“УИХ-ын гишүүн бол бүх ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн Үндсэн хуулийн 23.1-т заасан байдаг. Гэхдээ сүүлийн хэдэн жилд Үндсэн хууль өөрөө хоосон бэлгэдэл болж хувирчээ. Энэ чухал бичиг баримтад тунхагласан иргэний эрх, эрх чөлөөг МАН-ынхан бага багаар хумьсаар өнөөдөр Монгол Улс автократ дэглэмд шилжиж буй орны тоонд оров. Ардчиллыг боомилж буй уг олсоо тус намын дарга улам бүр л чангалахыг хүсэж байна. Хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн УИХ-ын гишүүн бүрийн нэр хүндийг унагах, гүтгэлэг тараах, эсвэл хувийн мэдээлэл, аюулгүй байдалд нь тролл армиар дамжуулан халдаж, заналхийлдэг болсон. Одоо тэгвэл МАН-ынхан УИХ дахь намын бүлгийн гишүүдээ албан ёсоор товчлуур дарагч “робот” болгохоор шийджээ. “Та өөрийн үзэл бодлоор биш, намын бодлогын дагуу саналаа өгнө. Дэмжвэл 10 оноо өгнө, дэмжихгүй бол хасна. Нийт иргэний биш, намын эрх ашиг л чухал” гэсэн агуулга бүхий төслийг өнгөрсөн даваа гаргийн МАН-ын бүлгийн хуралд танилцуулсан байна.
Халдашгүй байдал бэлгэдэл болжээ
Бүлгийн гишүүний үнэлгээний журмын төслийг МАН-ынхан өнгөрсөн жилээс эхлэн боловсруулсан аж. Үүнд бүлгээр дэмжсэн аливаа хуулийн төслийг нэгдсэн чуулганаар оруулах үед гар өргөн “ногоон гэрэл”-ээр явуулсан гишүүнд +10, дэмжээгүй бол -10 оноо өгөхөөр тусгасан байна. Хамгийн олон оноо хасуулсан хүнд цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, ямар нэг албан тушаалд томилохгүй гэнэ. Мөн сонгуульд нэр дэвших “виз” олгохгүй нь. Илт буруу, дэмжмээргүй зүйл байсан ч ирэх сонгуульд нэр дэвших боломжоо хаалгахгүйн тулд гар өргөх хэрэгтэй. Ийнхүү УИХ-ын гишүүний халдашгүй байдал, цаашлаад Үндсэн хуулиар олгосон сонгогдох эрхэд МАН-ын бүлэг халдахыг оролджээ.
Хамгийн бага оноо авсан буюу олон удаа эсрэг санал өгсөн, өөрийн байр суурьтай байсан гишүүнд эхлээд сануулга өгнө, гурваас дээш удаа үгэнд ороогүй бол дээрх байдлаар хариуцлага тооцох аж. Нэгэнт албан тушаалд оччихсон гишүүн бол араа бодоод зүгээр л толгой дохиод, товчлуур дараад суухгүй бол “хусагдана” гэсэн үг. Бүлгийн “бодлого”-оор батлуулах ёстой хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгөөгүй хүн бас оноогоо хасуулна. Энэ хэсэг нь чуулганы ирцийг сайжруулахад дэмтэй юм даа. Хэнэггүй, УИХ-ын гишүүний үндсэн эрх, үүргээ үл ойшоодог, хурлаа тасалдаг хүмүүс ирэх сонгуулиар улирч нэр дэвшихийн тулд ажлаа таслахаа болих нь байна.
Үндсэн хуульд заасны дагуу парламент бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага мөн. Гэвч одоо дагалдагч байгууллага л болж хувирчээ. Манай улсад төрийн эрхийг Ерөнхий сайд буюу Засгийн газар нь барьдаг болчхоод байна. УИХ-ын гишүүний тоог 50-иар нэмсэн ч сөрөг хүчин байхгүй, АН, ХҮН намынхан хамтарсан Засгийн газарт ороод, амаа үдүүлсэн. Одоо УИХ-д үзэл бодлоо зоригтой илэрхийлдэг, бурууд нүд хурц гишүүн гарын таван хуруунд багтам л бий. Уг нь гишүүн аливаа хууль, тогтоолын төсөл, асуудлаар байр сууриа илэрхийлэхэд зориг хэрэггүй юм. Гэвч сөрж дуугарсан бүхнийг нийгмийн сүлжээ, зарим сайтаар дамжуулан гүтгэдэг, дайрдаг, нэр хүндийг нь унагахаар улайрдаг учраас гишүүд чуулганы танхимдаа үг хэлэхээс ч эмээдэг болсон байна. Үүний тулд зориг шаардтал айдаст автуулжээ. Сөрөг хүчин явсан АН, ХҮН-ынхныг ингэж гарын аясаар хөдөлгөж байхад өөрийн намынхан нь бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөөлөн боорцог биз. Тиймээс л Үндсэн хуулиар тунхагласан УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг үл тоон, улсын, нийтийн биш, зөвхөн намын эрх ашгаа нэгдүгээрт тавь, товчлуур дар гэж тулгаж байна. Тус нам өнгөрсөн сонгуулиар гадаадад боловсрол эзэмшсэн, шинэ залуу, салбар бүрийн шилдэг хүмүүсийг жагсаалтаар гишүүн болгосон гэдэг. Гэвч МАН-ын тэдгээр хүнээс өнөөдөр ялгарч, өөрчлөхийн төлөө дуугарч байгаа нь алга. Үнэндээ тэдний зарим нь намын даргынхаа гоё яриа, амлалтад хууртсанаа сүүлийн үед илүү сайн ойлгож буй байх. УИХ-ын гишүүн болтол өөрийн үзэл бодлоор аливаад хандаж, чөлөөтэй ярихыг нь хориглон, зөвхөн товчлуур дараад суух дарамтад орох нь. Ийнхүү “хулхидуулсан” гэдгээ МАН-ын жагсаалтын нэгээр УИХ-ын гишүүн болсон Г.Лувсанжамц сая нэг юм ойлгожээ. Тэрбээр “Энэ бол УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж байгаа явдал. Бүлгийн дэмжсэн хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд ямар санал өгснөөс хамааран оноо тавина гэдэг нь намын эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэл гэсэн үг. Олон гишүүн эсэргүүцсэн учраас дахин боловсруулж, ирэх долоо хоногт оруулж ирэх байх. Намайг намын жагсаалтад оруулахдаа салбараа хөгжүүлэх, утаа, түгжрэлийг шийдэхэд мэргэжлийн хүний оролцоо хэрэгтэй байна гэсэн болохоос бүлгийн шийдвэрийг дагах ёстой гэж яриагүй” хэмээжээ. Мөн Х.Булгантуяа гишүүн “Бүлгээс чиглэл өгөөд түүнийг нь товчлуур дарж дэмжээд байж болохгүй. Олон ургалч үзэл байх ёстой. Засгийн газрын гишүүдээ л нэг үзэл санаатай байлгана биз” гэсэн байна. Харин намын даргынхаа үнэнч зүтгэгч нар бол дээрх төслийг хөл, гараа өргөн дэмжиж байна. Ингэхдээ жагсаалтаар сонгогдсон гишүүдийг илүү ялгаварлах хандлага гаргажээ. Гишүүн Ц.Сандаг-Очир “Олонхын шийдвэрийг цөөнх нь дагадаг зарчимтай. Ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүдэд намын бүлгийн бодлого чухал. Тэд бол урилгаар, ямар ч төсөв гаргахгүйгээр нэр дэвшиж гишүүн болсон. Ийм давуу эрхтэйгээр сонгогдсон гишүүн намын бодлого дээр илүү нэгдэх ёстой” гэжээ. Түүнийхээр жагсаалтаар сонгогдсон гишүүд нийт ард түмний биш, намын эрх ашгийг илэрхийлдэг аж.
Улсын их хурлын тухай хуулийн 4.1-т “Парламентын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно” хэмээн заасан нь бий. Гишүүд нь хуульд заасан бүрэн эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлж байж л энэ заалт бодит болно. Гэтэл тэр боломжийг нь хаахаар, цаашлаад УИХ-ын бүрэн эрхэд эрх баригч нам нь халдахаар “заналхийлж” байх юм.
Нэг үзэл бодлыг тунхаглагч
Ардчилсан улс оронд иргэд нь ч, УИХ-ын гишүүд нь ч, хэвлэл мэдээллийнхэн ч аливаа асуудалд олон ургалч үзлээр ханддаг. Тийм эрх чөлөө, боломжийг нь бүрдүүлсэн байдаг юм. Тэгж байж амьдралд ойрхон, зөв шийдвэр гаргана, алдаа, оноогоо дэнсэлнэ. Мөн төр удирдаж буй хүмүүс нь хийж байгаа ажлаа олон нийтэд ил тод тайлагнадаг, сэтгүүлчдэд нээлттэй хариулт өгдөг байх ёстой. Харамсалтай нь, энэ нээлттэй, ил тод зарчим Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед алдагдсан. Тэр хэзээ ч сэтгүүлчдийн шууд асуултад хариулдаггүй. Хөшигний араас ажилладаг, ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлж, ярилцлага, тайлбар өгөх бол тэр нь урьдчилан бэлдсэн нэвтрүүлэг л байдаг болсон. Тэрбээр анх 2021 онд Ерөнхий сайд болсны дараа Монгол Улсын найман телевизээр “Мэдээллийн урсгал” нэртэй нэг нэвтрүүлгийг зэрэг цацаж, шоконд оруулсан юм даг. Улмаар үүнээс хойш ийм жишиг тогтоосон. “Улаанбаатараас ярьж байна”, С.Зоригийн аллагатай холбоотой гэх мэт олон нэвтрүүлгийг нэр бүхий телевизүүдээр зэрэг цацсаар ирэв. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийн гэсэн байр суурь, өнцгөөр асуудалд ханддаг, бие даасан байх учиртай. Гэхдээ одоо бэлдсэн нэг нэвтрүүлгийг яг ижил цагт цацахаас цааргалахаа ч больжээ. Энэ бол үзэгчдэд сонголт өгөхгүй, тулгаж буй хэлбэр юм. Мэргэжилтнүүд үүнийг мэдээллийн хүчирхийлэл хэмээн тодорхойлдог. Ийм зарчмаараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээ хайрцаглаж, нэг үзэл бодолтой, бүхнийг бүлгийн бодлого гэж хардаг болгохыг хүсэв бололтой. Уг нь УИХ мэтгэлцээний талбар байх учиртай.
Ингэж бүлгийн шийдвэрийг гишүүдээр хүчээр дэмжүүлэх гэсэн оролдлогын ард өөр олон эрх ашиг нуугдаж буй. МАН-ын, нэр бүхий улс төрчдийн эрх ашигт нийцсэн, Ерөнхий сайдын таалалд орсон ямар ч асуудлыг мундагдаад л дэмжүүлнэ гэсэн үг. Үнэмлэхүй олонх байхдаа тус намынхан Үндсэн хуульд хоёр удаа ойрхон өөрчлөлт оруулсан. Хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ базааж, уг хуульд дахин гар хүрэхээр төлөвлөж буй тухай хэдэн сарын турш л ярьж байна. Дотроо талцаж, зарим нь өөрийн толгойгоор асуудалд хандаж мэдэхээр байгаа учир албадан “хайрцаглах” аргаар замаа засаж байж ч мэдэх. Тиймээс уг журмыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүлээн зөвшөөрвөл гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, ардчиллын гол зарчмуудыг хувийн жижигхэн амбиц, шуналынхаа төлөө арилжсан болно. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө УИХ-ын гишүүдэд ч адилхан шаардлагатай. “Робот” болж хувирахаасаа өмнө хэрээс хэтэрсэн энэ мэт алхмыг зогсоох учиртай. Тус намын 63 гишүүний дунд эрүүл ухаантай, хараат бус байдал, үг хэлэх эрх, үзэл бодлоо хамгаалах зоригтой хүн хэр олон гарахыг харж байя. Үндсэн хуулийн үнэ цэнийг унагаж, бүхний дээр ганц МАН л байдаг болгохоор зүтгэж байгаа эл оролдлогыг зогсоох хүмүүс эрхбиш гарна гэж найдна.