АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа хос алтан медаль хүртлээ. Долоо хоногийн турш үргэлжилж буй олон улсын томоохон тэмцээнд тэрбээр 90-95 насны ангилалд 60 болон 800 метрийн гүйлтийн төрөлд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв. Ц.Раднаа энэ тэмцээнд нийт зургаан төрөлд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 200, 400, 1500 метрийн гүйлт болон гурвын харайлтын төрөлд мөн өрсөлдөх юм. Дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг тэрбээр олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг удаа дараа гаргаж буй ахмад тамирчин билээ. 2023 онд түүний амьдрал, замналд тулгуурлан бүтээсэн “Цагаан зээрийн янзага” баримтат кино нээлтээ хийсэн нь олны анхаарлыг ихэд татсан.
Л.Ням