“Алтан өд-2024” наадмын хүүхдийн зохиолын төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн зохиолч А.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Үүлэн үст”, “Ув улаан зүрх”, “Энэ бол Улаанбаатар”, “Би чи бид”, “Миний чиний бидний гэр”, “Аа-Чүү” зэрэг хүүхдийн зохиолоороо хэдийн олны танил болсон билээ.
-“Алтан Өд-2024” наадмын хүүхдийн зохиолын төрөлд “Миний чиний бидний гэр” бүтээлээрээ тэргүүн байрын шагнал хүртсэнд тань баяр хүргэе.
-Баярлалаа.
-Таныг шүлэг бичдэг хүүхэд байсан гэж сонссон. Хүүхдийн номын зохиолч болоход юу нөлөөлсөн бэ?
-Тухайн үед шүлэг бичих нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэл мэдрэмжээ илэрхийлэн гаргах арга байлаа. Энэ нь хожмоо хүүхдийн зохиол бичихэд нөлөөлсөн нь дамжиггүй. Учир нь хүүхдэд зориулж ном бүтээхэд “Би юу өгүүлэхийг хүсэж байна вэ. Миний чин сэтгэлээсээ өгүүлж чадах түүх юу вэ” гэдгийг “тэмтэрч” олох нь хамгийн чухал гэдгийг сүүлийн үед улам бүр л ойлгож байна. Хүүхдийн зохиолтой амьдралаа холбоход надад “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” редакц том түлхэц болсон юм. Тэдний анхлан эрхэлж гаргасан “Мангасуудын орон”, “Гэдэс нь өлссөн авгалдай” зэрэг зурагт номыг хараад миний нүд нээгдсэн.
-“Миний чиний бидний гэр” номоороо дамжуулан уншигчдад хүргэх гэсэн гол санаа тань юу байв?
-Энэ номын түүх, хүргэхийг хүссэн санаа өөрөөс минь эхлэлтэй. Би хөдөө монгол гэрт, гэр хороололд, орон сууцад гээд аль алинд нь амьдарч үзсэн. Гэр хороололд амьдардгаасаа ичиж, утаа үнэртүүлэхгүй гээд өглөө бүр үсээ угаагаад, хичээлдээ явдаг байлаа. Үнэндээ монгол гэр гэхээр хоцрогдсон, бүдүүлэг юм шиг санагдаж явсан ойворгон тэнэг үе надад бий. Харин яваандаа эдгээр ондоо орчин нөхцөлөөс олон талын туршлага хуримтлуулж, өөрийгөө бүтээж, өсөж өндийснөө ойлгосон юм. Цаашлаад гэр орон гэдэг зүйлийг зөвхөн эд хэрэглэл, орчин, тавилга бүрдүүлдэггүй юм байна. Энэ нь өөрийн үнэт оршихуйг тээдэг газар юм байна гэдгийг ухаарсан. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг үг бий шүү дээ. Тиймээс одоо гэр хороолол, орон сууц, хөдөө, хотоороо талцаад бие биеэ гадуурхан хэмлэж, нэг нэгнийхээ “дээр гарах” гэдэг нь их эмзэглүүлдэг. Ингээд л Монгол орны харилцан адилгүй орчин нөхцөл, ахуй соёл, гэр бүлд өсөж өндийж буй хүүхдүүдийн түүхийг өгүүлж бичих сэн гэдэг хүслээр энэ номоо бүтээлээ. Ингэхдээ дөрвөн гол дүр хоёр талаас өөрсдийн гэр бүл, орон байр, ахуй амьдралынхаа талаар өгүүлж явсаар номын голд нэгдэн нийлжбуйгаарутга санаагаа зангидсан юм. Энэ хэсэгт олон янзын гэр оронд амьдардаг, өөр орны хүүхдүүд тойрч зогсоод,
“Гэр хаана байдаг
Гэрийг юугаар барьсан
Гэр ямар тавилгатай байх нь хамаагүй ээ
Хайртай хүмүүс минь
Хамтдаа унтдаг ор минь
Хайртай тоглоом минь
Хамт байдаг учраас л миний чиний бидний гэр хамгаас онцгой”
хэмээн хэлж буйгаар төгсдөг. Энэ нь номын гол утга санаа. Номоос хүүхдүүд газар орны ялгаатай байдал, амьдралын хэв маяг, өөр ахуй соёлыг танин мэдэх боломжтой. Цаашлаад монгол хэлний нутгийн аялгуу, ахуй амьдралтай холбоотой өвөрмөц үг хэллэгүүдтэй танилцана. Энэ нь хүүхдэд хэл, соёлын талаарх тодорхой ойлголт өгч, үгийн санг нь баяжуулахад чухал нөлөөтэй гэж бодож байна. Учир нь номыг минь хүүхдэдээ уншиж өгсөн эцэг, эхчүүд “Манай гэр бүл цаатны талаарх мэдлэгийн хүрээгээ тэллээ. Энэ зун Хөвсгөл аймаг руу явж, хүүхдүүддээ уншсан зүйлийг нь бодитоор харуулна” гэх мэт олон сайхан сэтгэгдэл хэлж байгаа.
-Үүнээс өмнө хүмүүс гадаад төрхөөрөө яагаад ялгаатай байдаг тухай өгүүлсэн “Би чи бид” номоо гаргасан байх аа?
-Тийм ээ. Бидний чаддаг зүйл, дуртай юмс ч өөр байдаг тухай шигтгэсэн. Харин гурван сарын дараа гэр бүл, аж амьдрал, ахуй соёлын ялгаатай байдлыг тусгасан “Миний чиний бидний гэр” зурагт номоо гаргасан юм. Ер нь энэ чиглэлээр бичсэн зурагт ном манайд цөөн юм билээ. Уг сэдвээр хүүхдүүдтэйгээ ярилцах нь ч бага юм шиг санагддаг.
-Ном бүтээхдээ анхаарлаа голчлон юунд хандуулж, ямар дарааллаар ажилладаг тухайгаа сонирхуулж болох уу?
-Юуны өмнө сэтгэлд минь тэмтрэгдэж, тархинд минь эргэлдэж буй сэдэв, агуулгаа барьж авахыг хичээдэг. Дараа нь тухайн сэдвээ яаж буулгаж, хэрхэн илэрхийлэх вэ гэдгээ бодно. Заримдаа гадаа алхаж явахад өнөөх сэдвийн эхлэл, өрнөл хэсгээс цээжинд минь “урган амилаад” ирвэл бушуухан л бичиж тэмдэглэдэг. Бас хажуугаар нь янз бүрийн зурагт номууд үзэж, оюун тархи, сүнсээ “тэжээдэг” гэх юм уу. Энэ нь миний хувьд хамгийн чухал. Ингээд дараа нь тухайн сэдэвтэйгээ холбоотой, хэрэг болох мэдээллүүдээ уншиж судлан, цуглуулдаг юм. Яг таг баримталдаг тогтсон дараалал байхгүй ч ерөнхийдөө ийм зарчмаар ажилладаг.
-Таны хүү ээжийнхээ бичсэн номуудыг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Хүү минь таван настай. Би өөрийнхөө зохиосон номын тухай хүүдээ хэлдэггүй. Эдгээр номыг намайг зохиосон гэж мэдэхгүй. Тиймээс шинэ ном танилцуулдаг зарчмаараа “Өнөөдөр шинэ ном авчирсан. Ээж нь уншаад өгье” гэж хэлээд уншиж өгдөг. Дараа нь номын тавиурт нь тавиад орхичихдог. Хүү минь “Би чи бид” номыг нэлээд хэдэн сар орой бүр уншуулсан. Номын тавиур дээрээсээ өөрөө сонгоод л аваад ирнэ. Харин “Аа-чүү” номын тусламжтай хамар, хоолойгоо уйлахгүй угаалгаж сурсан. Яагаад хамар, хоолойгоо угаалгах ёстойгоо их сайн ойлгосон гэж боддог. Хүү, бид хоёрт шууд үр дүнгээ өгсөн ном гэж хэлж болно. Харин “Миний чиний бидний гэр” номын тухайд нэрээр бус, “Нөгөө Гүнжид, Амгалан гээд хүүхэдтэй ном хаана байна, ээж ээ” гээд гол дүрүүдээр нь дууддаг. Тэр нь надад номынхоо дүрүүдтэй найзлаад байх шиг дулаахан мэдрэмж төрүүлдэг юм.
-Хүүхдэд багаас нь ном уншиж өгөх нь ямар ач холбогдол, давуу талтай юм бол?
-Бага насны хүүхдэд ном уншиж өгөх нь үгийн сангаа баяжуулах болон танин мэдэхүй, суралцахуйн суурь чадварт нь эергээр нөлөөлдөг. Нэгэн жишээ дурдахад, АНУ-ын 10 000 гаруй өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар бага балчир наснаасаа эхлэн хөгжилтэй зугаатай аргаар ном уншуулж өссөн хүүхдүүд өсвөр насандаа танин мэдэхүйн шалгалтад илүү амжилттай оролцдогийг тогтоосон байна. Мөн сэтгэл зүйд нь эергээр нөлөөлдөг аж. Тэгэхээр өнөөдөр ном уншиж өгч буйн үр дүн яг одоо гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч ирээдүйд нь эергээр нөлөөлдөг гэсэн үг. Гэхдээ хүүхдээ ухаантай болгож, онц сургах гэжбус, хайр халамжаа мэдрүүлж, хамтдаа сайхан дурсамж бүтээн, ярилцахын тулд ном уншиж өгөөсэй гэж хүсэж байна.
-Зохиолуудынхаа дүрийг хэрхэн сонгож, бүтээдэг талаараа хуваалцахгүй юу?
-Номын зураг маш чухал. Тиймээс зохиолыг минь амилуулж өгсөн зураачдаа их талархдаг. Тухайн номын өнгө будгийн сонголт, зургийн хэв маяг, өгүүлэмжийг зураач өөрөө шийддэг юм. Гэхдээ зохиолоо бичиж, номынхоо хэлбэр хийцийг төлөвлөх үед сэтгэлд минь урган гарч буй зураглал, дүр гэж бий. Үүнийг цаасан дээр ноороглоод зураачдаа үзүүлж ярилцах үе бий. Ингэснээр түүнтэй илүү сайн ойлголцоод байх шиг санагддаг.
-Бяцхан уншигчдаасаа авсан хамгийн том шагнал тань юу байв?
-Хүүхдүүд миний зохиосон номыг уншаад төрсөн сэтгэгдлээ илгээх нь хамгийн том шагнал. Жишээ нь, “Үүлэн үст”-ийг дөрвөн настайдаа ээж, ааваараа уншуулаад зураг зурж, над руу илгээсэн охин, сургуульд орсныхоодарааномоо өөрөө уншаад шинээр зураад илгээж байв. Номын санд “Ув улаан зүрх” номыг минь уншуулсан цэцэрлэгийн хүү гэртээ очоод бага ангийн ахдаа сонссон зүйлийнхээ талаар ярьсан байгаа юм. Тэгтэлах нь маргааш өглөөнь “Өнөө зүрх нь хувираад байдаг номыг унших гэсэн юм” гэсээр ирсэн тухай Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн Хүүхдийн тасгийн номын санч хуучилж байв. Хоёрдугаар ангийнхан “Би чи бид”-ийг ангиараа уншаад, номын тухай сэтгэгдлээ илэрхийлсэн захидал, зурвас явуулсан гэх мэтээр уншигч хүүхдүүд болон тэдний аав, ээж урмынүгссонсох нь хамгийн том шагнал байдаг.
-Хүүхдүүдээ хэтэрхий жаахан байна, юмны учир ойлгодог болохоор нь ном уншуулна гэх хүн цөөнгүй. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг вэ. Ер нь ном уншиж өгөхөд тохиромжтой нас гэж бий юү?
-Болж өгвөл хүүхдэдээ хэвлийд байхаас нь эхлээд ном уншиж өгч дадах хэрэгтэй. Эх болон урагт эерэг нөлөөтэй байдаг. Энэ үеийг алгассан бол 4-5 сартай буюу хараа тогтсон цагаас нь эхлээд номынх нь зургийг харуулж байгаад уншиж өгч болно. Ер нь аль болох багаас нь ном уншиж өгөх нь чухал. Энэ талаар хийсэн судалгаанууд хүртэл бий. Тиймээс бага балчир, хэлд ороогүй юм чинь хүүхэд юу ойлгох вэ дээ гэж битгий бодоорой. Хүүхэд ярьж чадахгүй ч уншуулсан номоо ойлгож, мэдэрч, хүлээн авч чаддаг. Үүнийг би хүүгээсээ хараад маш их баярлаж, догдолсон.
-Томчууд шинэ ном сонгохдоо ихэвчлэн бестселлер болсныг нь л худалдаж авдаг. Харин хүүхдүүд өөрт таалагдсанаа л уншдаг шүү дээ. Тэгвэл хүүхдэдээ ном сонгохдоо голчлон юунд анхаарах талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Зөвхөн томчуудын, эсвэл хүүхдүүдийн сонголтыг дагах нь өрөөсгөл. Мэдээж томчууд хүүхдээ чиглүүлэх ёстой. Ингэхдээ сонирхол, нас, уншлагын түвшнийг нь харгалзан үзэж сонгох хэрэгтэй. Тухайн номыг хүүхэд тань сонирхохгүй байлаа гээд шууд орхиж болохгүй, бага багаар танилцуулан, өөрөө хамт үзэх нь чухал. Зарим номыг хүүхэд хүлээж авахад хараахан бэлэн болоогүй үе гэж бий. Мөн тухайн хүүхдийн онцлог давхар нөлөөлнө. Тиймээс хүүхдэдээ зураг, бичвэр, хэвлэл, өнгө будгийн хувьд чанартайгаас нь, аль болох олон төрлийн ном авч өгөх хэрэгтэй. Бас хүүхдийн номын уншлагуудад дагуулж очоорой. Яваандаа эцэг, эх, хүүхэд аль аль нь ном сонгохдоо туршлагажаад зогсохгүй өөрсдийн сонирхол, уншлагын арга барилаа олчихдог юм.
-Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөж буйг хүн бүр шүүмжлэх болсон. Үүнийг та юу гэх вэ?
-Бид нийгмээрээ хүүхэдтэй холбоотой бүхэнд тоомжиргүй, хайхрамжгүй ханддаг юм шиг. Адаглаад сургууль, цэцэрлэг нь хүртээмжгүй. Тэгш боловсрол эзэмших боломж хомс. Тоглож наадах талбайгүй. Аюулгүй зорчих зам, талбай муутай гээд яриад байвал өчнөөн зүйл бий. Цаашлаад Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нь хүртэл эх, үрсийн баяр нэрээр цэцэг, шоколадтай “хольчихсонд” эмзэглэдэг. Уг нь энэ өдөр эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд нийтээрээ анхаарлаа хандуулах ёстой шүү дээ.
-Хүүхдийн ном бичихэд хэцүү санагддаг зүйл бий юү?
-Энэ тухайд “Гэдэс нь өлссөн авгалдай” номоор нь бидний сайн мэдэх зохиолч, зураач Эрик Карлын “Өгүүллэг бичих гэж байгаа хүний санаа 35 үгэнд л багтдаг. Тэгээд үүнийгээ 35 000 үг болгож дэлгэрүүлдэг. Харин хүүхдийн номын санаа 35 000 үгээр илэрхийлэгдэх ч 35 болгож танахаас өөр аргагүй. Хэтрүүлэг байж магадгүй ч зурагт ном бүтээхэд иймэрхүү зүйл тохиолдоно шүү” хэмээн хэлсэн нь хамгийн түрүүнд санаанд ордог. Зурагт ном бүтээхэд хэт нуршиж, тайлбарлахгүйгээр товч тодорхой атлаа өөрийн гэсэн онцлогтой өгүүлэх нь хамгийн хэцүү санагддаг юм.
У.Цэцэгсүрэн