Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахад дэмжлэг хүсэж, Засгийн газраас ЮНЕСКО-д хандсан билээ. ЮНЕСКО-гоос тус хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэж тодорхой саналууд дэвшүүлсэн юм. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамд хоёр өдөр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд цогц бодлогын үнэлгээ хийж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө мөн хэвлэл мэдээлийн орчныг сайжруулахад чиглэсэн олон улсын хүний эрхийн стандартад нийцсэн хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлж тал бүрийн санал, шүүмж, зөвлөмжийг нэгтгэн хэлэлцэж, бодлогын зөвлөмж боловсруулахад хэлэлцүүлгийн гол зорилго оршиж буй аж. Тодруулбал, олон улсын шинжээч, Канадын “Хууль ба ардчилал төв”-ийн гүйцэтгэх захирал Тоби Мендел гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд өөрийн боловсруулсан зөвлөмжийн талаар тайлбар хийн, санал солилцжээ. Мөн үндсэн илтгэгчээр “Глоб Интернэшл” төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл ба хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Ч.Болор