Олон улсын олимпын хороо (ОУОХ) маш зоримог алхам хийж шинэ ерөнхийлөгчөөрөө 41 настай хатагтай Кирсти Ковентрийг сонгов. Дэлхийн спортыг өнөө болтол эмэгтэй хүн, африк гаралтан ер удирдаж байсангүй. Харин зимбабве эмэгтэй энэ бүхний түгжээг мултлав. Тэгэхдээ энэ бүх шинэчлэл ОУОХ-ны бодлогыг тэр дор нь өөрчилчихнө гэсэн үг биш. Ойрын үед л лав юу ч өөрчлөгдөхгүй. Юуны урьд ОУОХ-г зургаадугаар сарын 24 хүртэл Томас Бах удирдана. Хоёрдугаарт Ковентри гойд болгоомжтой байгаа. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үед долоон өрсөлдөгч дотроо нэлээд ноомой нь байсан, шинэ суудалд очоод ядаж хэдэн сар хүлээзнэх биз. Гуравт, тэрбээр халаагаа өгөх гэж буй Томас Бахын яах аргагүй “гарын хүн”. Грект болсон энэ түүхэн чуулганд оролцсон нэгэн үзэл бодлоо хуваалцахдаа зимбабве бүсгүй бол нэрийн төдий хүн, бодитой удирдлага 71 настай Бахын гарт л байх болно гэсэн байдаг.
Ковентри улс төрийн шатаар өгсөн гарч ирчхээд Оросын асуудлыг тэгтлээ хурц тавихгүй нь мэдээж. Ойрын үед өнгөн засал төдий юм хийж болзошгүй. Ковентри Оросын хувьд маш сайн хувилбар юм. Яагаад гэвэл тэрбээр Бахын нөлөөн дор, бие даасан байх боломжгүй ч олон хүн түүнийг гойд төвийг сахисан хүн гэж хүлээн авна. Цаашдаа спортод салхи оруулахад энэ их том давуу тал болох юм. Тиймээс тамирчин явсан зимбабве бүсгүй спортын энхийг сахиулагчийн хувьд тун тохирсон нэр дэвшигч гэгдэж байв. Түүнд Европ, Америкт ч татлаа чангалаа байсангүй. Ерөнхийлөгч болмогцоо хэд хэдэн дээд амжилтын эзэн боллоо.
Олимпын хөдөлгөөний түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч нь болов. Түүнээс өмнө энэ суудлыг 10 эрэгтэй эзэлж байсны ес нь албан ёсоор ерөнхийлөгч байсан бол нэг (Годфруа де Блоне) нь Дэлхийн I дайны үед үүрэг гүйцэтгэгч байжээ.
- Ковентри олимпын тоглолтод хоёр удаа ялалт байгуулсан анхны ерөнхийлөгч юм. Энэ албыг хашсан анхны олимпын аварга нь түүнд халаагаа өгөх Томас Бах.
- Пьер де Кубертений дараах хамгийн залуу ерөнхийлөгч юм. Пьер Олимпын хороог 33 настайдаа тэргүүлсэн байдаг.
- Ковентри нь Африк тивээс ОУОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож буй анхны хүн. Өмнөх 10 ерөнхийлөгчийн ес нь Европ, нэг нь АНУ-ын төлөөлөл байв. Бельги Олимпын хөдөлгөөний хоёр удирдагчийг төрүүлсэн ганц улс болоод байгаа. Тэд нь Анри де Байе-Латура, Жака Рогге нар юм.
- Ковентри нь Зимбабве улсын спортын домог болсон эмэгтэй. Тус улсын алдар цуутай тамирчин түүнд олимпын алтан медаль хоёр, мөнгөн медаль дөрөв, хүрэл медаль нэг бий. Түүнчлэн дэлхийн аваргын найман (3-5-0) медаль, богино зайн усанд сэлэлтийн таван (4-0-1) медальтай.
- Олимпын тоглолтод оролцсон түүхэндээ Зимбабвен тамирчид найман медаль хүртсэний долоог нь Ковентри Афин-2004, Бээжин-2008 олимпоос авчирсан байна. Бас нэг алтан медалийг Москва-1980 олимпоос өвсөн дээрх хоккейн эмэгтэй шигшээ баг нь авчээ. Ковентри анх Сидней-2000 олимпод оролцсон байна. Тэр жил 16 настай байсан энэ охин хагас финалд Зимбабвег улсаас оролцсон анхны усанд сэлэгч болж байжээ. Тэр жил түүнийг тус улсын оны тамирчин болгов. Африк тивийн шилдэг сэлэгч цомыг есөн удаа авч байв.
- 2008 оны тоглолтод оролцсоны төлөө Ковентри улсынхаа Ерөнхийлөгч Роберт Мугабегээс 100 мянган ам.доллар авч байжээ. Шагналаа хорт хавдар өвчинтэй тэмцдэг, тэтгэврийн хүмүүст дэмжлэг үзүүлдэг, ядуучуудыг эмээр хангадаг байгууллагуудад хандивласан байна.
- Лондон-2012, Рио-2016 тоглолтод Ковентри медаль авч чадаагүй ч багийнхаа тугч болсон юм.
- 100, 200 метрийн зайд араар сэлэх төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож байв.
- Өөртэйгөө өрсөлдөж байсан тамирчдын хувь заяаг шийдэх ОУОХ-ны анхны ерөнхийлөгч нь Ковентри болох нь. Тухайлбал, ДАШТ-ий сүүлчийн медалийг тэрбээр Ром хотноо 2009 авахад орос бүсгүй Юлия Ефимова анхны шагналаа (Ковентри шиг алт, мөнгөн медаль) авч байжээ.
- Ковентри спортоо 2016 онд орхижээ. Тухайн үед тэрбээр олимпоос авсан медалийнхаа тоогоор эмэгтэйчүүд дотроо толгой цохиж байлаа. Тэгэхдээ энэ үзүүлэлтээр эхний байрыг унгар эмэгтэй Кристина Эгерсеги (мөн сэлэгч) түүнтэй хуваалцаж байв. Хожим нь америк бүсгүй Кэти Ледеки олимпын 10 медаль авсан үзүүлэлтээр тэднээс давсан аж.
- ОУОХ-ны ажилтны хувьд Ковентри урт намтартай. Бүр 2012 онд түүнийг тамирчдын комисст сонгожээ. 2018 оны эхээр комиссыг тэргүүлж, 2021 он хүртэл удирдав. 2023 онд ОУОХ-ны Гүйцэтгэх хороонд оров. Түүнийг Бахыг залгамжлагч гэж үздэг, Бах чухам түүнийг нэр дэвшигчийн нь хувьд албан бусаар дэмжиж байжээ.
- 2019 оны есдүгээр сараас Зимбабвийн Залуучууд, спорт, урлаг, амралтын сайдаар ажиллажээ. Ажилдаа идэвхгүй хандсаны улмаас шүүмжлүүлж, газар хуваарилсанаас шүүхээр түүнд хэрэг үүсгэсэн ч 2023 онд Ковентри улиран ажиллахаар болжээ.
- Брисбенд болох 2032 оны олимпын тоглолтын зохицуулах комиссыг Ковентри тэргүүлж байна.
Оросын допингтой холбоотой дуулиан шуугианы тухайд “Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр биенээ буруутгадгаа больж, бэрхшээлийг хэрхэн шийдэхийг хамтдаа бодох ёстой. Энэ бол миний хийгээд ОУОХ-ны тамирчдын комиссын зорилго. Одоо цагт итгэлцэл гэгч юм бүх түвшинд байхгүй болж, бид энэ итгэлцлийг сэргээх ёстой. Энэ бол хоёр талын зорилт. Аль аль тал нь зэвсгээ хаяж, хамтдаа ажиллах учиртайгаа ойлгох ёстой. Эцсийн эцэст бид нэг л юм хүсэж буйд би итгэдэг” гэж Ковентри 2018 онд хэлж байжээ. Оросуудыг спортын талбар, дэвжээн дээр эргүүлж авчрах талаар “Энэ асуудлаар надтай зөвлөлдсөн, би ч олон тамирчинтай ярилцсан. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ч энэ зөвлөгөөнийг хийхээр шийдсэн, үүнийг хийх ёстой гэж би бодож байна. Манай олимпын үнэт зүйл нь нээлттэй байж, бүхнийг хүлээн авах явдал юм” гэж 2023 оны хоёрдугаар сард хэлсэн байна. Допингийн тухайд “Би тамирчин байсан болохоор надаас допинг илэрвэл тэмцээнд оруулахгүйг мэднэ. Тиймээс бүгд адил хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. Энэ бол миний байр суурь. Спортын хамт олны гишүүн бүр адилхан хариуцлага хүлээх тухай хэлж ярихаас би айдаггүй. Шинжилгээний чинь хариу чамайг илчилсэн бол шийтгэлээ хүлээ” гэж хэлсэн байдаг. Бас эмэгтэйчүүдийн спортод шударга чанарыг хадгалах нь онцгой чухал. Сонирхсон бүх талууд энэ асуудалд хамтарч ажиллаваас зохино. Олимпын тоглолтод бүх тамирчныг оролцуулах нь ОУОХ-ны үүрэг юм. Зөрчил тэмцэлтэй бүс нутгуудаас ч тамирчдыг олимпод оролцуулах арга замыг бид олох хэрэгтэй. Би үүнд Европ дахь юм уу, Ойрхи Дорнодын томоохон дайныг төдийгүй миний тив дэх зөрчил тэмцлийг ч оруулж байна. Бид Парисын олимпод төвийг сахисан болон бие даасан тамирчдыг онцгой нөхцөлөөр оролцуулж чадсан. Хүнд бэрх цаг үеийг туулж яваа улс орнуудыг, улсынхаа удирдагчдын хийж буй ажлыг дэмжихгүй байгаа тамирчдаа ч хүндэтгэх ёстой гэж Ковентри үздэг юм.
Тэрбээр ОУОХ-ны тэргүүний сонгуульд одоо нэгэнт хүндэт ерөнхийлөгч гэгдэх болсон Томас Бахын дэмжлэгээр ялсан юм. Өөрийг нь залгамжлах хүн гэж түүнийг л чухам үзэж буйгаа энэ герман хүн нуугаагүй. Нэрээ дэвшүүлсэн долоон хүн дотроос сонгуулийн өмнөх кампанийн үед мэргэжлийн агентлагуудаас тусламж хүсээгүй цорын ганц нь Ковентри байлаа. Тэрбээр маш товч хөтөлбөр дэвшүүлж, ОУОХ-ны чуулган дээр хэлэх үгээ нөхөртэйгөө хамжиж бичжээ. Ерөнхийлөгчийн төлөөх тэмцлээ өрнүүлж байхдаа хоёр дахь хүүхдээ төрүүлсөн, охин нь одоо ердөө таван сартай. Ковентри хувийн амьдралаа зарлаж хэлээд байдаггүй ч тамирчин байхад менежерээр нь ажиллаж байсан Тайрон Соуардтай гэр бүл болоод арав гаруй жил болсныг нь хүмүүс мэддэг. 2019 онд анхны охин Элла нь мэндэлсэн байдаг. Жирэмсэн болсноо Спортын сайд болоод дөрөв хонож байхдаа мэдсэн гэж сүүлд нь өөрөө ярьсан гэдэг. “Залуухан ээж гэр бүлийн ажлаас өөр юу ч хийж чадахгүй гэж хүмүүс боддог юм шиг байна лээ. Үүнийг би гайхдаг. Хүүхэд төрүүлэхийг би удаан тэвчсэн. Одоо гэргий, эх байхын зэрэгцээ ажлаа зохих ёсоор хийгээд явахад ч хүмүүс хачирхалтай явдал мэт хандаад л байх юм” гэж Ковентри хэлсэн байдаг. Чухам хүмүүсийн энэ этгээд хандлагаас болоод хоёр дахь удаагаа жирэмсэлснээ хэлэхгүй яваад байсан ч байж магадгүй. Нийгмийн сүлжээнд түүний зураг байхгүй, талархлаа албан ёсоор ямар нэг байдлаар илэрхийлдэггүй, гэлээ ч сонгууль болохоос хагас жил хүрэхгүй хугацааны өмнө охин төрүүлснийг нь хүмүүс мэдсэн байв.
2012 онд Спортын арбитрын шүүхийн шийдвэр гарсны дараа ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүний сонгуульд Ковентри ялсан юм. Үнэндээ бол ОУОХ-нд дөрвөн хүн орох байтал Ковентри авсан саналын тоогоор тав дугаарт эрэмбэлэгдсэн байв. Түүний өмнө Японы шидэгч Кодзи Мүрофүси, Тайваний таэквандоч Му-Йен Чу нар орсон байлаа. Тэд хоёул олимпын аваргууд юм. Гэтэл тэднийг сонгуулийн сурталчилгааны үед алдаа зөрчил гаргасны учир ОУОХ авсан саналыг нь хүчингүй болгов. Нэр дэвшигчид хүмүүсийг “уруу татах” ажиллагаагаа олимпын тосгонд тусгайлан бэлдсэн байранд л явуулах ёстой байтал Чу л гэхэд мөсөн чихэр, Мурофуси нь Японы багийн гишүүдэд хуудас тараасан байжээ. Австралийн Жеймс Томкинс имжийн дүрс бүхий хүүхэлдэй ашигласны улмаас шийтгүүлсэн байна. Чу, Мүрофүси хоёр Спортын арбитрын шүүхэд хандав. Олимпыг зохион байгуулахын төлөө Токио хот өрсөлдөж байсан учраас Мүрофүси тамирчдын комиссод сонгогдох нь тун чухал байлаа. Гэвч шүүхийн шийдвэр ОУОХ-ны талд гарч Ковентри уг комиссод багтжээ. Түүнийг сонгуульд ялалт байгуулж байх хойгуур нь гуравдугаар сарын 10-нд Зимбабвийн нийслэл Хараре хотод хүмүүс эцэг, эхэд нь халдаж дээрэмдсэн байв. Зэвсэглэсэн хоёр этгээд гэрт нь дайрч орж ирээд эцэг, эхийг нь хүлж 90 мянга гаруй ам.доллароор үнэлэгдэх эд зүйл аваад явчхаж. 15 мянган ам.доллар бэлнээр, 60 мянгаар үнэлэгдэх гоёл чимэглэл, 5000-ын үнэтэй чихэвч, хэд хэдэн чемодан, олимпын тоглолтод оролцохдоо Ковентри өмсөж байсан зориулалтын хувцас зэргийг авсан байлаа. Зимбабвийн цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ. Тэд нь Ковентрийн төрсөн ах, дүү нар байсан аж. Хулгайлсан зүйлсийн заримыг нь тэд буцааж өгчээ.
Спортоо орхисноос хойших Ковентрийн амьдрал аятай сайхан байсангүй, шүүмжлэл чамлахааргүй. 2008 онд олимпын дөрвөн медаль авч, 100 мянган ам.доллароор шагнуулсныг нь Зимбабвийн ард түмэн ойлгосонгүй. “Мөнгөний ханш хэт унаснаас хүмүүс өлбөрч байхад тэр ийм мөнгө авч яаж чадаж байна аа” гэж телевизээр ярьжээ. Ерөнхийлөгч Эммерсон Мнангагвын танхимд Ковентри одоо Спортын сайдаар ажиллаж буй юм. Хатуу чанга хандлагаасаа болж зимбабвечүүд Ерөнхийлөгчөө “матар” хэмээн хочилно. Уг танхимд Ковентри ганц цагаан арьст сайд юм байна. Зимбабвийн хөл бөмбөгийн шигшээ баг цэнгэлдэх хүрээлэнд нь аюулгүй байдал хангалтгүйн улмаас 2020 оноос эх орондоо тоглох эрхгүй болоод байгаа бөгөөд Ковентри энэ асуудлыг одоо хэр нь шийдэж чадаагүйгээс хэвлэлээр байнга шүүмжлүүлнэ. Өнгөрсөн онд Парист болсон олимпод Зимбабве улсаас есөн тамирчин оролцоод медаль авсангүй, дээр нь албан ёсны төлөөлөгчид нь 74 хүний бүрэлдэхүүнтэй очсон гэж байгаа.
Мнангагва 2017 онд цэргийн эргэлт хийж байж эрх мэдэлтэй болжээ. Ардчилсан зарчим, хүний эрхийг зөрчсөний улмаас энэ хүн Европын Холбоо, АНУ, Британийн хоригт ороод байгаа. Гэлээ ч Ковентри Ерөнхийлөгчөөсөө хөндийрсөнгүй, 2027 онд крикетийн цомын төлөөх тоглолтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйгаа тэд нэгэнт зарлачихсан...
Р.Жаргалант