Боловсролын ерөнхий газар, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ хамтран “Бидний мэдэх брайль” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм. Тус уралдааныг харааны бэрхшээлтэй иргэдийн үндсэн хэрэглээ болох брайль бичгийн ач холбогдлыг олон нийтэд таниулахын тулд өрнүүлжээ. Оролцогчдын бүтээлийг ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд гэсэн хоёр ангилалд хүлээн авсан аж. Уралдаанд нийт 127 бүтээл ирүүлснээс 44 нь оюутнуудынх. Уг уралдаанд манай сэтгүүлч, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн оюутан А.Тэмүүлэнгийн бүтээл тэргүүн байр эзэлсэн бөгөөд түүний “Адил биш ч тэнцүү” бүтээлийг толилуулж байна.
Адил биш ч тэнцүү
Таван тивд зааглагдаж, өөр өөрийн хэлээр ярьдаг боловч эцэстээ бид хүн хэмээх оршихуй. Бидний арьсны өнгө, хэл, хувцаслалт, амьдралын хэв маяг, хобби, зан заншил харилцан адилгүй учраас өөр хоорондоо ялгаатай хэрэгцээтэй. Энэ нь яг л геометрийн дүрс шиг. Гэсэн ч мөн чанартаа хүн хэмээх оршихуй гэдэг нь гагц үнэн. Үүний нэгэн адил брайль үсэг ч хүн төрөлхтний нэгэн хэрэглээ. Монгол Улсад брайль үсгийг одоогоос 100 хүрэхгүй жилийн өмнө нэвтрүүлсэн түүхтэй. Харин олон улсад Ромд болсон 1878 оны Конгрессын хурлаар харааны бэрхшээлтэй иргэдийн үндсэн бичиг нь брайль болохыг хүлээн зөвшөөрч, баталжээ. Мэдээж эл бичгийн хэрэгцээ үүнээс өмнө ч байсан нь ойлгомжтой.
Хүний амьдралын замналыг тааж хэлэхэд бэрх. Өнөөдөр бид нарны гэрэлтэй мэндчилж чадаж буй хэдий ч маргааш тэр надаас гэгээгээ харамлахыг үгүйсгэхгүй. Тиймээс хэн бүхний анхаарах зүйл нь брайль үсгийн ач холбогдол, түгээмэл хэрэглээ мөн биз. Өмнө ньхэлсэнчлэн, брайль үсэг бол хүн төрөлхтний хэрэглээ. Уншигч та харанхуйд гэрэлгүйгээр, эсвэл саваа модгүйгээр алхаж байна гээд төсөөл дөө. Магадгүй хөлд юу тээглэх бол, бас харанхуйгаас ямар нэгэнзүйл тань руу дайрахаар хүлээж буй мэт санагдах байх. Ийм үед танд мэдээлэл хэрэгтэй. Гэрэл хэрхэн асаах, мөн хаашаа явах тухай гэх мэт. Тэгвэл энэхүү мэдээллийн хэрэгцээг брайль үсэг харааны бэрхшээлтэй иргэдэд нөхөж өгдөг билээ. Энэ нь тэдний хувьд уух ус, идэх хоолтой адил. Гэтэл ийм чухал хэрэгцээндээ төдий л анхаарахгүй байсаар өдийг хүрлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшиж, нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” хэмээн заасан байдаг. Техник, технологи хөгжихийн хэрээр хүндтөрөлхтөн орон зайнаас үл хамааран мэдээллийг чөлөөтэй хүлээн авах боломжтой болсон. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүндийм боломж бололцоо хэр байгаа вэ. Цахим сүлжээ ашиглан мэдээлэл хайхад хэцүү юм аа гэхэд хэвлэмэл материалууд дунд брайль үсгээр бичигдсэн нь хэд билээ.
ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ НЬ УЛАМ БҮР НЭМЭГДСЭЭР
Боловсролын бүх шатны сургалтын байгууллагад энэ хичээлийн жилд хөгжлийн бэрх шээлтэй 9970 суралцагч хамрагдажбайгаагаас 868 нь харааны бэрхшээлтэй аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасансудалгааны тайлангаас харааны бэрхшээлтэй иргэдийн тоон мэдээллийг хүргэе. Ингэхдээ 2013-2023 оны тоон үзүүлэлтийг харьцууллаа. 2013 онд харааны бэрхшээлтэй иргэн 9559 байсан бол 10 жилийндараагэхэд 12 053 болж өсчээ. Өөрөөр хэлбэл, брайль үсгийн хэрэгцээ энэ хэрээр нэмэгдэж буй гэсэн үг. Брайль үсгээр бичигдсэн материалыг голчлон Хараагүйчүүдийн холбооны цехэд хэвлүүлж байж. Тэнд нийслэлийн 116 дугаар сургуулийн сурагчдын сурах бичгийг бэлтгэдэг байлаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан улсын хэмжээнд ганцад тооцогдох сургууль болох нийслэлийн 116-гийнхан хүртэл сурах бичиг нь хүрэлцээгүй байгаа талаарх мэдээлэл 3-4 жилийн өмнө гарч байсан. Тухайн үед багш нар нь номоо өөрсдөө бэлдэж, хандив тусламжаар сурах бичигтэй болох замаар өдөр хоногийг аргацаадаг гэжээ. Өнөө нөхцөл байдал хэр байгааг тус сургуулийнхнаас тодруулахад “Бид 2017 онд брайль үсгээр ном, бүтээл хэвлэх цехтэй болсон. Цехийнхээ тусламжтай дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсан. Багш нар хичээлийн гарын авлага, хэрэглэгдэхүүнээ өөрсдөө бэлдчихдэг” гэсэн юм. Юутай ч нөхцөл байдал бага багаар сайжирч буй бололтой. Гэсэн ч хэрэгцээгээ бүрэн нөхөж чадаж байгаа юу гэвэл үгүй.
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД НЬ Ч ОЛИГТОЙ НОМГҮЙ
Бага сургуулийн түвшинд сурах бичиг нь хангалтгүй байна гэдэг дараа дараагийн асуудлуудынүндэс. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн суралцагчид их, дээд сургууль, эсвэл ажлын байртай“золгодог”. Их, дээд сургуулийн түвшинд брайль үсгийн хэрэглээ түгсэн боловуу. МУИС-ийн номын сангийн онлайн системээс “Брайль” гэсэн түлхүүр үгээр хайлт хийж үзлээ. Тэндээсойролцоогоор 50 орчим ном “гарч ирсэн”. Түүнчлэн МУБИС-ийн номын санд брайль бичгээр бүтээсэн 70-80 бүтээл бий. Гэхдээ эдгээр нь их сургуулийн сургалтын агуулгад багтдаг бүтээлүүд биш. Их сургуулийн сургалтад олон талын мэдлэг, мэдээлэл хэрэг болдог. Тэр хэрээр номын санд өнжиж, эсвэл онлайн системээс эрдэм шинжилгээний бүтээлүүдээс хайх шаардлагатай болдог. Мэдээж харааны бэрхшээлтэй иргэд сүүлийн үеийн технологийг ашиглаад хайх боломжтой. Ингэхдээ зөвхөн цахим сүлжээнд байршуулсан бүтээлүүдийг программын тусламжтайгаар сонсох байдлаар ашиглаж буй юм. Харин хэвлэмэл материал ашиглахад хүндрэлтэй. Тиймээс нийгмийн бүх гишүүнд хүргэхийн тулд номоо аудио хэлбэрт шилжүүлэх, их сургуульд өргөн хэрэглэгддэг материалыг агуулгаар нь “базаж”, брайль үсгээр хэвлүүлж чболох юм.
Саяхан нэг ийм үйл явдал МУИС-ийн дотуур байранд боллоо. Манай сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчныг хангалттай бүрдүүлсэн гэж удирдлагууд онцолдог. Харин л дээ. Дотуур байранд нь жилд 300-400 оюутан оршин суудаг. Өнгөрсөн жил алхах чадвараа бүрэн алдаж, тэргэнцэр ашигладаг нэгэн хүү амьдардаг байсан юм. Тэр дотуур байрандтэргэнцэртэй буух боломжтой шат байсангүй л дээ. Эхэндээ “Яаж шатаар буугаад байгаа юм бол” гээд гайхдаг байлаа. Байрны залуучууд түүнийг тэргэнцэртэй нь өргөж буулгаад, буцаагаад л оруулчихдаг байж. Өөрөө ч бусадтай сайхан харилцана. Миний мэдэхээр тэр залууг юм асуувал, тусламж хүсвэл татгалзах хүн байгаагүй.
Харин энэньсаяхан болсон, харааны бэрхшээлтэй оюутны тухайд л даа. Дотуур байранд оюутнууд ээлжилж, угаалгын машинд хувцсаа угаадаг. Тэр өдөр тухайнзалуу угаасан хувцсаа авахаар байрны жижүүрийг даган алхсан юм. Замдаа хана тэмтчин, алхаагаа тоолж, угаалгын өрөөнд хүрсэн. Тэрбээр угаалгын өрөө хүртэл хэд алхахыг, ямар зам туулдгийг ч сайн мэдэж байлаа. Гэтэл угаалгын өрөөнд хувцсаа ялгаж авахад нэлээд төвөгтэй байсан тул дотуур байрны үйлчлэгч түүнд туслав. Найз нь угаалгын машинд хувцсыг нь хийж угаагаад хатаагчинд байрлуулсан юм билээ. Нөгөөтээгүүр, товчлууртай эдлэл хэрэгслийг халсан нь ололт гэдэг чбас дутагдал бий аж. Энэ жишээнээс харааны бэрхшээлтэй хүнд юмсыг ялгах хэрэглүүрүүд чухал үүрэгтэй байдгийг ойлгож болно. Дээрх тохиолдлууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суурь хэрэгцээг нь хангаж өгөх шаардлагатайг харуулж буй юм.
БРАЙЛЬ ҮСГИЙГ БАРАА ШИГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УУ
Уг нь нийтийн үйлчилгээний салбарт цэсэндээ брайль үсэг ашиглах боломж бий. Ингэснээр үйлчлүүлэгчдийн тоо ч нэмэгдэж, бусад салбарт жишиг болох. Уг нь энэ арга тийм ч их хөрөнгө мөнгө зарцуулахгүй. Багахан сэтгэл байхад л хосолмол бичигтэй цэс гаргаж болохюм. Зөвхөн нийтийн хоолны үйлчилгээний салбарт ч гэлтгүй бусдад ч бололцоо бий. Үйлчилгээний салбарууд ийм жишиг гаргаснаар цаашдаа олон нийтэд ач холбогдлыг нь таниулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тустай юм.
Хоёрдугаарт, өмнө цухас дурдаад өнгөрсөн номын сангийн үйлчилгээний тухай өгүүлье. Нийтийн номын сангуудад брайль үсгээр бичигдсэн ном бүтээлийн тоог нэмэгдүүлэх шаардлага бий. Номын сангийн тухай хуульд нийтийн номын сан нь нийгмийн бүх гишүүнд хүрч ажиллана гэж заасан байдаг. Нөгөөтээгүүр, номын сангийн үндсэн зорилго ньч үүнтэй ижил юм. Номын санд тэднийг чөлөөтэй үйлчлүүлэх боломжоор хангаснаар нийгмийн үйл ажиллагаанд оролцох, хөгжих боломжийг нь дэмжиж буй хэрэг. Брайль үсгээр бичигдсэн материалыг номын санд нэмэх нь харааны бэрхшээлтэй хүмүүст боловсрол эзэмших, шинэ мэдлэг олж авах боломжийг олгоно. Энэ нь зөвхөн анхан шатны мэдлэг төдийгүй, нарийн төвөгтэй сэдвүүдийг гүнзгийрүүлэн судлахад тусалдаг. Хэрэв харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд мэдээлэл хүртэх боломж хязгаарлагдмал байвал тэдний хөгжих гарц ч хаалттай байх болно. Тэгэхээр номын сангуудад брайль үсгээр бичигдсэн материалуудыг олшруулах нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрхийг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
Дараагийнх нь харааны бэрхшээлтэй иргэдийн түгээмэл ашигладаг текстийг аудио хэлбэр лүү шилжүүлэгч системийн тухай юм. Мөн ийм систем нь аудиог текст хэлбэр лүү шилжүүлэх ч боломжтой. Олон улсад бол төрөлжөөд нэлээд ахицтай ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр ийм системийг төрийн үйлчилгээнд ашиглах боломжтой гэж үзэж байна л даа. Жишээ нь, Төрийн үйлчилгээний “ХУРДАН” системийн тухай авч үзвэл энэ нь харааны бэрхшээлтэй иргэд ашиглаж болохуйцаар бүтээгдсэн бил үү. Номын сангийн мэдээллийн хайлтын систем, банкны АТМ зэргийг ч технологи ашиглан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын тусламжгүйгээр ашиглах бололцоог бүрдүүлж болно. Харааны бэрхшээлтэй хүмүүс компьютер, гар утсан дээрх үйлдлийг програмын тусламжтайгаар төвөггүй ашиглаж чадна. Иймд уг программыг үйлчилгээний системд л суурилуулахад хангалттай. Уг нь бид цахим үндэстэн болохоор зорилго тавиад буй шүү дээ. Тэгэхээр энэ бүгд наад захын л хийх ёстой зүйлс.
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ НЬ ХЯЗГААРЛАХ ЁСГҮЙ
Химийн, биологийн нэр, томьёог брайль үсгээр боловсруулахад төвөгтэй байдаг талаар саяхан нэгэн ярилцлага уншиж байлаа. Ярилцлага өгсөн тэр хүн нийслэлийн 116 дугаар сургуулийг төгсөөд, МУБИС-д суралцсан юм билээ. Тухайн үед ахлах анги хүртлээ хими, биологийн хичээлдээ тааруу, ер нь суралцах боломж ч хомс байсан талаараадурдсан байгаа юм. Харин ахлах ангид нь хими, биологийн багш нь хичээлээ сонирхолтой заах болсноор тэр залуу энэ төрлийн мэргэжил эзэмшихээр шийджээ. Ингэснээр хими, биологийн хичээлээс хойш сууж буй хүүхдүүдэд туслахыг хүссэн байна.
Энэхүү асуудлыг техник, технологи ашиглан шийдэж болохгүй гэж үү. Нөгөөтээгүүр, шинжлэх ухааны нэр, томьёог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатайг харуулж буй юм. Брайль үсгээр илэрхийлэхдээ давхардмал утга илэрхийлэхгүй, төөрөгдөл үүсгэхгүйгээр хийх ёстой болно. Энэ нь дан ганц багшаас хамаарах асуудал биш юм. Судалгааны бүхэл бүтэн баг ажиллаж байж, энэ хэрэгцээг нөхөж чадна. “Тэгш хамран сургах боловсрол” хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг тэгш хангахад чиглэсэн байдаг. Тиймээс уг хөтөлбөртэй холбон ажиллаж болох юм. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг ямар ч бэрхшээл хязгаарлах ёсгүй. Тиймээс л бид хамтдаа гарц хайж, шийдэл олох учиртай.
Эцэст нь, брайль үсэг нь зөвхөн боловсрол эзэмших хэрэглүүр бус, нийгмийн харилцаанд оролцоход ч дэмжлэг үзүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Боловсрол бол нийгмийн аль ч цаг үед хөгжлийн тулгуур багана, хана, туурга нь байсаар ирсэн. Хөгжье гэвэл ирээдүй болсон хүүхэд, залуусаа дэмжих хэрэгтэй. Энэ бол зөвхөн төрийн хүлээх хариуцлага биш. Монгол хүн бүрийн хүлээх үүрэг.
Монголчууд хэзээнээс нэгнээ тэтгэж, дэмнэж хоршиж амьдарч ирсэн түүхтэй. Нэг нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж гэмээ нь хорвоо нөхөгддөг жамтай. Хөгжлийн бэрхшээлээс болж хэн ч нийгмээс гадуур үлдэх ёсгүй. Тэд нийгмийн гишүүн болохынхоо хувьд бүхий л төрлийн үйлчилгээг хүртэх эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон, бас баталгаажсан. Ингэхийн тулд бид бололцоог нь бүрдүүлж өгөх л ёстой. Жишээ нь, нийтийн тээврээр зорчих, явган хүний шар тэмдэглэгээтэй замаараа аюулгүй явах, мэдээлэл хайх, суралцах гээд л суурь хэрэгцээг нь хангахад анхаарах ёстой юм. Өнөөдөр техник технологи эрчимтэй хөгжиж, интернетийн хэрэглээ огцом нэмэгдэж буй хэдий ч харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд мэдээлэл хүлээн авах, боловсруулах, түгээх явц хязгаарлагдмал хэвээр байна. Энэ хорвоо дээр зөвхөн хүн л амьдардаггүй гэдэг шиг бид нэг нэгнийхээ хэрэгцээг ойлгох нь чухал. Түүнчлэн бид, бас тэд хэмээх ойлголт байхгүй бөгөөд бүгдээрээ л хүн төрөлхтний нэгэн хэсэг билээ.
А.Тэмүүлэн