- Хүсэлт, гомдол гаргахаас хэтрэхгүй байна -
Өмгөөлөгч бол хүний эрхийн хамгаалагч юм. Харин тэд хамгаалагчийн үүргээ хэр сайн гүйцэтгэж чадаж байна вэ. Дуулиант зарим хэрэгт олонд танигдсан 4-5 өмгөөлөгч байлцаад ч үйлчлүүлэгчээ “аварч” чаддаггүй тохиолдол цөөнгүй. Ялангуяа, эрүүгийн хэрэгт ажилладаг өмгөөлөгчид шүүх хуралдаан жинхэнэ мэтгэлцээний журмаар өрнөдөггүй болохыг хэлж, ярьсаар ирсэн. Үүнийг ч өмгөөлөгчийн нөхцөл байдлын талаар хийсэн Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын судалгаанаас харж болохоор байна. Тус комиссын гишүүн С.Дондов “Өмгөөлөгч хүний эрх хамгаалагч байх эрх зүйн орчныг манай улс бүрдүүлсэн. Гэвч Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгааг процессын бусад хуульд ойлгомжтой баталгаажуулах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн бүрэн үр дүнтэй, тэгш оролцоо, мэргэжлийн үйл ажиллагааг бие даан эрхлэх баталгааг хангах хэрэгтэй байна. Тухайлбал, үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжоор хангагдах баталгаа бий, эсэхийг судалгаанд оролцсон 426 өмгөөлөгчөөс асуухад 7.3 хувь нь уг эрх огт хангагддаггүй, 22.5 хувь нь хангалтгүй, 27.9 хувь нь зарим талаар, 28.6 хувь нь ерөнхий, 13.6 хувь нь хангалттай сайн гэж хариулсан” гэв.
Хүч тэнцүү бус мэтгэлцээн
Улсын хэмжээнд 3097 өмгөөлөгч бүртгэлтэй байна. Тэдний 2238 нь өмгөөллийн ажлаа эрхэлж буй юм. Манай улс 1920-иод оны үеэс өмгөөлөгчийг “төлөөнөө заалдагч” хэмээн нэрийдсэн түүхтэй. Үйлчлүүлэгчээ төлөөлж, шүүх хуралд заалдах эрх нь өмгөөлөгчид бий. Гэвч сүүлийн жилүүдэд өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хуулийн хүрээнд асуудал тулгарах болжээ. Өмгөөллийн заалдах буюу мэтгэлцэх зарчим алдагдах болсон байна. Энэ талаар “Хэруга партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Х.Чинбатаас тодруулсан юм. Тэрбээр өмгөөлөгчөөр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг аж. “Эрүүгийн хэргийн онцлог нь мөрдөх байгууллагаас прокурорт шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд прокурор хяналт тавиад шүүхээр гэм буруу, ял хариуцлагын асуудлыг шийддэг. Энгийнээр хэлэхэд, прокурор “Энэ хүн ийм гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэж тухайн хэргийг хөтөлж явуулдаг. Прокурор хэргийн оролцогч, өмгөөлөгч, шүүгчээс асуулт асуух эрхтэй. Шүүгч мөн прокурор, хэргийн оролцогч, өмгөөлөгчөөс асуулт асуух эрхтэй. Харин өмгөөлөгч прокуророос асуулт асуух эрх байхгүй. Гэтэл үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа тэднээс асуулт асуух хэрэгцээ, шаардлага их гардаг. Жишээлбэл, энэ баримтыг яагаад ингэж үзэв, хуулийн эл заалтыг ямар үндэслэлээр энэ хэрэгт хамаатай гэж тайлбарлаж байна гэх мэт асуултаар мэтгэлцэж, олон зүйлийг тодорхой болгох боломжтой. Ийм байхад улсын яллагч буюу прокуророос асуулт асуух боломжгүй байгаа нь мэтгэлцээн тэнцвэртэй явагдахгүй байх нөхцөл үүсгэж байна. Шүүх хуралд эргэлзээтэй олон асуудал, “Яагаад яагаад” гэсэн асуулт урган гардаг тул прокуророос үүнийг тайлбарлаж өгөөч гэж хүсдэг. Хариуд нь прокурор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон бусад хууль тогтоомжид өмгөөлөгч прокуророос асуулт асуух эрх хэмжээ олгогддоггүй” гэж ам тагладаг. Сүүлдээ өмгөөлөгчид “Шүүгч ээ, та прокуророос ингэж асуугаад өгөөч” гэж хүсдэг” хэмээн өмгөөлөгч Х.Чинбат ярив. Энэ гажуудлыг хэрхэн засах боломжтой талаар түүнээс лавлахад “Шүүх хурлын үеэр өмгөөлөгч улсын яллагдагчаас тодорхой хэмжээнд асуулт асуух эрх хэмжээг оруулж байж мэтгэлцээн жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч тодорхой төрлийн ажиллагааг өөрийн хүсэлтээр хийлгэх бүрэн боломжтой байх эрх хэмжээг олгох хэрэгтэй. Жишээ нь, гэрчийг нүүрэлдүүлэх, тодорхой баримт гаргуулах гэх мэт. Мөн Өмгөөллийн тухай хуулийн дагуу төр, хувийн хэвшлийн байгууллагаас мэдээлэл цуглуулах заалтыг илүү нарийвчилж өгөхгүй бол нэрийн төдий байна.
Тунхаг төдий хууль
Өмгөөлөгчийн үйл ажиллагааг тодорхой заасан Өмгөөллийн тухай хуулийг манай улс 2019 онд баталсан. Гэвч уг хууль тунхаг төдий хэмээн өмгөөлөгчид хэлж байна. Тухайлбал, тус хуулийн 20.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, баримт сэлтийг тухайн асуудлыг хариуцсан төрийн, төрийн бус байгууллагаас гаргуулан авах зорилгоор өмгөөлөгчийн хүсэлт гаргах эрхтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч хуулийн энэ заалтыг бичээд баримт гаргуулах, дүрэм журам нотлох баримтыг төрийн болон хувийн нууцад хамаарахгүй бол гаргуулж авах бүрэн эрхтэй гэсэн үг. Гэвч зарим байгууллага тус хуулийг үл тоож, өмгөөлөгчийн хүсэлтийг биелүүлдэггүй байна. Бүр өөртөө л ашигтай мэдээлэл, баримтыг явуулах, бусдыг нь “нуун дарах” тохиолдол ч бий аж. Тиймээс Өмгөөллийн тухай хуулийн зарим зүйл заалтыг илүү нарийвчилж, өгөхгүй бол бүдэг бадаг, өмгөөллийн ажлаа явуулахад төдийлөн дэмжлэг болж чаддаггүй байна.
Мэтгэлцэх гэдэг нь шүүх хуралдаанд оролцоод хоёр талынхан үг хэлэх, ижил боломжоор хангагдах нөхцөл биш гэдгийг өмгөөлөгч А.Базар яриандаа онцолсон юм. Мэтгэлцэх зарчим хаана алдагддаг вэ гэдэг өөр асуудал болохыг ч тодотгосон. Тэрбээр “Гэмт хэргийг шалгах ажиллагаа нь хууль сахиулах байгууллага буюу эрх бүхий албан тушаалтан энэ эрүүгийн хэрэг мөн, бишийг нотлох баримт бүрдүүлж, цуглуулах үйл явц юм. Үүнд нь прокурор гэмт хэргийг илрүүлэх, шалгах явцад юу хийх, яах ёстой гэдэг агуулгад хяналт тавих хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Харин өмгөөлөгч нь прокурор, мөрдөгч хоёрын ажиллагаанд ямар “үүрэг”-тэй вэ гэхээр үйлчлүүлэгчээ цагаатгах талд зөвхөн хүсэлт гаргаж л оролцдог. Тухайн хүсэлтийн дагуу ажиллагаа явуулах эсэх нь мөрдөгч, прокуроруудын мэдэх асуудал. Ингэж явсаар нэг хэрэг “бүрдээд” шүүхээр хэлэлцэхэд прокурор яллагч талыг барьж, өмгөөлөгч цагаатгах талыг барьж байр сууриа илэрхийлдэг. Шүүх хуралдаанд ижил түвшинд оролцож байгаа ч өмнө нь бүрдүүлсэн материалд магадгүй яллах талын байр давамгай бол баримтын хүрээнд хэрхэн, яаж ажиллах вэ гэдэг нь мэтгэлцэх зарчим алдагдаж буйгаар тайлбарлагддаг юм. Өөрөөр хэлбэл, яллах, өмгөөлөх оролцоо адилхан ч бүх зүйлийг өмнө нь “алдсан” ч байж болох. Түүнээс шүүх хуралдааны танхимд хэн нэгэнд нь давуу байдал олгож, нөгөөгийнх нь эрхийг хязгаарласан зүйл биш” хэмээн тайлбарлав.
Их, дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хүмүүс шалгалтад тэнцсэнээр хуульч болдог. Харин хуульч нарт өмгөөлөгч, прокуророор ажиллах сонголт нь нээлттэй. Түүнээс аль нэг нь давуу эрхтэй гэсэн үг биш. Гэвч зарим хуульд прокурорт давуу эрх олгосон нь өмгөөлөгчийн гол үүрэг болох үйлчлүүлэгчийнхээ хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах, ялын хэмжээг хөнгөрүүлэх үйл явцад “тээг” учруулдаг гэхэд хилсдэхгүй. Англи-саксон эрх зүйн тогтолцоотой Канад, Австрали зэрэг улсад мэтгэлцээний зарчим маш сайн үйлчилдэг байна. Харин манай улс прокурорын хяналт ихтэй, бичиг баримтад тулгуурладаг тул мэтгэлцэх боломж бага юм. Шүүхээс өмнөх мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн өмгөөлөгчид хүсэлт гаргах, гомдол гаргах л эрхтэй байна. Нэг ёсондоо мөрдөгч, прокурор нараас “Энийг ингэж тодруулаад өгөөч” гэж царай алддаг гэхэд буруудахгүй. Энэ мэт хуулийн хийдлээс болж прокурор, шүүгчид хэргийг үзэмжээр шийдэх, гэмгүй нэгнийг хилсдүүлэх, үйлдсэн хэрэгт нь тохирохгүй ял ногдуулах ч эрсдэл байсаар.