Зургаан настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн оны сүүлчээр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 749 хүүхдийн 89 хувийг хамруулжээ. Тодруулбал, манай улс сургуульд суурилсан эрт илрүүлгийг анх удаа зохион байгуулж, эхний ээлжинд нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулсан юм. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нэгдүгээр ангид 77 мянга орчим хүүхэд элссэн байна. Тэднээс Улаанбаатар хотод эрт илрүүлэгт хамрагдсан 36.2 мянга гаруй хүүхдийн 79.9 хувийнх нь шүд цоорсон, 20.5 хувьд нь харааны өөрчлөлт илэрчээ. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн хүүхдүүдийн 21.4 хувь нь өөрчлөлттэй гарсан аж. Эдгээр хүүхдүүдийг дараагийн шатны тусламж үйлчилгээнд хамруулсан бөгөөд эмчилгээний явц 13-66 хувьтай гэнэ.
Түүнчлэн 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Үүний хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 24-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулж буй аж. Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэгт шаардлагатай зүрхний ухаалаг цахилгаан бичлэгийн аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжийг орон нутагт хуваарилжээ.
Ч.Болор