“Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио өчигдөр 16.00 цагт орон даяар дуугарлаа”. Онцгой байдлын байгууллага л ингэж мэдээлсэн болохоос биш иргэд, олон нийтэд үнэндээ дуут дохио сонсогдсонгүй. “Айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцоорой” гэсэн уриалга шиг нь сандарч түгшихээр сүйдтэй дуу дохио лав хангинасангүй. Сүржин ам, даржин биелэлт болов.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой гэж тодотгодог. Тэгвэл өчигдрийн байдлаас харахад Улаанбаатар хотын хэмжээнд байгаа зарлан мэдээлэх хэрэгслийн цөөнгүй нь “шалгалт”-д бүдрээтэхлээ. Гамшиг болбол дуут дохио дуулдахгүй өнгөрөх юм биш биз гэх эхний болгоомжлол эндээс төрөх.
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар дуут дохио дуугарган гамшгийн дадлага, сургууль хийдэг “уламжлал” тогтоод удаж буй. Эхний жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд, албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүд энэхүү дадлага сургуульд ач холбогдол өгч, дуут дохионоор адаглаад гадагш гарч, аюулгүй талбайд цугладаг байсан. “Монголын хууль гурав хоног” гэдэгчлэн сүүлийн жилүүдэд харин дуут дохионы анхааруулга улиг болох тийш хандсан гэхэд болно. Нэг хэвийн юмнаас тэгсхийгээд залхдаг нь хүний араншин билээ.
Нөгөө талаас дуут дохио хангинуулж эхэлснээс хойш ямар үр дүнд хүрч, гамшгаас сэргийлэх талаарх иргэд, хүүхэд залуусын мэдлэг ойлголт хэр зэрэг нэмэгдэж, мэдвэл зохих ёстой ямар дадал хэвшил суусан гэдэг нь тодорхойгүй явж ирсэн учраас “Энэ анхааруулга үнэхээр чухал юм байна” гэсэн сэдэл, сэрэмж хүмүүст төрөхгүй байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг богино, дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөтэй хийдэг улс оронд бол аливаа нэг үйл ажиллагаа зохион байгуулахдаа зорилго, зорилт, хамрах хүрээ, хүрэх үр дүн, төсөөллөөс нь хэр зөрсөн тухай эцсийн үнэлэлт дүгнэлт, цаашдын анхааруулга сургамж, нийгэмд үзүүлж буй өөрчлөлт, нөлөөлөл гээд бүгдийг тооцоо судалгаатай авч үздэг. Манайд бол гамшгийн сургалт сурталчилгааны ажлын үр дүнг хэмжих буюу албаныхан өөрсдийн зохион байгуулсан ажилдаа дүн тавьдаггүй, тавьсан ч шударга ханддаггүй талтай. Удаах сануулга эндээс ургах нь.
Гамшгийн эрсдэл хаа сайгүй нэмэгдэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн үнэлгээний тайланд 2030 он гэхэд дэлхий дахинаа учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувь, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж 3 дахин нэмэгдэхийг анхааруулсан. Байгаль эх манай улсад ч зах зухаас нь сануулгаа өгсөөр буй. Өөрөөр хэлбэл, гамшиг гэдэг дуут дохио хангинуулан гарч, орж гүйдэг жаалуудын тоглоом наадам биш болоод байна. Тоглоом байсан ч хүүхэд байтугай том хүн уйдахаар улиг болчихлоо. Тэгэхээр гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах арга, хэлбэрээ өөрчилж, зорилтот “хэрэглэгчид”-ийнхээ эрэлт хэрэгцээ, зан төлөвийг тандан судалж, тохирох эх үүсвэрээр мэдээллээ хүргэмээр байна, Онцгойгийнхоон.
Л.Ганчимэг