Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Говь гурвансайхан” нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчилж, олон улсын зэрэглэлтэй болгох талаар 2022 оноос хойш ярьж буй. Өнгөрсөн онд засварын ажлыг нь эхлүүлнэ хэмээн онгоцны буудлын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгийн давтамжийг бууруулсан. Үүнээс болж говийн бүс нутаг руу жуулчин аялуулдаг тур оператор компаниуд урьдчилан захиалга авсан аяллуудаа товлосон хугацаандаа зохион байгуулж чадахгүйд хүрч, үйлчлүүлэгчидтэй хийсэн гэрээгээ цуцлах, өндөр үнээр чартер нислэг авах зэргээр багагүй хохирол амссан юм. Тэгвэл өнөө жил ч энэ байдал давтагдаж, хохирч болзошгүйг аяллын компаниуд хэлж байна. “Говь гурвансайхан” нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэх ажлыг хэдийд эхлүүлж, хэзээ дуусгах, ирэх зун, намар Даланзадгад руу хэчнээн удаа нислэг үйлдэх нь тодорхойгүй байгаа аж. Иймд Монголын аялал жуулчлалын холбоо аяллын агентлаг, тур операторуудыг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хандаж, энэ асуудалд нэгдсэн, тодорхой хариу өгөх хүсэлт гаргажээ. Даланзадгадын нисэх буудлыг өргөтгөн шинэчилж, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болтол тухайн чиглэлд бага оврын онгоцоор нислэг тогтмол үйлдэх, шороон зурваст газардах нөхцөл бүрдүүлэх хүсэлтийг аялал жуулчлалын бизнес эрхлэгчид салбарын яамандаа гаргажээ.
Н.Ган