэн биш, гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоовол гэж заасан байгаа. Би хууль тайлбарлах гээгүй, гэхдээ шүүхийн шатанд гомдол гаргахаар материалаа бэлдэж эхэлсэн” гэжээ. Иргэн, гишүүн гэдэг хоёр үгэн дээр тоглох зөвлөгөө, “гарц”-ыг түүнд өмгөөлөгч нар нь санал болгосон бололтой. Мөн Дээд шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул ерөнхий шүүгчид хандах гэж буй гэнэ. Гэтэл ерөнхий шүүгчид ханддаг хуулийн зохицуулалт одоо байхгүй гэж зарим хуульч хэлж байна. Түүнээс гадна гишүүн “Би жагсаалтаар биш, УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшин сонгогдсон. Цагдаа, хуулийн байгууллагаас холбогдох тодорхойлолтыг авч байж нэр дэвшсэн шүү дээ” гэжээ. Тухайн үед гэм буруутайг нь шүүх эцэслэн тогтоогоогүй байсан тул түүнд сонгогдох, нэр дэвших эрх нь нээлттэй байсныг хүн бүр ойлгож буй. Харин шүүхийн үйл явц үргэлжилсээр УИХ-ын гишүүн болсных нь дараа нэр холбогдон шалгуулж байсан хэрэгт буруутайг нь тогтоолоо. Үүнийг ойлгож ядах юмгүй. Гэвч албаар мэдэн будилж байгаа нь энэ. Оноосон ялаа 2028 оноос хойш эдлэх хүсэлт гаргасан тухай мэдээлэл ч гарч. “Анх удаа УИХ-ын гишүүн болж байхад бүрэн эрхийг минь бүтэн эдлүүлчих. Түүний дараа болъё” гээд байгаа бололтой. Үнэхээр дураараа, бас л ёс зүйгүй хүний нэг жишээ болж буй юм. Хуулийн өмнө уг нь бүгд тэгш эрхтэй байх ёстой.
П.НАРАНБАЯР САЙД “САНААНДГҮЙ” ЗОДУУЛЖЭЭ
ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн зодооны тухай мэдээлэл эрчимтэй тарав. Нэгдсэн чуулганы баасан гаргийн хуралдаанд Боловсролын сайд П.Наранбаяр хөхөрсөн, хөмсгөндөөоёдол тавиулсан суусан нь ч үүнийг баталсан юм. Тэгвэл тус намынхан болсон явдлыг нууж, хаацайлахаар шийдсэн аж. Сайд П.Наранбаяр энэ талаар “Зодоон болоогүй. Зодоон гэдэг чинь харилцан зодолдохыг хэлнэ. Цохиулсан ч юм биш. Санаандгүй л юм болсон гэж ойлгох хэрэгтэй” гэсэн тайлбар өгсөн. Намын дарга Т.Доржхандынхаар бол Б.Найдалаа жаахан сэтгэл хөдлөл өндөртэйгөөр гараа савчуулан ярьж байх зуурт П.Наранбаяр сайд хажуугаар нь явж таараад “оногдчихсон” юм билээ. Хөөрхий сайд хөмсөгнийхөө дор хоёр оёдол тавиулсан ч өмнөхийн адил “Гомдол гаргахгүй” гэжээ. Өмнө нь тэрбээр бас нэг удаа “зодуулсан” түүхтэй. Хэвлэлийн бага хурал хийж байх үед нь Үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаяр түүн рүү чанасан өндөг шидсэн. Сайдыгаа өмөөрсөн хэвлэлийн төлөөлөгч нь А.Отгонбаяртай барьцалдаж, хэсэг шуугиан болсныг уншигчид санаж буй биз ээ. Тэр үед сайд хуулийн байгууллагад гомдол гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ удаа ч буруу цагт, буруу газарт явж таарсан болохоор бас л гомдохгүй гэнэ.
ХҮН намын хоёр гишүүний дунд хамтарсан Засгийн газраас гарах, гарахгүй тухай яриа өрнөж, маргасан гэх мэдээлэл бий. Тэгвэл намын дарга нь “Тийм юм байхгүй, бид бүрэн эрхээ дуустал Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллана” гэв. Ямар ч маргаан гарсан хэл амаараа ойлголцох, зөвшилцөх учиртай хууль тогтоогчид гэдгээ тус намынхан мартаж болохгүй. Хуулиар хамгаалагдсан бүрэн эрхтэй гишүүний бие махбодод халдах нь ёс зүйтэй хүний үйлдэл биш. Тиймээс зодуулсан сайд нь өөрөө гомдолгүй ч Б.Найдалаа гишүүнд хариуцлага тооцох л ёстой. Ядаж тэр уучлалт гуйх ёс суртахуунтай гэж найдна.
2012 онд шинэ бүрдсэн парламентын гишүүн Г.Баярсайхан, одоогийнЕрөнхийлөгч У.Хүрэлсүх нар нэг заамдалцаж, зодолдсон түүх бий. Г.Баярсайхан гишүүн цохиулсан тул шүүхэд гомдол гаргана, ёс суртахуунгүй үйлдэл хийсэн хэмээн гомдож байсан юм. Гэвч тэр явдал тэгсгээд намжсан юм даг.
АХИАД Л НАРА, Ц.МӨНХТУЯА
УИХ-ын гишүүн болсноо одоо болтол ойлгохгүй, ухамсарлахгүй яваа хоёр хүн бий. Тэд бол гишүүн М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нар. Нара ИЗНН-ын, нөгөөх нь АН-ын жагсаалтаар сонгогдсон юм. Шулуун, шударга, нийгмийн идэвх өндөр, хөдөлмөрч гэх мэтээр дуучин асан эмэгтэйг магтсаар, хөөргөсөөр УИХ-ын гишүүн болгож орхисныхоо горыг одоо сонгогчид нь амсаж байна. Сөрөг сэтгэгдэл хэлсэн, шүүмжилсэн хэн бүрийг тэрбээр загнаж, доромжилж суудаг боллоо. Нара бол дуучин гэхээсээ зөгийн аж ахуй эрхэлж, амьдралынхаа төлөө зүтгэж буй ганц бие, дайчин бүсгүйн дүрээр нийгмийн сүлжээнд илүү танигдсан нэгэн. Хувийн амьдралаа олон нийтэд нээлттэй байлгаж, бусдын анхаарлыг татдаг. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх зөрчигдсөн зарим асуудлаар Нара дагагчдаа уриалж, дуу хоолойгоо хүргэж, сайн үйлсийн цөөнгүй ажил зохион байгуулсан байх. Тиймээс энэ бүлгийнхний төлөөлөл болон ажиллаж чадна хэмээн олон эмэгтэй түүнд итгэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь дэмжсэн биз ээ. Нийгмийн сүлжээн дэх давуу талаа ашиглаж, бараа, бүтээгдэхүүн сурталчилдаг болсон. Гэвч тэр зууртаа өөрийг нь шүүмжилсэн бүхэнтэй үг газар гээхгүй маргалдаж, элдвээр доромжилсоор ирсэн юм. “Надад яаж хандана, хариуг нь тэгж л барина” гэсэн зарчимтай гэнэ. Ингэж явсаар ИЗНН-д элсэж, нам нь түүнд, тэр намдаа дэмжлэг өгсөн учраас л өнөөдөр УИХ-ын гишүүн болсон. Гэвч УИХ-ын гишүүн бол энгийн иргэнээс ялгаатай, илүү өндөр ёс зүйтэй байх ёстой гэдгийг огт ухамсарласангүй. Парламентын өндөр босгыг давсныхаа дараа ч тэр арилжааны лайваа үргэлжлүүлсэн. Бүр УИХ-ын даргад мэдэгдэлгүйгээр Гуанжоу явж, тэндээсээ бараа сурталчлан лайв хийв. Ингэж болохгүй, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нь сануулсан иргэдийг элдвээр хэлж, “Ил цагаанаар амьдарч байна, яадаг юм” хэмээн хандсан. Харин түүнд УИХ-ын Тамгын газар, Ёс зүй, дэгийн байнгын хорооноос тусгайлан сануулга өгсний дараа уучлал гуйж, “Арилжааны лайв хийсэн нь буруу байжээ” гэсэн удаатай. Хэдийгээр одоо сурталчилгаа хийхээ больсон ч харилцаа, хандлагаа тэр зассангүй. Өнгөрсөн пүрэв гарагт мөн л нийгмийн сүлжээгээр иргэдтэй арцалдав. “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг 500 мянган төгрөг болгох чиглэлд ажилла гэж түүнд шаардлага тавьсан нэгэн эмэгтэйд тун таагүй, доромж үгээр хариу бариад шүүмжлүүлэв. Маргааш нь сэтгүүлчид түүнээс тайлбар авахад анх арилжааны лайв хийснийхээ дараа ямар бардам байсан, тэр хандлагаар хариулсан. Доогтой инээж, “Би тэр хүмүүст хариу бичнэ гэдэг чинь цагаа зарцуулж, хүндэлж байна гэсэн үг” гэлээ. Хүн доромжилсноо хүндлэл гэж ойлгодог байх нь.
Манай улсын төсөвт “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг 500 мянган төгрөг болгох боломж байхгүй, тэгээд ч халамжийг өөгшүүлэх нь зөв бодлого биш гэсэн агуулгатай нь санал нэгдэнэ. Эл үзэл бодолтой нь хүмүүс маргаагүй. Гагцхүү түүний харилцаа, хандлага нь УИХ-ын гишүүний хэмжээнд тэнцэхгүй, хэтэрхий ёс зүйгүй, бүдүүлэг байгааг шүүмжлээд буй юм. Гэвч Нара ойлгохгүй юм байна. “Та бол УИХ-ын гишүүн, энгийн иргэн биш байхгүй юу” гэсэн сэтгүүлчид “УИХ-ын гишүүн байлаа гээд доромжлолыг хүлээн авна гэсэн үг биш” гэж хариулж. Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар баасан гарагт “М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой ёс зүйн зөрчил удаа дараа гарч буй. Өнөөдөр өглөө ч бас гомдол ирүүлсэн. Тиймээс түүний асуудлыг дахин авч хэлэлцэнэ” гэсэн байна лээ. Байнгын хорооны хурал болохоос өмнө Б.Баярбаатар гишүүн Наратай уулзаж, сануулжээ. Гэтэл нөгөөх нь яг л сэтгүүлчдэд өгсөн шигээ тайлбар хэлж, “Би гэмт хэрэг хийгээгүй учраас уучлалт гуйхгүй” гэсэн байна. Үг, үйлдлээ захирч чаддаггүй, угаасаа хүмүүжил нь тийм юм бол ядаж хууль тогтоодог албан тушаалыг хүндлээд хариу бичихгүй, чимээгүй өнгөрүүлж сурах ёстой. Бас “УИХ-ын гишүүн гэдэг чинь оройн дээд албан тушаал биш. Намайг эгүүлэн татна гэж байна, би айхгүй” гэх мэтээр бардамнажээ. Ёс зүй, дэгийн байнгын хороогоор дахин түүний ёс зүй, харилцаа, хандлагын зөрчлийг авч хэлэлцсэний дараа уучлал гуйгаад зогсож байвал гайхах хэрэггүй.
Удаах ёс зүйгүй эмэгтэй бол Ц.Мөнхтуяа. АН-аас жагсаалтаар сонгогдсон эл эмэгтэй өөрийг нь дагадаг багш нартаа бараг “бурхан” нь бололтой юм билээ. Тэрбээр “Багшийн хайр” ТББ-ынхаа нэрээр бүтэн өнчин дөрвөн хүүхдэд байр авахаар цуглуулсан хандивын мөнгөнөөс өөртөө завшиж, гэрчилгээг нь танилынхаа нэр дээр шилжүүлсэн байжээ. Үүнийг дээрх төрийн бус байгууллагынх нь гүйцэтгэх захирал байсан Б.Идэржавхлан хэмээх залуу нийтэд ил болгосон юм. Тэгмэгц харааж, сүрдүүлсэн элдэв постыг гишүүн хийсэн. Олон нийтэд шахуулж, үнэнд гүйцэгдсэнийхээ дараа сая нэг байрны гэрчилгээг насанд хүрсэн том эгчийнх нь нэр лүү шилжүүлж өгсөн юм даг. Тэгвэл гишүүн эмэгтэй тухайн үед сүрдүүлэхдээ “Олон юм яриад байвал хөөж гаргаад, өөр багшаа оруулна” гэж байсан нь бодит явдал гэдгийг Б.Идэржавхлан дахин илчлэв. Хандивыг санаачилсан байж болох ч олны дэмээр цугласан мөнгөөр авсан байрыг өмчлөх, яах ийхийг шийдэх эрх энэ хүнд үгүй. Гэтэл хувиасаа аваад өгчихсөн мэт ёс зүйгүй үйлдэл, авир гаргасаар байгаа. Болсон явдлын дараа түүнээс тайлбар авахад “Том эгч нь гурван дүүгээ хаяад явчихсан. Тэгэхээр нь дүү нарыг нь хөдөө, дотуур байртай сургуульд шилжүүлсэн. Ер нь эвгүй хүүхдүүд шүү дээ” гэх мэтээр ярьжээ. Өөрөөс нь тайлбар хүссэн сэтгүүлчийг шүүхэд өгнө гэснээ эргэж хараад, “Тэд бол эвгүй хүүхдүүд” гэж ярих нь зүгээр үү.
Дээрх хоёр эмэгтэй өөрсдөд нь ёс зүй сануулсан хүмүүст “Намайг оролдож байхаар тэр нүүрсний хулгайч нарынхаа араас хөөцөлдөөч. Би ямар гэмт хэрэг хийчихсэн үү” гэж байна лээ. Их барьсан ч, бага барьсан ч өмхий гэдэг үг бий. Гэмт хэрэг хийгээгүй л бол бүдүүлэг, танхай байж, бусдыг сүрдүүлэн доромжлох нь хэнд ч хамаагүй гэж эндүү ойлгожээ. Хэдий өндөр албан тушаалд очсон ч хүний суурь хүмүүжил, харилцаа хандлага өөрчлөгдөхгүйг тэд баталж байна. Тиймээс л УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд ёс зүй, харилцаа хандлагын шалгуур тавьдаг болох нь чухал аж. Тойрогт өрсөлдөх хүмүүсийг иргэд өөрсдөө шүүж чадна. Тэгвэл намын жагсаалтаар “сул” гишүүн бологчдод ёс зүйн илүү өндөр босго тавьдаг байя. Өргөж, хөөргөсөөр сонгосны дараа дээрээсээ нулимуулаад, ёжлуулаад суух гэж үү. Үгүй бол УИХ-д энэ мэт “хурцын тасгийнхан” тасрахгүй нь. УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаа удаа дараа гаргасан нөхцөлд эгүүлэн татах нэмэлт хийх хэрэгтэй. Тийм хууль, эрх зүйн үндэслэлгүй учраас энэ мэт гишүүдийн үг, үйлдэл, бүдүүлэг авир хэрээс хэтэрсээр байна.