Хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болсон 14 мега төслийн хувь заяа тун бүрхэг буй. Төсөв санхүүгийн бэрхшээлээс болоод ажлыг нь товлосон хугацаандаа эхлүүлж чадах, эсэх, ер эдгээрийг гараанаас “хөдөлгөж”, тууштай үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг нь эргэлзээ дагуулах болсон. Дээр, дооргүй эдийн засгийн хямрал, төсвийн зардлаа танаж хасах, арвилан хэмнэх талаар ярьж буй энэ үед хөдөө аж ахуйн салбарт л мега төслүүдээс дутахгүй их хэмжээний санхүүжилттэй нүсэр аян, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна.
Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан “Эрүүл хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс болох” зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд багагүй мөнгө урсгасан. Эдгээрийг хэрэгжүүлэх шаардлага үнэхээр байсан уу, зарцуулсан хөрөнгөнийх нь хэмжээгээр үр дүн гарсан уу гээд харвал туйлын чамлалттай. Ийм атал Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт бас нэгэн нүсэр аян хэрэгжүүлж, бараг нэг их наяд төгрөг салхинд хийсгэхээр төлөвлөж байна. Энэ бол газар тариалангийн салбарыг дэмжих “Атар-IV” аян юм. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөгжлийн зүтгүүр, хөдөлгөгч хүч гэж тодотгосон дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ санхүүжүүлж хүчрэхгүй байж хөдөө аж ахуйн салбарт хэр чадлаасаа давсан их хэмжээний хөрөнгө хүч хаях болов.
“Хоёр туйлт” шийдвэрүүд
“Атар-IV” аяны гол зорилго нь газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, байгалиас өгөгдсөн боломжит нөөцийг ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах гэнэ. Яг үнэндээ газар тариалангийн салбарыг өнөөдрийн хямралд хөтөлж, тогтвортой хөгжих боломжийг нь бодлогоор хязгаарлаж ирсэн хүмүүс бол эрх баригчид шүү дээ. Одоо ч тэд “хоёр туйлт” бодлого хэрэгжүүлж байгаа. Уншигчид санаж буй бол манай улс мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилыг 2024 оны хавар импортын татваргүй болгосон. Зудаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах зорилготой гэх Засгийн газрын уг шийдвэр угтаа хөдөө аж ахуйг хөл дээр нь босгох бус, түүний гол салбар болсон газар тариаланг хямралын гүн ангалд унагаасан. Энэ шийдвэрээс болж 2024 онд тариалан эрхлэлт, ургацын хэмжээ үлэмж буурч, дотоодын гурилын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүйд хүрч, зарим нь хаалгаа хүртэл барьсан билээ. Үйлдвэрлэгч бус, хэрэглэгчийн статустай, импортоос хэт хараат улсын хувьд гол нэрийн хүнс үйлдвэрлэгч 3-4 аж ахуйн нэгж хаалгаа барина гэдэг бол асар том гарз хохирол юм. Ялангуяа төр нь дотоодын үйлдвэрүүдээ буланд шахаж, дампууралд хөтлөх ажлыг гардаж хийнэ гэдэг нь байж боломгүй зүйл.
Манай улс хэдхэн хоногийн өмнө Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулчихлаа. Ингэснээр Европын Холбооны улсуудаас хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүнийг татваргүй импортлох гэнэ. Үүнд нь мөн л улаанбуудай багтаж буй. Ийм хэлэлцээр хийснээр дотоодын улаанбуудайн нийлүүлэлт, үйлдвэрлэл одоогийнхоос 50 орчим хувиар буурах эрсдэлтэйг Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Л.Баяртулга анхааруулсан. Газар тариалангийн салбар улам хүнд байдалд орно гэсэн үг. Манай Засгийн газар сүүлийн нэг жил орчмын хугацаанд л гэхэд тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрүүддээ ямар их гай балаг тарьсныг эл шийдвэрүүдээс харж болно. Харин одоо тэд аврагчийн дүрээр “Атар-IV” аян хэрэгжүүлэхээр гарч ирлээ. Аврах гээд байна уу, “алах” гээд байна уу, үнэндээ ойлгох юм алга.
Нүсэр төсөв
Атрын аяны хүрээнд тариалан эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж эхэлснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр уржигдар мэдээлэв. Зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулж улсын төсөвт эхний ээлжид 52.8 тэрбум төгрөг тусгасан гэдгийг тэрбээр энэ үеэрээ онцлон дурдсан. Гэхдээ энэ бол аяны нийт санхүүжилттэй харьцуулбал мөсөн уулын орой төдий дүн юм. Засгийн газар “Атар-IV” аяны хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээлд 350, хөрөнгө оруулалтын зээлд 450, нийт 800 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эргэлтийн хөрөнгийн буюу аж ахуйн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаа (цалин, түрээс, түүхий эдийн зардал зэрэг)-г санхүүжүүлэх зээл нь 24 сарын хугацаатай, 17 хувийн хүүтэй байх бол Засгийн газрын хариуцан төлөх хүүгийн хэмжээ нь 10 хувь гэнэ. Өөрөөр хэлбэл, зээлдэгч долоон хувийг нь, төр 10 хувийг нь хариуцна гэсэн үг. Харин хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа нь 48 сар, зээлийн хүү нь 18 хувь. Төр хариуцан төлөх хүүгийн хэмжээ нь мөн л 10 хувь байх юм. Үндсэндээ газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр аж ахуйн нэгжүүдэд 800 тэрбум төгрөгийн зээл олгох нь. Үүний цаана хөрс, ургамал хамгаалал, кластер, хоршоо байгуулах зэрэг ажилд улсын төсвөөс цаашид багагүй мөнгө тогтмол хуваарилах юм билээ. Мөн аянтай холбоотой маркетинг, сурталчилгаа хийх, мэдээлэл түгээхэд ч чамлахааргүй хэмжээний хөрөнгө хаях нь тодорхой. Мэргэжлийн редакцгүй, сураггүй, мөнгөний гэж хэлж болохуйц сайтууд уг аяны мэдээллийг уулгалан түгээгээд эхэлсэн. Тэд газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх аяныг тэгтлээ сонирхож, “шохоорхож”, мэдээллийг нь үнэ төлбөргүй давлагаалан түгээх нь юу л бол. Энэ бүхнээс харахад “Атар-IV” аянд багаар бодоход нэг их наяд орчим төгрөг зарцуулах нь тодорхой байна.
Хяналт, хариуцлага, ил тод байдал алга
Уг аяныг санаачлагч, хэрэгжүүлэгчид газар тариалан эрхлэгчид, бизнес эрхлэгчдэд орон гүрэнд байхгүй онцгой боломж, таатай нөхцөлтэй зээл олгоно хэмээн ярьж байна. Харин энэ салбарт олон жил ажилласан, жаргал, зовлонг нь сайн мэддэг хүмүүс тэрбум тэрбумын зээл нэг удаа олгохоос илүү тариалан эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэх нь л чухал гэж үзэж байгаа юм. Аливаа нэг бизнес, салбарын үйл ажиллагааг дэмжих зорилготой зээл, тусламж жинхэнэ эздэдээ хүрэлгүй хэрхэн нохойн замаар ордгийг тэд хэн хүнээс илүү сайн мэдэх учир ийнхүү хаширлаж буй хэрэг. Улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүс ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сан (хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гийн хөрөнгөөр хэрхэн найрлаж, дураараа дургисныг бид мартаагүй. Уг сангаас дэмжлэг авсан 15 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж зээлээ хугацаандаа төлөөгүйгээс улсад 240 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн нь ил болж, нийгэмд дуулиан тарьсан нь саяхан шүү дээ. Хөдөө аж ахуйн салбарт одоо хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Хүнсний хувьсгал” зэрэг аяны хүрээнд олгодог зээл, тусламж ч ийм байдлаар замхарч, хэрэгтэй хүндээ хүрэхгүй байгааг учир мэдэх хүмүүс шүүмжилдэг.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд гэхэд мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор өнгөрсөн хугацаанд 3000 гаруй иргэнд 1.2 их наяд орчим төгрөгийг зээл хэлбэрээр тараасан. “Атар-IV” аяны хүрээнд олгох зээл ч үүний араас орохгүй гэх баталгаа байхгүй. Үндсэндээ хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр цөөдөөгүй, зарцуулсан мөнгө багадаагүй. Гагцхүү хариуцлага тооцдог, хатуу хянадаг тогтолцоо, хөрсөн дээр буухуйц дэмжлэг бүхий бодлого л үгүйлэгдэж байна. Атрын аяныг анх улс нийтээр өрнүүлж, үүнд өргөн олон нийт, залуучуудыг татан оролцуулж байсан цаг үед энэ санаачилга газар тариалангийн салбарын хөгжилд бодитой дэмжлэг болсныг үгүйсгэхгүй. Харин үүнээс хойших аянууд үр дүнгээ өгсөн, эсэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед дөрөв дэх үе шатыг нь хэрэгжүүлэхээр болсон нь тохиромжтой юу гэдэг нь эргэлзээ дагуулж байна.