Монголын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд 12 их, дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 18 оюутан оролцож, ганцаарчилсан, багийн төрөлд оюунаа сорьсон юм. Эрэгтэйчүүдийн ангилалд “Мон-Алтиус” дээд сургуулийн оюутан С.Чингүүн 6.5 оноогоор тэргүүн байр эзлэв. Түүнтэй адил оноотой дөрвөн тамирчин тэмцээнээ дуусгаснаас коэффицентийн илүүгээр МУИС-ийн оюутан, олон улсын хэмжээний мастер Х.Итгэлт мөнгө, ШУТИС-ийн оюутан спортын мастер А.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ. Тэдэнтэй медалийн төлөө өрсөлдсөн Г.Булганхан, О.Чингүүн, Ч.Тайванбат, Н.Батмөнх, А.Хүслэн нар тэмцээнийг өрсөлдөөнтэй, улам сонирхолтой болгосон. Эмэгтэйчүүдээс “Оточ манрамба” их сургуулийн оюутан, олон улсын мастер О.Өлзийхишигжаргал 5.0 оноогоор түрүүллээ. МУИС-ийн оюутан Н.Наран-Эрдэнэ аварга болсон тамирчинтай оноо тэнцсэн ч коэффицентийн дутуугаар удаах байрт шалгаран, “Мон-Алтиус” дээд сургуулийн оюутан А.Буянзаяа 4.5 оноогоор хүрэл медалийн болзол хангав. Энэ удаа “Мон-Алтиус” дээд сургуулийн багийнхан 17.5 оноогоор тэргүүлж, Армени улсад есдүгээр сард зохион байгуулах дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд улсаа төлөөлж оролцох нь.