Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Монгол Улс, БНХАУ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр баталлаа. Ингэснээр 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдсэний эцэст энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудал эцэслэн шийдвэрлэгдэв. Энэ нь 70 жилийн дараах хоёр дахь хил холболтын төмөр зам болж байна. Бүтээн байгуулалтыг энэ оны 5 дугаар сард эхлүүлж, 2027 онд багтаан дуусгана. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж, боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 165 саяд хүргэх, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр тооцоолжээ.