Америкийн төлөөлөгчид Украин, Оросын талтай энэ долоо хоногийн эхээр хэлэлцээр хийгээд үр дүнгээр нь Цагаан ордон хоёр ч мэдэгдэл гаргалаа. Хөлөг онгоцыг аюул осолгүй зорчуулах, хүч үл хэрэглэх, худалдаа арилжааны хөлөг онгоцнуудыг Хар далайд цэргийн зорилгоор ашиглахгүй байхаар Москва, Киев хоёртой тохирсон талаар эдгээр мэдэгдэлд өгүүлсэн байна. Түүнээс гадна Орос, Украины эрчим хүчний обьектуудад цохилт өгөхийг зогсоох тухай шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг хоёр талтай хамтран АНУ боловсруулах аж. Цэргийн олзлогдогсодыг солилцох, хоригдож буй иргэдийг суллах, хүчээр зөөж аваачсан украин хүүхдүүдийг эх оронд нь буцааж өгөхөд Вашингтон тус дэмжлэг үзүүлэхээр болсныг мэдэгдэлд бас тэмдэглэжээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог гадаад орнуудад гаргахын тулд дэлхийн зах зээлийг ашиглах эрхийг нь сэргээх, тэнгисээр ачаа зөөхөд шаардагдах даатгалын үнэ өртгийг хямдруулахад Москвад туслахаа АНУ амласан байна.
“Хар тэнгисийн санаачилга” буюу “үр тарианы наймаа” 2022 оны зун эхэлсэн бөгөөд түүнд Турк улс, НҮБ зуучилсан билээ. Тэдэнтэй Москва, Киев хоёр тус тусдаа гэрээ байгуулсан юм. Гэвч нэг жил орчим болоод бордоонд тавьсан хоригоо цуцалсангүй хэмээн Өрнөдийг буруутган Орос түүнээс гарсан байдаг.
Цагаан ордны дараа Кремль мэдэгдэл гаргав. Мөрдөж эхэлсний дараа “Хар тэнгисийн санаачилга”-д оролцоход Москва бэлэн болох нөхцөлийг түүнд тодорхой бичсэн байлаа. Эхлээд Россельхоз банканд тавьсан хоригоо цуцлахыг Кремль хүлээж бас Орос руу ХАА-н техник, хүнсний зүйл, бордоо үйлдвэрлэхэд хэрэглэдэг барааг Орост нийлүүлэхэд нь тавьсан хоригоо зогсоохыг хүсэж байв. Москвагийн тавьсан бусад шаардлага дотор хүнсний зүйл, бордоо үйлдвэрлэж гадагш гаргадаг компаниудад тавьсан хоригийг цуцлах асуудал мөн орсон байлаа. Вашингтоны мэдэгдэлд дурдсан тохиролцоо тэдгээрийг Цагаан ордны сайтад тавьж олны хүртээл болгосноор хэрэгжинэ гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн юм. “Цохилтод өртүүлэхгүй байх шаардлагатай дэд бүтцийн стратегийн обьектуудын жагсаалтыг” АНУ-д өгснөө Зеленский бас хэлсэн байна.
Украинд ажилладаг ВВС-гийн сурвалжлагч Святослав Хоменко Эр-Рияд хотод болсон хэлэлцээрүүдийн үр дүнг дараах байдлаар тодорхойлсон байх юм. Зеленский энэ тохиролцоонд цаашид тодруулах юм маш олон байх болно гэж хэлснийг нь Саудын Арабт болсон техникийн чанартай хэлэлцээрийн сайн үр дүн гэж үзэж болно. Хэвлэлийнхэнд зориулсан мэдээлэл Украины Ерөнхийлөгчийн хэлсэн үг англи хэлний аялгууны нарийн төвөгтэйг илэрхийлж “Ливерпуль” гэж бичээд “Манчестер” гэж уншина гэж наргиан болгож хэлсэн байдгийг санахад хүргэлээ. Тэрбээр талууд Хар тэнгисээр зорчих иргэний хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах талаар тохиролцсон ч үүнийг бид (Америк түншүүд ч ялгаагүй) усан буудлын дэд бүтцэд цохилт өгөхийг зогсооно гэж ойлгож буй гэж хэлсэн байна. Эсвэл “эрчим хүчний эвлэрэл”-ийн тухай тохиролцоо нь бидний бодлоор эрчим хүчний обьектууд төдийгүй иргэний зориулалттай дэд бүтцийг ч бүхэлд нь хамарч байгаа юм.
Оросуудад итгэхгүй байгаагаа Зеленский нэг бус удаа хэлжээ. Тэд бүрэн эвлэрэл бий болгох ямар нэг алхам хийхгүй, яагаад гэвэл дайныг дуусгах асуудал тэдний төлөвлөгөөнд ороогүй. Гэхдээ үүнд Дональд Трамп болон түүний багийг Владимир Зеленский итгүүлж чадаагүй аж. Бүхэлд нь ч, ядаж хэсэг хэсгээр нь ч, өнөөдрөөс, нөгөөдрөөс ч гэсэн эвлэрэл бий болоход бэлэн гэж Киев мэдэгдэж байсан ч Орос түүнийг мөрдөхгүй гэдэгт огт эргэлзэхгүй байгаа гэнэ.
Америкаас уг хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчдийн дунд онцлон анхаарал татахаар хүн байсангүй. Саудын Араб руу Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Трампын зөвлөх Майк Уолтц нар явна гэж Стив Уиткофф “Fox news”-ийн сурвалжлагчид ярьсан байв. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Кит Келлог нэг шинэ хүний нэр хэлсэн нь АНУ-ын бодлого төлөвлөлтийн захирал Майкл Антон байлаа. Энэ бол Америкийн улс төрд нэр зартай нэгэн. Нью-Йорк хотын захирагч байсан Рудольф Жулианигийн хэлэх үгийг бэлтгэгч байснаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд очиж, 2005 он хүртэл тэргүүлж байсан Кондолиза Райсын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллажээ. Дараа нь Австралийн хэвлэлийн магнат Руперт Мэрдокийн дэргэд олон жил болсон байна. Трампыг анх Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь 2017 онд төрийн албанд богино хугацаагаар эргэж иржээ. Одоо Трампын шинэ засаг захиргаанд алба хашиж байна. Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарт оройн зоогийг нь бэлтгэх ахлах тогооч болж 2018 онд төрийн албанд ганц өдөр зүтгэсэн гэдэг. “Reuters”-ийн мэдээлснээр оросуудтай уулзсан америкчуудын дунд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захирал Эндрю Тик байжээ. Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд ч тэрбээр мөн энэ суудалд байсан төдийгүй түүний Оросын асуудал хариуцсан зөвлөх нь байв. Гэвч ердөө хоёр сар болоод 2020 оны нэгдүгээр сард халагдсан байна.
Украины төлөөлөгчид эрчим хүчний салбарын мэрэгжилтнүүд хийгээд цэргийнхнээс бүрдэж байгаа гэж Гадаад хэргийн сайд Георгий Тихий нь ВВС-гийн сэтгүүлчид ярьсан байх юм. Зеленский ч хэлэлцээр хийх багт нь цэргийнхэн, дипломатчид, Эрчим хүчний яамны төлөөлөл оролцсон гэж мэдээлсэн байна. Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровоос гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Павел Палиса гэдэг хүн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Энэ хоёр Саудын Арабт АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн өмнөх уулзалтад ч оролцсон юм байна.
Одоо хашиж буй албаар нь жишвэл төдийлөн олонд танил бус хоёр хүнийг Саудын Араб руу ОХУ илгээсэн нь Сахалин мужаас Сенатын гишүүнээр сонгогдсон Григорий Карасин, Холбооны аюулгүй байдлын албаны захирлын зөвлөх Сергей Беседа нар байлаа.
Григорий Карасин зургаан жилийн өмнө сенатор болсон, дипломат албанд олон жил ажилласан туршлагатай хүн юм. Тэрбээр Москвагийн их сургуулийн Дорно дахины хэл судлалын дээд сургууль төгсөөд 1970-аад оны эхээр Гадаад хэргийн яаманд ажиллаж, Зөвлөлт засгийн жилүүдэд Британийн ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байв. Дараа нь удирдах ажил хийж 1993-1996 онд Гадаад харилцааны яаманд хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Евгений Примаков, Игорь Иванов нарыг Гадаад хэргийн сайд байхад орлогч сайд байжээ. Дараа нь Лондонд таван жил Элчин сайд, 2005-2019 онд мөн Гадаад хэргийн орлогч сайдаар ажиллаж байгаад дипломат албаа орхиж, Холбооны зөвлөлийн гишүүн болсон байна. Украин руу Орос довтолсон, зарим бүс нутгийг нь ОХУ-ын харьяанд авсныг дэмжсэний улмаас 2022 оноос Карасинд АНУ, Европын Холбоо, Британи хориг тавьсан аж.
Трамп, Путин хоёрыг утсаар ярьсны дараа Оросын байр суурийг ойлголоо хэмээн Цагаан ордныг Карасин магтсан байдаг. Европоос ялгаатай нь Украинд албадан дайчилгаа явуулахыг, Киевт цэргийн тусламж үзүүлэхийг зогсоох талаар Москвагийн тавьсан шаардлагыг тэд ойлгожээ гэж тэрбээр үзсэн аж.
Холбооны аюулгүй байдлын албаны захирлын зөвлөх Сергей Беседа Украиныг сонирхох болсон тухайд бүр 2014 онд л хэвлэлд бичиж байжээ. Тухайн хүчний байгууллагын хилийн чанад руу чиглэсэн үйл ажиллагааг хариуцсан албыг Беседа тэргүүлж байв.
2014 оны хоёрдугаар сарын 20-21-нд Сергей Беседа Киевт чухам юу хийж байсныг тайлбарлаж өгөхийг хүсэж Украины Гадаад хэргийн яам, дөрөвдүгээр сард Холбооны аюулгүй байдлын албанд хандаж байжээ. Тэр өдрүүдэд Украины хүчний байгууллагынхан Киев хотын төвд эсэргүүцлээ илэрхийлэгчдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн байна. Ерөнхийлөгч асан Виктор Янукович унаж, улмаар зугтсаны дараа Киевт дэгдсэн эмх замбараагүй байдал болон Холбооны аюулгүйн албаны генерал Беседийг байцаахад туслахыг хүсэж Украины Гадаад хэргийн яам Оросын Гадаад хэргийн яаманд хандсан байна. Януковичийг албан тушаалаас нь огцруулсан тэмцэл ид байсан хоёрдугаар сарын 20-21-нд Беседа Киевт байж, Оросын ЭСЯ болон бусад байгууллагын аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж байсан аж. “Интерфакс”-ын мэдээлж байснаар Виктор Януковичтой уулзах хүсэлт хурандаа генерал Беседа тавьсан ч хүлээж авсангүй. 2022 онд Украин руу Орос довтлохын өмнө Путинд очиж байсан мэдээллийг чухам Холбооны аюулгүй байдлын албаны Тавдугаар газар, түүний удирдагч Сергей Беседа хариуцаж байжээ. Москваг өөрийн боломжийг хэтрүүлж үнэлэхэд хүргэсэн ташаа мэдээлэл өгч байсан тус албаны ажилд сэтгэл дундуур байдгаа тухайн байгууллагын дотоодод төдийгүй Оросын удирдлага ч нуудаггүй байв.
Украины Тагнуулын удирдах газрын дарга Кирилл Буданов “Украинд ямагт төвөг учруулдаг хүн” гэж Сергей Беседаг үздэг байж. Беседа чухам ямар аюул тариад байдгийг Буданов “Украины газар нутаг дээр идэвхтэй ажиллагаа явуулдаг” гэхээс илүүг хэлсэнгүй. Беседа уг албаа 2024 онд өгсөн байна.
Энэ сарын 24-нд Эр-Риядад болсон Орос, Америкийн төлөөлөгчдийн хэлэлцээний үр дүнг “Reuters” “Ойрын ирээдүйд нааштай мэдэгдэл хийнэ хэмээн хүлээж байна” гэж мэдээллээ. Уг хэлэлцээний дүнд “дэвшил ажиглагджээ”.
Гуравдугаар сарын 25-ны өдрийн турш үргэлжилсэн Орос, Америкийн хэлэлцээ Москвагийн цагаар үдшийн 11.00 (23.00) цагийн орчимд өндөрлөжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова энэ хэлэлцээнээс айхавтар үр дүн хүлээх хэрэггүй, ажил хэрэг олон чиглэлээр явж байна гэж хэлсэн бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков талууд уулзалтын эцэст ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөгүй гэсэн байна.
Хэвлэлүүдэд мэдээлж буйг багцалж үзвэл галыг хэсэгчлэн зогсоож, эрчим хүчний обьектуудад цохилт өгөхгүй, Хар тэнгисээр хөлөг онгоц зорчиход саад учруулахгүй байхаар Орос, Украины талууд тохиролцсон байна.
Р.Жаргалант