“Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сард хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэргийг БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг манай улсад түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь болох Лиү Бөван, Шү Ханмин нар монгол залуусын хамтаар үйлдсэн юм. Тэд тосож авсан хятадуудынхаа нэгнээс нэг сая юань нэхэж, данс руу шилжүүлэхийг шаардсан байдаг. Эл хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.
Бидний авсан мэдээллээр Монголд түр оршин сууж байсан дээрх хоёр хятад иргэн бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсгийг манай нэг иргэнээс аваад хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ. Дээрх хоёр хүнтэй хамт нутаг нэгтнийх нь аминд хүрсэн хэрэгт А.Даяндорж, А.Тэнгис нарыг буруутгасан аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 10.1-2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж хүний аминд хүрсэн хэмээн яллагдагчаар тооцоод байгаа юм.