Пиардаж, “попорч” ажлаа хийдэг, сошиалд хамгийн идэвхтэй улс төрчдийн нэг бол Б.Бат-Эрдэнэ. Тэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (одоогийн Монополын эсрэг газар)-ын дарга байхаасаа л иргэдийн санал, шүүмжийг сонсох, ил тод, нээлттэй байх нэрээр сошиал орчинд өөрийгөө дөвийлгөн сурталчилж, олонход таалагдах дүр бүтээх гэж оролдож эхэлсэн. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болсон ч энэ зангаа тавилгүй аахар шаахар асуудлаар “попрох”, тодрох оролдлого тасралтгүй хийж байв. Харин одоо тэр хууль тогтоогчийн хувиар гавьтай хийсэн, санаачилсан зүйлгүй ч “126 парламент” хэмээх нэвтрүүлэг хөтөлж, танхимынхаа бусад гишүүнийг байцаадаг ажилтай болов. Мөн олны анхаарал татсан аливаа нэг асуудлаар үе үе лайв хийдэг “чухал” ажилтай. Иймд олон нийт түүнд лайвчин, сэтгүүлч-гишүүн гэдэг шинэ нэр өгөөд байна.
Б.Бат-Эрдэнэ түүх судлаач, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. “Улаанбаатар” их сургуульд энэ чиглэлээр бакалавр, магистрын хөтөлбөрт суралцаж, хожим “Отгонтэнгэр” их сургуульд эрх зүйчээр бакалавр, МУИС-д улс төр судлалаар докторын зэрэг хамгаалсан. 2003-2012 онд “Силк роуд трейвел” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан бол 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд даргын алба хашсан юм билээ. 2018 оноос нийгэмд илүүтэй танигдаж эхэлсэн гэхэд болно. Энэ үеэс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2020-2022 онд ШӨХТГ-ын дарга, 2022-2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын алба хашсан. Улмаар 2024 оны парламентын сонгуульд IV тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймагт МАН-аас нэр дэвшсэнээр төрийн эрх барих дээд байгууллагад анх удаа сонгогдсон.
Тэр БОАЖ-ын сайд байхдаа үр дүнтэй ажилласан, олон өөрчлөлт, шинэчлэл хийсэн гэж өөрийгөө дөвийлгөдөг, өрөөлөөр ч ингэж магтуулдаг. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Монголд зочлох жил” санаачилгын үр дүнг өөртөө хамаатуулах гэж хамгийн их оролдсон. Монгол Улс 2023 онд түүхэндээ анх удаа 650 мянган жуулчин хүлээн авч, “утаагүй үйлдвэрлэл”- ийн салбараас нэг тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн нь өөрийнх нь ач гавьяа мэтээр ярьдаг. Угтаа энэ бол төрөөс хэрэгжүүлсэн ажлын л үр дүн юм.
Сайдын ажлыг Б.Бат-Эрдэнэ сайн хийсэн үү гэвэл үгүй. Байгаль орчны тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр юу ч хийгээгүй. Утааны эсрэг үр дүнтэй ажиллаагүй гэдэг үндэслэлээр сайдын суудлаас огцорсон хүний оронд томилогдчихоод “Агаарын бохирдол яаманд хамаагүй, бид бодлого хэрэгжүүлдэг” хэмээн хариуцлагаас бултаж, гүрийсээр бүрэн эрхийнхээ хугацаанд дорвитой зүйл амжуулаагүй. Харин одоо “Намайг сайдаар ажиллаж байх үед утаа арай ч ийм байгаагүй” хэмээн тавлаж суугаа. Тэр сайд байхдаа хориглох, хязгаарлах, халаа сэлгээ хийх зэргээр лөөрийгөө сонгуульд нэр дэвшүүлэх бэлтгэл ажлуудыг гарамгай гүйцэтгэсэнгэлтэй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст хэдийн эзлэгдсэн Богдхан ууланд газар олгохыг хориглосон шийдвэр гаргаж, шударга бустай тэмцэгчийн дүр бүтээсэн. Яамандаа “цэвэрлэгээ” хийх нэрээр танил, ойр дотнын хүмүүстээ албан тушаалын бялуу хүртээсэн гэлцдэг. Ойр тойрныхон нь түүнийг “Хотод тогтдоггүй, хөдөө хөхөрч, гадаа гандаж ажилладаг сайд” гэж сурталчилж байсан юм. Харин тэр энэ үед төсвийн мөнгөөр сонгуулийн бэлтгэлээ базааж, “тойргоо усалж” байв. 2020 онд үүсгэн байгуулсан “Бат-Өлзийн Бат-Эрдэнэ” сангаараа дамжуулан хүүхэд, залуусын тархийг угааж, саналыг нь худалдан авах ажлууд хийсээр ирсэн гэхэд хилсдэхгүй. Энэ бүхний үр дүнд Б.Бат-Эрдэнэ хойд бүс нутгаас саналынхаа дүнгээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн сонгогдсон юм. Тэр сонгогч олны итгэлийг дааж, сошиалд“попрох”-оос илүү гарч ажиллаж чадах болов уу.
Н.Мишээл