Хувь хүний орлогын албан татвар буюу цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг нэг хувь болгож бууруулах нийтийн өргөдөлд долоо хоногийн хугацаанд 37 мянга гаруй иргэн гарын үсэг зураад байна. Татварын дарамтыг бууруулах энэхүү санаачилгыг иргэн Р.Шинэгэрэл энэ сарын 20-нд гаргаж, нийтийн цахим өргөдөл, гомдлын “D-Parliament” системд байршуулсан аж. Уржигдрын 22.00 цагт уг өргөдөлд 12 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байсан бол өчигдрийн 15.30 цагт 37 мянгад хүрч өссөн байв. 24 цаг хүрэхгүй хугацаанд 25 мянга орчим хүний дэмжлэг авсан гэсэн үг.
Олон нийтийн гаргасан өргөдөл, гомдлыг “D-Parliament”-д 30 хоногийн хугацаатай байршуулдаг. Тухайн өргөдөлд 100 мянга болон түүнээс дээш хүн гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудлыг холбогдох Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх, Нийтийн сонсгол зохион байгуулах, улмаар хууль, тогтоолын төсөл боловсруулах боломж бүрддэг юм. Тэгвэл хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулах өргөдөл зорилтот саналынхаа 37 хувийг аваад байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг 30-50 хувиар бууруулах саналыг нэр бүхий иргэд өмнө нь хэд хэдэн удаа гаргасан ч шаардлагатай дэмжлэгээ авч чадаагүйн улмаас өргөдөл нь цуцлагдсан. Хамгийн сүүлд энэ сарын 12-нд иргэн Б.Батбилэг нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь болгож бууруулах өргөдөл гаргасан нь одоогоор 6000 хүний санал авчээ.
Н.Мишээл