Баялагын сангийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Уянга мэдээлэл өглөө. Тэрбээр, "Үндэсний баялагын сан нь ирээдүй хойч үеийн өв сан, Бүтээн байгуулалтын санхүүжүүлэх хөгжлийн сан, хурамтлалын сан гэсэн гурван дэд сантай. Хуримтлалын сан нь стратегийн ордуудын ногдол ашгаас бүрдэж, 2024 оноос Монгол Улсын иргэн бүрт нэрийн дансанд нь бүртгэгдэж байгаа.
Зөвхөн стратегийн орд гэж хязгаарлалгүй нийт уул уурхайн төслүүдээс борлуулалтын орлогоос тодорхой хувийг “Хуримтлалын сан”-д төвлөрүүлдэг болох хуулийн төсөл өргөн барина. Өөрөөр хэлбэл, зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уул уурхайн төслүүдээс нийт борлуулалтын орлогын тодорхой хувийг, магадгүй хоёр хувийг жил бүр Үндэсний баялгийн санд төвлөрүүлдэг байх зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй байна. Ингэснээр эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах гэж буй хөрөнгө оруулагчдад салбарын тоглоомын үндсэн дүрэм ойлгомжтой болно.
Стратегийн орд гээд хэзээ манай төслийг УИХ, ЗГ жагсаалтад оруулах бол гэсэн айдас арилна. Дараа, дараагийн Эрдэнэт, Оюутолгой болон Монгол Улсын хилээс холгүй оршдог газрын ховор элементийн том том ордуудтай төстэй орд Монголд нээгдэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа эдийн засаг тэлнэ гэж үзнэ. Тоо дурдвал, 2024 онд Монгол Улсын нийт экспортын орлого 15.8 тэрбум ам.доллар байсан. Үүний 93 хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай байсан буюу 14.6 ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Хэрэв оролцогч бүх талуудад анхнаасаа ойлгомжтой байдлаар Хуримтлалын сангийн хоёр хувийг жил бүр төвлөрүүлнэ гэж хуульчилсан байсан бол хуримтлалын санд 2024 онд 496.5 тэрбум төгрөг биш 1.1 их наяд төгрөг хуримтлагдах байжээ.
Монгол Улс ойрын хэдэн жил уул уурхайн үр ашигт төвлөрч хөгжих нь тодорхой байна. Газрын хэвлий маань ашигт малтмал хэтийн төлөв ихтэйг нь бид бүгд мэднэ. Тиймээс хууль эрхзүйн орчны субьектив хандлага ихтэй, тодорхой бус байдлаар хөрөнгө оруулалт үргээж байгаа зохицуулалтуудыг засаж гадны хөрөнгө оруулалтуудад нээлттэй байх цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Иймээс Үндэсний баялгийн санг дэмжиж байгаа, цаашид дэмжиж ажиллах аж ахуйн нэгжүүд УИХ-ын гишүүд салбарын бүх хамааралтай оролцогч талууд холбогдох хуулийн төсөлд хамтран ажиллахыг хүсэж байна" гэлээ.