“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулсан аж ахуйн нэгж, иргэнийг урамшуулах ажлыг өнгөрсөн жилүүдэд хэсэгчлэн буюу нийслэл, орон нутгийн удирдлагуудын шийдвэрээр тодорхой бүс нутгуудад л хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл ирэх сарын 1-нээс эхлэн үүнийг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, иргэд хашаандаа тарьсан модоо “И-Монголиа” цахим системд бүртгүүлснээр ширхгээс хамааран урамшуулал авах нь. Үүний талаар Ойн газраас тодруулахад “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журам гэж бий. Үүнд модны тоо ширхэг, насжилтыг харгалзан хэдэн төгрөгөөр урамшуулахыг тодорхой заасан байдаг. Аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор шинэ журам баталж, 10 ширхэг мод тарьсан бол нэг бүрийг нь 20-50 мянган төгрөгөөр үнэлэх зэргээр харилцан адилгүй урамшуулж байна. Иргэдийн тарьсан модыг “И-Монголиа”-д хэрхэн бүртгэж, яаж урамшуулах вэ гэдэг нь эцэслэн тодорхой болоогүй. Тодорхой болмогц нийтэд мэдээлнэ” гэв.
Ж.Сувд