Хүүхдийн уран бүтээлээр дагнадаг ТХ продакшн бусдад залилуулсан талаараа өчигдөр мэдэгдэл гаргав. Тодруулбал, Н.Энхчимэг гэх эмэгтэй “iCarly” шоуг Монголд хийх эрх авсан, танайх хүүхдэд зориулсан хамгийн том продакшн юм байна. Энэ нэвтрүүлэг маань олон улсад гарна. Монгол хүүхдүүдэд боломж олгох юм” хэмээн өнгөрсөн оны зургаадугаар сард тус продакшны захирал, найруулагч, Ж.Буянтөгсөд хамтарч ажиллах санал тавьжээ. Гэвч Н.Энхчимэгийн ярьсан бүхэн худал, залилан байсныг шоунд оролцохоор бүртгүүлсэн хүүхдүүд, аав, ээж асран хамгаалагчид мэдсэн учир тус продакшнаас мэдэгдэл гаргасан гэнэ. Мэдэгдэлд “Н.Энхчимэг “iCarly” нэвтрүүлгийн гэрээ, бичиг баримт үзүүлсэн төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтай учир хүүхдүүдээс зардал гарахгүй гэсэн. Тухайн үед би саналыг хүлээн авч баг бүрдүүлж, чанартай бүтээл хийе хэмээн тохирсон. Багийнхан маань ч зохиолтой танилцъя, урьдчилгаа цалин, төлбөрөө аваад гэрээгээ хийж, ажлаа эхэлье гэв. Гэтэл нэг хүүхдийн 80 000 төгрөгийн хураамжтай бөгөөд “Үүрийн гэгээ бумба сан” гэсэн дансанд хурааж буйгаа Н.Энхчимэг хэлсэн. Манай ТХ продакшн, миний бие иргэн Н.Энхчимэгээс нэг ч төгрөг аваагүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл, гомдол гаргасан, хуулийн дагуу шалгуулж байна” гэжээ.
Тус продакшны захирал Ж.Буянтөгсөөс хохирлын талаар тодруулахад “Бүртгэлийн хураамж гэж хүүхэд бүрээс 80 мянган төгрөг авсан гэж Н.Энхчимэг хэлсэн. Хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Мөн хувцасны мөнгө гэж эцэг, эхчүүдээс 1-3 сая төгрөг авсан. Эцэг, эхчүүд ч гомдол гаргаж, цагдаад хандсан” гэв. Нэвтрүүлэгт оролцохоор бэлдэж байсан хүүхдүүдийн урам хугарч, сэтгэл санааны хувьд хүнд байдалд оржээ. Н.Энхчимэг нь хүүхдүүдийг кинонд тоглуулна, англи хэл, онгоцны үйлчлэгчийн сургалт явуулна, байрны захиалга авна гэх зэргээр залилан хийж, олон хүнийг хохироосон талаар ч тус мэдэгдэлд дурджээ.
Ч.Цэлмэг