Монголын оюун ухааны академиас хэрэгжүүлдэг ой тогтоолтын хөтөлбөрт хамрагдаж дотоод, гадаадын тэмцээнд амжилт гаргасан чансаа өндөр тамирчин, эл спортоор сонирхон хичээллэгсдийн дунд “Spring cup-2025” нээлттэй тэмцээнийг зохион байгуулж буй. Дээрх тэмцээнийг зохион байгуулагчид эрэгтэйчүүдийн ангилалд 17, эмэгтэйчүүдийнхэд 35-аас дээш насныхныг нэгтгэн тус бүр 15 тамирчин оролцуулахаар шийдвэрлэсэн. Рубик шооны улирлын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн гэрээт салбарын 109 тамирчин оролцож аваргуудаа тодруулсан юм. Бага насныхны ангилалд нийлбэр дүнгээр “Язгуур” клубийн тамирчин Г.Сондор, өсвөр насныхад О.Наранзул (“Scutimind”), насанд хүрэгчдийнхэд Ц.Оюун-эрдэнэ (“Wreck it mind” клуб) цомын эзэн боллоо. Ур чадвараа сорьсон 109 тамирчнаас 10 төрөлд хамгийн өндөр буюу 9180 оноо цуглуулсан О.Наранзул шилдэг тамирчнаар шалгарав. Тэрбээр өнгөрсөн жил болсон ой тогтоолтын лигийн АШТ-д тэргүүлж, өсвөр насныхны УАШТ-д дэд байр эзлэн, ой тогтоолтын бүх насныхны ангилалд мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл түргэн бодолтын тэмцээнд 137 тамирчин оролцсоноос найм болон түүнээс доош насныхны “Мастер” клубийнхнээс О.Мандах, 9-12 насныхад С.Чингим (“Мегаминд”), Б.Батсугар (“My mind”), Э.Мөнхбаатар (“RedS”), Э.Есүхэй (“Мераки” клуб) нар алтан медаль гарджээ.